ХӨЛБӨМБӨГИЙН ХАМГИЙН ЦАРАЙ МУУТАЙ ТОГЛОГЧ ЛУКА МОДРИЧ



“ОХУ 2018” тэмцээн дуусах дөхөж байлаа. Хагас шигшээгийн Англи, Хорватын тоглолт дээр ихэнх хүн Английн баг дээр бооцоо тавьсан биз ээ. Англичууд  Бразилийн шигшээ багтай таарахгүйн тулд нөгөө хөнгөхөн хэсэгт орох тактик баримталсан баг. Харин Хорват хоёр тоглолт дараалан нэмэлт цаг, пенальтид тулалдсан тул илүү ядарсан нь ойлгомжтой. Тоглолт эхлээд л англичууд хаалттай цохилтоос гоол оруулсан. Киран Треппьерийн гайхалтай цохилтыг Субашич яаж ч чадсангүй. Тэргүүлж эхэлсэн Английн баг тоглолтыг хянаж, хор­ват­чуудын довтолгоо эхний 30 минутад нэг л болж өгсөнгүй. Харин сүүл хэсгээс хорватчууд дайрч, ангичууд хамгаалалт асуудалтай нь мэдэгдэв. Ядарч цуцсан байх, “хөгшин” Хорватын шигшээ баг тун хурдтай байсан бол залуухан Английн баг сууж эхэллээ. Иван Перишич 68 дахь минутад Уокерийн мөргөх гэж байсан бөм­бөгний урдуур орон гоол хийж, тооны харьцааг тэнцүүллээ. Иван Перишич дахиад гоол хийж болох байсан ч бөмбөг хөндлөвч оносон. Үндсэн цагт Хорватын баг илүүрхсэн ч англичууд тэсэн гар. Нэмэлт цагт “хөгшин” гэгдэж байсан хорватчууд илүү тоглосон хэвээр байж, Марио Манжукич багийн гол довтлогч гэдгээ чухал үед харуулан, ялалтын гоолыг оруулсан юм. Харин Английн багт ийм хүн байсангүй. Хорватын багийн ахлагч Лука Модрич багаа удирдан зохион байгуулахаас гадна зөвлөгөө өгөн, сэтгэл зүйгээр дэмжиж, зоригжуулж байсан учраас тэд ялалтыг авсан юм. Тухай цаг дор 2008 онд Английн “Манчестер” Юнайтед” багт алба хааж байсан Криштиану Роналдуг дэлхийн шилдэг хөл­бөмбөгч хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбоо ЛУХХ зарласан нь түүнтэй энэ зэрэгцэн гялалзах болсон Лионель Месси нарын хооронд шагналын төлөө бүтэн арван жилийг өнгөрөөх сунгааг эхлүүлсэн билээ. Мэдээж тэд шилдгүүд. Зүгээр ч шилдгүүд биш, бусдаасаа гойд ялгарсан шилдгүүд. Гэхдээ хөлбөмбөгийн насжилт 11 жил бусдаасаа онцгойрч наадна гэдэг утгагүй зүйл буюу. Алтанбөмбөг шагнал буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн титемийг энэ хугацаанд тэд тус бүр тав, таван удаа ээлжлэн авч дундуураа нэг ч хүнийг оруулсангүй. Тэр хоёрын эрин эхлэхээс өмнө уг шагналыг Платини, ван Бастен мэтийн томчуул сайндаа л гурван удаа авч байсан юм шүү дээ. Тэрбум хүн наадаж, түүнээс олон хүн сонирхдог хөлбөмбөг гээч наадамд өөр авъяастан алга болчихсон юм уу гэвэл түүн шиг худал зүйл үгүй. 2010 онд Филипп Лам юм уу Мануэль Нойер, 2014 онд Иньеста, голланд залуу Снейдер гээд олон ч хөлбөмбөгчид гялалзаж, Месси, Роналду нарын дээр бичигдэх боломж байсан. гэвчиг ОУХХ сохор мэт царайлсан даа. харин энэ жил тэр хоёрын бууриа зогсчээ. Тэднийг Лука Модрич хэмээн хачин царай муутай, хөлбөмбөгийш өнгөц үзээд хаячихдаг хүмүүс бол огт анзаарахгүй тоглолттой хорват залуу даван гарчээ. Тиймээс түүний талаар жаахан тодруулж ямар гавъяатай авъяастай болохоороо энэ жижигхэн залуу 33 насандаа ОУХХ-ны шилдэг хөлбөмбөгч хэмээн зарлуулах болов оо гэдгийг тайлбарлахыг Балканы хойгт Югослав гэх сайхан улс байлаа. Өнгөрч зууны ерээд онд шашин шүтлэг, гарал үүсэл зэргээсээ шалтгаалан ихэвчлэн славян үндэстэн амьдрах дээрх улс хэд хэд хуваагдсаны нэг нь Хорват. Тэд сал сарнихдаа зүгээр явчихаагүй, Европ тивийг доргитол байлд­сан агаад ийм цаг үед Лука Модричийн бага нас өнгөрчээ. Тэр Хорватын Задар хотноо 1985 онд мэндсэн. Ухаан ороод