Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ "ПИРАМИД ОРД" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.УУГАНБАЯРЫГ АТГ-ААС СААТУУЛЖЭЭ



Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбогдсон нэр бүхий удирдлагуудыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байна.  Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Хөгжлийн банкны Дэд захирал Ч.Мөнхбаяр болон тус банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр нарыг цагдан хорих хүсэлт иржээ.  Мөн  тус банкнаас зээл аваад эргүүлэн төлөөгүй,  зориулалтын бус зүйлд зарцуулсан зээлдэгч  "Бэрэн групп" ХХк-ийн захирал Б.Мөнхтөр,  Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Алтай констракшн компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг,  Пирамид орд ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр нарын хүмүүсийг ч мөн цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.  "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК  Хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр бөгөөд тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийн гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь өмнө нь мөн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот  байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж  байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, тэд ажил албан тушаал, бизнесийн хувьд тун ойр дотны хүмүүс болох нь үүгээр харагдаж байгаа юм.  “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр "Нью Яармаг Хаусинг  прожект" ХХК, “Төрийн орон сууцны корпораци”  ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн  байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9  тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй явж байгаа юм.

Ц.Ууганбаяр нь 33 настай 19 настайгаасаа Х.Баттулгатай ойр харилцаатай байжээ. Тэрээр 14 жилийн хугацаанд Х.Баттулгын зөвлөхөөр  ажиллаж байсан нь баримтуудаар нотлогддог. Улмаар Х.Баттулга 2008 - 2012 онд Монгол  Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед Ц.Ууганбаяр нь орон тооны бус  зөвлөхөөр ажиллаж байв. Х.Баттулга 2017 – 2021 Монгол Улсын  Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед мөн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.  

Эдгээр хүмүүсийг АТГ-аас өчигдөр хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулж, үргэлжлүүлэн цагдан хорих саналыг СБД-ийн шүүхэд хүргүүлсэн ч "Ажлын цаг дууссан" шалтгаанаар хойшлуулж, өнөөдөр ийнхүү  хуралдаж байгаа юм байна.  Шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд мэдээллийг эргэн хүргэх болно.   

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=