МЭС ЗАСЛЫН ҮЕД ТОХИОЛДСОН ЖИГТЭЙ ЯВДЛУУД



Mэс заслын дараа зан ааш өөрчлөгдөх, өвөрмөц чадвартай болох эсвэл санаанд оромгүй сонин зуршилтай болох зэрэг хачин жигтэй үйл явдал цөөнгүй тохиолддог аж. Дараах нийтлэлээс мэс заслын дараах санаанд оромгүй адал явдлуудын талаар дэлгэрэнгүй уншаарай. Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж нарт хорвоод дахин амьдрах боломжтой болсон 15 настай Деми - Ли Бреннан охинд тун итгэмээргүй зүйл тохиолджээ. Түүний цусны бүлэг “O-“ байсан атал мэс заслын дараа донорын цусны бүлэгтэй ижил буюу “O+” болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэг талын азтай хэрэг бөгөөд тэрбээр шинэ эрхтэндээ бие махбодоо дасгах эм уух шаардлагагүй болсон аж. Эмч нар уг тохиолдын учрыг одоо хэр нь тайлж чадаагүй гайхширсаар байгаа юм. Тэдний таамагласнаар донорын эсүүд охины эсээс илүү хүчтэй, амьдрах чадвар сайтай байсан учраас ийнхүү давамгайлсан байж магадгүй ажээ. Хувь хүний шинж чанар нь “өөрчлөгдсөн” тохиолдлууд Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараа тухайн хүний зан ааш, хүсэл сонирхол зэрэг нь өөрчлөгдөж, донортойгоо ижилсэх тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Тухайлбал цусны донорын ачаар амь аврагдсан Билл Воль ухаан ормогцоо “Sade” хамтлагийн дууг сонсоод асгартлаа уйлжээ. Хожим нь тэрбээр донор нь тэр хамтлагийн шүтэн бишрэгч гэдгийг мэдсэн гэдэг. Мөн Аризонагийн уугуул иргэн Жейми Шерман Мексик хоолыг үзэн яддаг байснаа мэс заслын дараа учиргүй дуртай болчихсон байна. Үүний шалтгаан мэдээж түүний донортой холбоотой байж. Үүнтэй төстэй бас нэгэн тохиолдол нь Клэр Сильвия хэмээх бүсгүй мэс засал хийлгэснийхээ дараа урьд нь хамгийн дургүй байсан шар айраг, тахианы мах, ногоон чинжүүнд маш дуртай болсон бөгөөд тэдгээр нь донорынх нь хамгийн дуртай зүйлс юм.

Ойр ойрхон ухаан алдаж унадаг өвчнөө эмчлүүлэхээр тархины мэс засал хийлгэсэн Дарен Брюнед бас нэгэн хүнд асуудал тулгарчээ. Мэс заслын дараа тэрбээр нэг гараа хянаж чадахаа больсон байна. Эмч нар энэ асуудлын шийдлийг олохоор ажиллаж байгаа ч одоогоор өвчтөн хэцүүхэн байдалтай байгаа ажээ. Түүний нэг гар ямар ч хяналтгүйгээр үйлдэл хийдэг бөгөөд заримдаа хувцсыг нь тайлахаар оролдох, цүнхэн дэх эд зүйлийг нь гаргаж хаях зэргээр хүндрэл учруулаад зогсохгүй бүр өөрийгөө алгадах, цохих ч тохиолдол гардаг байна. Нэр нь тодорхойгүй нэгэн эмэгтэй тархины мэс заслын дараа итгэхэд бэрх үйл явдалтай учирсан байна. Тэрбээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг уншдаг ер бусын чадвартай болсон бөгөөд тэр цагаас хойш 14 жил өнгөрөөд байгаа аж. Хамгийн гайхмаар нь тус мэс заслаар бүсгүйн тархин дахь мэдрэхүйн хэсгийг тайрсан атал эсрэгээрээ үйлчилж өвөрмөц мэдрэмжтэй болсон явдал ба энэ бол анагаах ухааны түүхэн дэх анхны тохиолдол юм. Мэс заслын багаж хэрэгсэл “олдсон” тохиолдлууд Зарим тоо баримтаас үзэхэд мэс заслын дараа өвчтөний биед багаж хэрэгсэл үлдэх магадлал 12.5% - .02%-ийн магадлалтай байдаг гэнэ. Учир нь мэс заслын үеэр дунджаар 250 орчим багаж хэрэгсэл хэрэглэгддэг ба хүнд мэс заслын үед бүр 600 хүрэх нь ч бий. Тэгэхээр эмч нарт энэ бүхнийг хяналтандаа байлгана гэдэг мэдээж амаргүй. Сонирхол татам зарим тохиолдлыг дурдвал Дариоуш Мазарей хэмээх өвчтөн мэс засал хийлгэснээс хойш хоёр жил өнгөрсөн ч биеийнх нь зовиур огт арилахгүй байжээ. Ингээд тэрбээр эмч нарт гомдол мэдүүлж, рентген зураг авахуултал гэдсэнд нь 10 орчим багаж байгаа нь тогтоогджээ. Үүнээс ч аймшигтай үйл явдал түрүү булчирхайн мэс засалд орсон Германы өвчтөн Дирк Шредерт тохиолдсон байна. Мэс заслын дараа хэд хоног өвдөж шаналсны эцэст тэрбээр эмчид үзүүлж биед нь зүү, даавуу, маск зэргийн 16 багаж, хэрэгсэл үлдсэнийг мэджээ. Тэдгээрийг биеэс нь салгаж авахын тулд хоёр ч мэс засал хийсэн аж. Эрүү нүүрний мэс ажилбарын дараа тухайн хүний дууны өнгө, ярианы хэв маяг зэрэг өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ Карен Батлер хэмээх бүсгүй шүдний мэс ажилбарын дараа өөрийн эрхгүй дэлхийн түмэн янзын аялгаар ярьж эхэлсэн хачирхалтай үйл явдал болсон байна. Харь хэлний аялгаар ярьдаг энэ өвчнөөр дэлхийд 100 хүрэхгүй хүн өвчилсөн гэсэн баримт бий. Карен болон түүний гэр бүлийнхэн энэ явдлыг аль болохоор эерэг, хөгжилтэй байдлаар хүлээн авч дасан зохицохыг хичээж буй ажээ. Дуурийн дуучин Эми Хербстэд хүүхдээ төрүүлсний дараа ажил төрөл, нэр хүндээ алдахад хүргэсэн хэцүүхэн зүйл тохиолджээ. Хүүхдийг эх барьж авсан эмч Эми болон гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авалгүйгээр үтрээнд нь бага зэрэг зүсэлт хийсэн аж. Энэ мэс ажилбарын дараа Эми өөрийгөө хянаж чадахгүй унгадаг болжээ. Энэ нь өдөр тутмын амьдралд төдийгүй тайзан дээр тоглолт үзүүлэхэд нь маш их саад учруулах болсон учраас тэрбээр маш их гомдолтой байгаа аж. Тиймээс эмнэлгийн удирдлагад хохирлоо барагдуулах $2.5 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=