юмны учир ойлгодог болчихсон байх үед тэр дайн эхэлж жаахан хүүгийн нүдэн дээр өвөөг нь хороож л байсан гэх юм. Өвөөдөө их хайртай, нэрийг нь өвлөж авсан хүүг эцэг эх нь дайны талбараас холдуулж олон ч хотуудаар тэнэн амьдарсан гэлцдэг. Энд нэг сони н зүйл ажиглагддаг юм. Хорват улс өөрөө тавхан сая хүн амтай. Гэхдээ спортын талбарт гаргаж буй амжилт тавин сая хүн амтай цэцэглэн хөгжиж буй улс орнуудаас хавьгүй илүү байдаг. Ийм үзүүлэлтийг сербиүд, словениүд, Косовагийн албинууд гээд бүгдэнд нь нялзааж болох юм. Тэгээд тэд яг одоо волейбол, хөлбөмбөг, усан спорт, сагсан бөмбөг зэрэгт гялалзаж буй авъяасаа тэр үеийн дайнтай холбож “зовлон биднийг хатуужуулсан” гэх нь их түгээмэл шүү. Модричийг бас л тэгж харж болно. Загербын “Динамо” багт анх алба хашиж эхэх үедээ одоогийнх шигээ жижигхэн биетэй туранхай банди байсан тул олон ч багт зээлээр шидэгдэж байлаа. Түүний нэг зовлон нь огт жин, масс нэмж чаддаггүй. Гэхдээ тэр энэ дутагдлаа давуу тал болгож чадсан бөгөөд богино хугацаанд байдлыг тагнаж чаддаг, зөв шийдвэр гаргадаг, довтолгоо, хамгаалалтыг хослоод төгс хийдэг, талбайн төв хэсгийн жинхэнэ эзэн болж чадсан бөлгөө. 2007 онд Хорват улсын шилдэг довтлогч хэмээн зарлуулсны дараа дэлхийн шилдэг багууд түүнийг анзаарах болж тухайн үеийн хамгийн сэргэлэн менежер гэж нэрлэгдэж байсан Даниэл Леви шуурхай хөдөлж 16,5 сая фунт стерлингээр “Тоттенхим”-д авчирч байлаа. Англид байх дөврөн жилдээ Лука гайхалтай байж өөрийгөө нээж өгсөн. Баруун зүүн хөлөөрөө адилхан оновчтой довтолдог болж, ардаа нүдтэй мэт дамжуулдаг болсон түүнийг “Реал Мадрид” гурван жил хөөцөлдсөний эцэст “Тоттенхэм”-ээс авсан үнийг нь хоёр нугалан байж 2012 онд багт авчирч билээ. Лука тэр үед Испани руу явна гэдэг жаахан эсэргүүцэл илэрхийлж түүнд байдаггүй зан авир гаргасан явдал бий.

Хожмоо тэр хэлэхдээ “Дэлхийн шилдэг лигт тоглож өөрийгөө хэн бэ гэдгийг мэдрэх замыг нээж өгсөн бол яах аргагүй Тоттенхэм билээ. Би тэр багаас жаахан онцгүй явсандаа харамсдаг. Дахиад боломж олдог бол алдаагаа цайруулж болох юмсан” гэж хэлсэн байна лээ. Модричийн “Реал Мадрид” багт өнгөрүүлсэн, өнгөрүүлж буй цаг хугацаа та бидний өмнө байгаа тул нурших шаардлага үгүй байх, тэр багийн сүүлийн дөрвөн жил Аваргуудын лигт түр­үүлсэн, Хорватын шигшээ баг ДАШТ-д дэд аварга болсон зэрэгт 66 кг жинтэй, 172 сэм өндөртэй “Хорват Кройф” хэмээн хочит энэ жижигхэн залуугийг үүрэг их бий. Сонирхуулахад, Францын Монако хотод болсон Европын Аваргуудын лигээс зохион байгуулсан арга хэмжээн дээр Европын хөл бөмбөгийн холбооны 2017-2018 оны шилдэг эрэгтэй тоглогчоор “Реал Мадрид” багийн хагас хамгаалагч, Хорватын хөл бөмбөгч, 32 настай Лука Модрич шалгарсан байна. Шилдэг тоглогчийн шагналыг Л.Модрич анх удаагаа хүртэж байгаа бол К.Роналдо энэхүү шагналын эзнээр гурван удаа шалгарч байсан билээ. Түүнээс гадна “Реал Мадрид” багийн тамирчид болох Кейлор Навас болон Серхио Рамос нар шилдэг хаалгач болон хамгаалагчийн шагналыг тус тус хүртжээ. Аваргуудын лиг болон Европын лигийн дасгалжуулагч нараас гадна Европ тивээс сонгогдсон 55 сэтгүүлч дээрх шагналын эздийг шалгаруулах санал хураалтад оролцсон байна. Лука Модрич “Энэ бол миний хувьд маш үнэ цэнэтэй мөч болж байна. Сэтгэл их догдолж байгаагийн зэрэгцээ энэхүү шагналаараа маш их бахархаж байна” гэжээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=