БНМАУ-ын АИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дашдэмбэрэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Бага Хурлын орлогч дарга, Бага хурлын нарийн бичгийн дарга нарын цалингийн талаарх саналын төслийг хуралдаанд оруулж хэлэлцүүлэв. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн сарын цалинг 2700 төгрөг, Дэд Ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын даргын цалинг 2500 төгрөг, БНМАУ-ын Ерөнхий сайдын цалинг 2500 төгрөг, БНМАУ-ын Бага хурлын орлогч даргын цалинг 2200 төгрөг, Бага хурлын нарийн бичгийн даргын цалинг 1900 төгрөг байхаар саналын төсөлд тусгажээ. Төслийн талаар олон депутат үг хэллээ. Ерөнхийлөгч өндөр үүрэг хариуцлага, мөн бусад орны жишгийг харгалзан цалингийн хэмжээг нэмэх нь зүйтэй гэдэг саналыг үг хэлсэн депутат гаргав. Энд 31 дүгээр тойргийн депутат Д.Дожоодорж Ерөнхийлөгчийн салын цалинг 6000 төгрөгөөр тогтоох санал гаргаж үндэслэлээ тайлбарлав. Дараа нь БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат энэ талаар өөрийнхөө саналыг хэлж төсөлд заасан цалингийн хэмжээг нэмэхгүйгээр баталж өгөхийг депутатуудаас хүсэв. Депутатууд уг саналыг хүлээн авч дахин хэлэлцэж БНМАУ-ын Ерөнхийлөгчийн сарын цалинг 3000 төгрөг, Дэд ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага хурлын даргын цалинг 2500 төгрөг, БНМАУ-ын Ерөнхий сайдын цалинг 2500 төгрөг, Улсын бага хурлын орлогч даргын цалинг 2200 төгрөг, Улсын бага хурлын нарийн бичгийн даргын цалинг 1900 төгрөгөөр тус тус тогтоож батлав. Дараа нь БНМАУ-ын АИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дашдэмбэрэл, БНМАУ-ын АИХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулж явуулсан дүнгийн тухай мэдээлэл хийв. “Тус хуралдаанд байгууллага хамт олон, хөдөлмөрчдөөс ирүүлсэн захидал саналыг ангилан үзэхэд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Улсын Бага хурлын орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд нэр дэвшсэн хүмүүс болон зарим депутатын талаар 250 орчим, хуралдааны ажиллагааны талаар 50 гаруй, сахилга, дэг журмыг бэхжүүлэх асуудлаар 80 гаруй, улс ардын аж ахуйн холбогдолтой 400 шахам санал тавигджээ. Төрийн дээд албан тушаалд сонгогдсон хүмүүст баяр хүргэсэн захидал цахилгаан 500 орчим байв. АИХ-ын депутатууд өөрсдийн санал болон сонгогчдынхоо захиа даалгаврыг уламжилж 150 гаруй захидал хуралдаанд ирүүлсэн байна. Эдгээрт барилга байгууламж бариулах, эмнэлэг, соёл үйлчилгээг сайжруулах, бараа материал, машин тоног төхөөрөмж хуваарилах, нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг аж ахуй, зохион байгууллатын асуудлууд зонхилж байна. Одоогийн байдлаар 85 депутатын уламжилсан 180 орчим санал хүсэлтийг зохих яам, улсын хороо, тусгай газар, аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжүүлээд байна” гэж уг мэдээлэл дурджээ. Хуралдааны дэгийн дараалал ёсоор АИХ-ын анхдугаар хуралдаанаас Монголын парламентын бүлгэмийг 105 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж баталлаа. БНМАУ-ын АИХ-ын дарга Ж.Гомбожав БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг хааж үг хэлэв. Тэр хэлэхдээ, манайд олон намын тогтолцоо бий болж чөлөөт ардчилсан сонгуулиар намууд тус улсын парламентад суудалтай болсон түүхэн шинэ үе БНМАУ-ын АИХ-ын анхдугаар хуралдаан болж өнгөрлөө. Монгол Улсын түүхэнд урьд өмнө байсан УБХ, парламентыг эмхлэн байгуулах ажил Үндсэн хуулийн нэмэлтийэ тухай хуулийн хүрээнд болов. АИХ-ын депутатууд энэ анхдугаар хуралдаан дээр УБХ, түүний гишүүдийн бие даасан байдал, аливаа асуудалд өөрийн үзэл баримтлалаас гадна төрийнхөө хуульд захирагдаж ажиллах эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлах шаардлага тулгарч байгааг онцлон тэмдэглэж байлаа.
Анхдугаар хуралааны үед депутатууд зарим бичиг баримтын төсөл тараасан. Уг төслийн үг, үсэг нэг бүрийг нягтлан боловсруулах талаар депутат бүр жигд ажиллаагүйг энд бас зориуд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна гээд эцэст нь анхдугаар хуралдааны ажиллагаа хаасныг мэдэгдэж депутатуудад төрийн албандаа их амжилт гаргахыг хүсч, ард түмний төлөө хүссэн хүсэл бүр нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөв. Ийнхүү БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан есөн өдөр үргэлжилж, орой 21 цаг 30 минутад өндөрлөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.