М.ЭНХСАЙХАН: ДАРАНГУЙЛАГЧ БИЙ БОЛСОН ГАЗАР АМЬДРАЛ САЙХАН БАЙХ БОЛОМЖГҮЙ


Монгол Улсын Ерөнхий Сайд асан Мэндсайханы Энхсайхан АН-ын ээлжит бус XIII их хуралд хүндэт зочноор уригдан оролцох үеэрээ ОХУ, Украины дайнтай холбоотой байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрээр Украины Киев хотын Эдийн засгийн дээд сургуулийг олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Иймд тэрээр өөрийн үзэл бодлынхоо дагуу  ОХУ-ын түрэмгийллийг  эсэргүүцэж, Монголд амьдарч буй укриан иргэдтэй хамт эсэргүүцлийн жагсаалд нэгдэж байсан юм. Ингээд  түүний хэлсэн үгийг хүргэе. 

"Ер нь Орос, Украины асуудлаар Монголын нийгэм хуваагдмал байдалтай байгаа. Энэ бол амьдрал. Гэхдээ хоёр хуваагдсан байдлыг ялгаж харах юм бол нэг хэсэг нь айдсаараа ялгарсан байгаа. Нөгөө хэсэг нь үнэт зүйлээрээ ялгарсан байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалаа эргээд сана. Бид айдсыг давж байсан. Энэ айдас Монголын нийгэмд гүн шигдээстэй байгаа. Монголчууд бид Ерөнхий сайд нараа Зөвлөлт улсад цаазлуулж байсан. Олон мянган лам хуварга, сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тийм учраас энэ айдас гүнзгий суусан гэдгийг би ойлгож байна. Гэхдээ 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар бид айдсаа давж, эрх, эрх чөлөөнийхөө төлөө босож байсан шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр шалгалт өгөх болчихжээ. Хувь хүн ямар үнэ цэнтэй юм? Ямар үнэлэмжтэй юм гэдгээрээ шалгалт өгөх болчихож. Түүнтэй адилхан улс төрийн намууд, байгууллагууд шалгалт өгөх болчихсон байна. Улс орон юуны төлөө байгаа вэ? гэдгээрээ шалгалт өгөх болчихсон байна. Харамсалтай нь өнөөдөр Орос цэргийн хамаг хүчээрээ хөрш орнууд руугаа заналхийлдэг болж.  Түүнийгээ ч үзүүлж, Украин руу дайрч, энгийн номхон иргэдийг устгаж байгааг та бүхэн нүдэн дээрээ харж байгаа. Энэ бол нэг өдөрт болчихсон зүйл биш ээ. Их урт, удаан хугацаанд энэ могойн үр бойжиж байсан.  Энэ халдан түрэмгийллийг үйлдэж байгаа Путины дотор Сталин ч байна, Гитлер ч байгаа гэдгийг хэлмээр байна. Гадаад бодлого талаасаа бусад орныг эзлэн түрэмгийлэх асуудлыг Гитлер сэдэж байсан бол өөрийн ард түмнээ хавчин гадуурхаж, устгадаг, сөрөг хүчнээ дардаг Сталинч байр суурь Путины дотор бий болжээ. Дарангуйлагч бий болсон газар амьдрал сайхан байх боломжгүй.

Дарангуйлагч бий болох хоёр нөхцөл байдаг гэж эрдэмтэд бичдэг. Тахин шүтдэг ард түмэн байх ёстой. Мөн тэр удирдагч параной өвчтэй байх ёстой. Энэ хоёр шинж тэмдэг хоёулаа цогцолчихоод байна. Өнөөдөр Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дайныг эсэргүүцсэн хүн бүр баривчлагддаг, шоронд ордог. Төрийн дум нь албан ёсны мэдээллээс өөр, Кремльд таалагдаагүй мэдээ цацсан болгоныг 15 жил хорих ял өгөх хууль баталлаа. Энэ бол дарангуйлал тогтсон гэдгийг харуулж байна. Урт ширээний ард гадны удирдагчдыг хүлээж авдаг шинж тэмдэг бол параной өвчтэй гэдгийг харуулж байгаа юм. Украинд болж байгаа үзэгдэл Монголд бий болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас үүнийг хатуу эсэргүүцэж, байр сууриа ил тодоор хүчтэй илэрхийлэх ёстой. 
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=