УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТЫГ ХУУЛЬ БУС АН АГНАСАН ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙНА



УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2005 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бусаар ан хийсэн нь нэгэн гэрэл зургаар илчлэгдсэн байдаг.  Ж.Мөнхбат тухайн үед Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газарт очиж байгаль хамгаалагч болон нутгийн газар мэдэх залуусыг дагуулан замчлуулж, Монголдоо нэн ховорт тооцогддог хүрэн баавгайг хууль бусаар агнасан байна.  Хэдийгээр энэ нь  15 жилийн өмнө үйлдэгдсэн гэх боловч Экологийн цагдаагийн албанаас түүнтэй холбоотой хэргийг шалгаж эхэлжээ.

Дээрх хэрэг явдал болоод олон жил өнгөрсөн учраас хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналаа Цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад өнөөдөр явуулах ажээ. Улмаар тус асуудлыг прокурорын шатанд хянан хэлэлцээд хэрэг бүртгэл нээх эсэхийг шийдэх аж.

НЭМЭЛТ ТАЙЛБАР: 

Хүрэн баавгай нь манай улсад тоо толгойн хувьд цөөхөн, ховор ан амьтны жагсаалтад ордог байна. Иймд хүрэн баавгайг хууль бусаар агнасан тохиолдолд Эрүүгийн хуулийн зүйл заалттай юм. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ан агнасан нь илэрсэн тохиолдолд дараах хуулийн хариуцлага хүлээнэ.

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=