ЖЕНКО Х.БАТТУЛГАТАЙ ОЙРХОН НӨХӨРЛӨСӨН ХҮМҮҮС СЭЖИГТЭН, АЛУУРЧИН, ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛООД ДУУСДАГ



Женко Х.Баттулгатай ойрхон нөхөрлөсөн  олон хүмүүс түүний хэргийн хамсаатан, хохирогч болоод дуусдаг нь хачирхалтай. Тэрээр хүний гараар могой бариулахдаа тун чадмаг бөгөөд  зөвхөн сүүлийн жилүүдэд гэхэд л арав орчим хүн түүнтэй ойр дотно нөхөрлөж явснаараа хохирч, бүр зарим нь гэмт хэрэгтэн болсон байна. Ингээд олон зүйл нуршилгүй, баримтаар өгүүлье. 

Женко Х.Баттулгын хэрэг хамууд гадаад улс руу оргон зайлаад 6 жил өнгөрчээ

Баримт: 01 2015 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой асуудлаар тухайн үеийн УИХ-ын гишүүн, экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний нөхдийг баривчилж, зармыг цагдан хорьж байсныг санаж байгаа байх. ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын зөвлөх, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилсаар 7 дахь жилийн босгийг давжээ. Төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар ЭЦГ-аас мэдээлсэн. Дээрх таван хүний нэг нь Экс Ерөнхийлөгч Х.Баттулга болж таардаг. 

Женкогийн анд садист алуурчин Б.Махбал суллагдах мөч ойртож байна

Баримт:02 Зам тээврийн хөгж­лийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал ажлын байран дээрээ архидан согтуурч яамныхаа Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнг 2018 оны наймдугаар сарын 09-нд зэрлэг балмад байдлаар зодож, онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн. Энэ алуурчин өмнө нь гэмгүй хүн зодож танхайрахдаа хүний чихийг тас хазаад цустай юутай нь газарт нулимж байсан төрөлхийн садист нэгэн аж. Женко Х.Баттулга Зам тээврийн яамны сайд байхдаа Б.Махбалыг хажуудаа татаж авчиран, шадар туслахаа болгосон. Шүүгдэгч Б.Махбалд шүүхээс ЭХ-ийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэгт 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй шоронд эдлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэрцгий алуурчин давж заалдаад 3 жилээ хасуулсан 10 жилийн ял өвөртлөн шорон луу маршилсан. Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдлээсээ буухаасаа хоёр хоногийн өмнө гэнэт зарлиг гаргаж, ялтан Б.Махбалынхаа эдлээгүй ялынх нь 25 хувь буюу 2,5 жилийн ялыг хөнгөлөн уучлал үзүүлжээ. 

Женког дагасан олимпийн аварга Н.Түвшинбаяр хүн амины хэргээр ял эдэлнэ

Баримт:03 Олимпийн аварга Н.Түвшинбаяр архидан согтуурсан үедээ багын найзыгаа зодож, амь насыг нь бүрэлгэн “аварга” нэрээ “сэжигтэн” Н.Түвшинбаяр болгож, дээлээ нөмрөх хоногийнхоо тоог хүлээж сууна. Н.Түвшинбаяр ямар ч шалтгаангүй Э.Энхбатыг хэрцгийгээр зодож танхайрах үедээ талийгаачийн тархины багана ясыг гэмтээж, хүний тооноос гаргачихаад эмчилгээний зардалд сохор зоос ч төлөөгүй тухай хохирогчийн ар гэрийн ярьдаг. Яллагдагч Н.Түвшинбаярт Хан-Уул дүүргийн прокуророос ЭХ-ийн 11-т зааснаар 8-20 жил хоригдох яллах дүгнэлт шүүхэд шилжжээ. Хүн яаж эвдрэхээрээ ийм болдог байна аа. Хонь шиг номхон, загас шиг дуугүй явсан хөдөөний бор хүү олимпийн аварга болж, хожмоо Женкогийн хуурай дүү болсноор хүн-араатан болон хувирсан ийм бөлгөө.

Женкогийн явуулын станц Асашёорюү “аавын” хаалга хэзээ татах вэ?

