ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ НАЙМДУГААР САРД АВАХААР ХОЙШЛУУЛЛАА



Их дээд сургуульд элсэн орогчдын элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 2 дахь долоо хоног хүртэл хойшлуулж байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээллээ. Уг хуваарь ёсоор ЭЕШ долдугаар сарын 1-4-ний хооронд товлогдсон байсан бөгөөд энэ жил нийт 40420 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Гэвч коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдэж, шалгалтад орох 1500 гаруй хүүхэд халдвар авсан, нэгдүгээр хавьтагч болсон байгаа. Мөн элсэлтийн шалгалтыг зохион байгуулдаг 9620 багш байдгаас цөөнгүй багш нар нь вирус авч, өдөр тутамд энэ тоо нэмэгдэж байна. Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутагт очих ёстой 66 багшийн 10 гаруй нь халдвар авч, шалгалт зохион байгуулах боломжгүй болсон байна.  

Хамгийн гол нь хөдөө орон нутгаас шалгалтад оролцох ёстой 7600 орчим хүүхэд бий. Гэтэл өнөөдөр 9 аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөдөлгөөнөө хаасан байгаа. Тиймээс эдгээр хүүхдүүд хөл хорионд орсон байгаа. Энэ мэт шалтгаанаас болж, шалгалтыг хойшлуулж байна. Шалгалтыг наймдугаар сарын яг хэдэнд авахаа долдугаар сарын 10-нд эцэслэн зарлана  гэж Б.Энх-Амгалан сайд мэдэгдлээ.  

Элсэлтийн Ерөнхий шалгалтыг хойшлууллаа гээд сурагчдын их дээд сургуульд орох, бүртгүүлэх асуудалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Үүнийг их дээд сургуулийн захирлуудтай ярьж тохирсон. Наймдугаар сарын дунд үеэр шалгалтаа өгөөд, 9 сарын 1 гэхэд сургуульдаа орсон байх болно гэдгийг ч тэрээр онцоллоо. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=