Баримт:04 Японы их аварга, сумоч Д.Дагвадорж, Женко Х.Баттулгатай шадар­лаж, түүний “явуулын станц” болсноос хойш нийгэмд сайн мэдээ дуулдахаа болив. Хүн зодлоо гэнэ, төрийн цагдаад гар хүрлээ гэнэ, эхнэрээ хэд хэд солилоо, танхайрлаа гэх мэдээлэл шил шилээ даран сошиол ертөнцөөр хөвөрнө. Бүр сүүлдээ залилангийн гэмт хэрэг үйлдсэн тухай “Live energy” уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл таван жил тасралтгүй заргалдаж яваа. Их аварга Д.Дагвадорж Япон улсад хүртэл залилангийн хэргээр саатуулагдсан тухай мэдээлэл хөвөрсөн. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдэг үнэн ажгуу.

Соёлын сайд асан С.Чулуун дээлээ нөмөрсөн нь

Баримт:05 Соёлын сайд асан С.Чулуун Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. ШУА академич хэргэмийг мань эр хуурамч материал бүрдүүлсэн, залилангийн аргаар олж авсан гээд намтар муутай нэгэн. Соёлын үнэт өвийг хууль бусаар БНХАУ-д худалдаалсан хэргээр экс Соёлын сайдыг ЭЦГ-ын мөрдөгчид шалгаж, гэрт нь нэгжлэг явуулсны дараа цагдан хорьсон. Сэжигтэн С.Чулууны гэрээс түүхийн хосгүй олдвор олдсноор Соёлын экс сайдын хэрэг улам зузаарчээ. Мань эр ч тун удахгүй шүүхийн сандалд сууж, шорон луу ачигдах хоногоо хүлээж сууна. 

Х.Баттулгын зөвлөх төв мөрдөнд олон тэрбум залилсан хэргээр хоригдлоо

Баримт 06: Х.Баттулгыг УИХ гишүүн, сайд байхаас нь 19 настайгаасаа 20 гаруй жил сүүдэр шиг нь дагасан туслах бол Ц.Ууганбаяр. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн банкнаас 117,9 тэрбум төгрөг  луйвардсан хэргээр Хорих-461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Нийгэмд дуулиан тариад байгаа Пирамид орд компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Ц.Ууганбаяр “Шинэ Яармаг” төслийн хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкийг хулхидсан байдаг. Гэхдээ энэ олон тэрбумыг Ц.Ууганбаяр ганцаараа үрэн таран хийгээгүй, хэний заавраар залилан луйвар хийсэн нь ойлгомжтой!

Женког дагасан “чипак”-нууд хүртэл гэмт хэрэгт холбогдсоор явна

Баримт:07 “Ордны тайган” хэмээн нэрлэгдэж явсан З.Энхболд гэнэтхэн Женко Х.Баттулгаас зайгаа барьж, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа сайн дураараа өгсөн. З.Энхболдын оронд Монголын зартай эрүүгийн элементүүдийн нэг “Шөвгөр” Өлзийгийн хүү Шижирийг Женко Тамгын газрын дарга болгосонд олон түмэн гайхаж байлаа. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэгчээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир нь байнга хэрэг төвөгт орооцолдож, эзнийхээ “боовон” чихийг үе үе халууцуулах болов. Жишээ нь Ө.Шижир дарга хадмындаа агсам согтуу тавьж, хаалга үүдийг нь эвдэлж, сүйд хийх шахжээ. Энэ тухайгаа ч мань залуу нийгмээс нуусангүй “Яахав үл ойлголцох зүйл гарсан” хэмээн жиргэжээ.

Мөн Женкогийн дуу хоолой болж явдаг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан гэхэд л МИАТ компаниаас олон сая төгрөг залилсан хэргээр ЭЦГ-аас шалгагдаж байсан ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор энэ хэрэг нам жим болсон. Бас Женкогийн бие хамгаалагч Б.Батзаяа ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр Сонсголонгийн мөрдөнд хэдэн сар суугаад амжсан байх жишээтэй. Бас Х.Баттулгын баруун гар гэгдэх “Херо” Б.Баатар тагнасан чагнасан, бусдын яриаг хууль бусаар бичиж, нийгэмд дэлгэсэн хэргээр шорон луу ачигдах шахсан. Мөн “Херо” Б.Баатар шинэ жилээр “Хүүхдийн төлөө фонд” гэгч арга хэмжээг хууль бусаар зохион байгуулж 2 тэрбум төгрөг олсон, мөнгө угаасан хэрэгт орж байлаа. Ийнхүү Х.Баттулгыг тойрон хүрээлэгчид цус, үхэл хагацлаар хооллож, залилан луйвар хийж, интерполоор эрэн сурвалжлагдаад дууслаа. Муутай нөхөрлөвөл могойн хорлол гэж энэ дээ!!


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=