АДОЛЬФ ГИТЛЕРИЙН ХООЛЫГ АМТАЛЖ, ӨӨР ДЭЭРЭЭ ТУРШДАГ БАЙСАН ЭМЭГТЭЙН ГУНИГТ ДУРСАМЖ


Таны идэх хоол бүр хамгийн сүүлийн зоог байж болохыг төсөөлөөд үз. Таны идэх өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог гээд бүгд хортой байх магадлалтай. Хамгийн гол нь та үүнийг мэдсээр байж заавал амсаж үзэх ёстой. Энэ бол гуравдугаар Рейхийн зоог бүрийг амсаж үзэх тушаалтай хэсэг залуу эмэгтэйчүүдэд өдөр тутам тохиолддог байсан бодит түүх юм. Дэлхийн II дайны сүүлийн хоёр жил хагасын хугацаанд эдгээр бүсгүйчүүд Адольф Гитлерийн хоол бүрийг хордуулсан эсэхийг туршиж үздэг байжээ. Фюрер амьдралынхаа сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж, хэнд ч үл итгэх болсон аж. Тэрээр Холбоотнууд эсвэл өөрсдийнх нь хэн нэгэн хоолыг нь хордуулсан байж болзошгүй гэж сэжиглэн, идэхээсээ өмнө залуу эмэгтэйчүүдээр туршуулдаг байжээ. Аймшигтай нь энэ үүргийг гүйцэтгэхээр сонгогдсон цэвэр "Ари" бүсгүйчүүд хийж буй ажлаа нэр төрийн хэрэг гэж боддог, тэдэнд ингэж итгүүлж байсан аж. Хамгийн сонирхолтой нь Фюрерын хоолыг туршиж үзэхээр томилогдсон 15 залуу бүсгүйн нэг болох, өдгөө 101 настай Маргот Волк 2013 онд Германы “Der Spiegel” сэтгүүлд өнгөрсөн амьдралынхаа талаар ярих хүртэл энэ бүх түүх хэний ч мэдэхгүй нууц хэвээр байсаар ирсэн юм. 

Адольф Гитлерийн оройн зоог их энгийн байдаг байв. Тэрээр ихэвчлэн уламжлалт Герман хоолыг чанаж болгосон амтат сүмс болон цагаан аспарагусаар хачирлан иддэг байсан бөгөөд дайны хомсдолтой үед ч өглөө бүр жинхэнэ масло ширээн дээр нь байдаг байжээ. Нөгөө талд дайны хөлд нэрвэгдсэн Германы ард түмэн өдөрт ердөө нэг аяга кофе, зүсэм талх, багахан маргаринаар голоо зогоож байв. Харин Маргот Волк болон бусад 14 залуу эмэгтэйд үнэтэй ногоогоор хачирласан тансаг зэрэглэлийн боловч үхлийн аюултай байж болзошгүй хоолыг өдөр бүр хүчээр идэх хувь тавилан оногдсон байна. Тухайн үед 24 настай байсан, нарийн бичиг Маргот Волк 1941 оны өвөл эцэг эхийнх нь байр бөмбөгдөлтөд өртсөнөөр Берлинээс дүрвэж одоогийн Польш улсын Парц хот дахь хадам ээжийнхээ байранд амьдрах болжээ. Тэрээр том цэцэрлэгт хүрээлэнтэй тохилог хувийн байшинд дайнаас хоргодож байв. Мөн түүний хадам ээжийн байшин Дэлхийн II дайны үед Германы зүүн фронтын төв штаб байрлаж байсан Чонын үүр гэх хорогдох байрнаас ердөө гурав хүрэхгүй километрийн зайд оршдог байжээ. Адольд Гитлер Дэлхийн II дайны ихэнх цаг үеийг энэхүү Чонын үүр гэх хорогдох байранд өнгөрүүлсэн гэдэг. Хадагтай Маргот Волк Парцад ирээд удаагүй байтал тус хотын Нацист намын дарга “SS”-ын цэргүүдийн хамт гэрт нь ирж “бидэнтэй хамт яв!” гэж тушаажээ. Үүний дараа тэрээр Чонын үүрэнд ирсэн бөгөөд тэд түүнд бялуу идэхийг санал болгосон байна. Маргот Волк энэ талаар дурсан ярихдаа “би нэг л мэдэхэд тэр бялууг эртний хийцтэй тансаг мөнгөн сэрээгээр амтархан идэж байлаа. Дайны үед бидэнд бялуу байтугай элсэн чихэр ч тэр бүр олддоггүй байв. Үүнийг идэх сайхан байсан ч нэг л хэцүү, дасаж өгөхгүй байсан” гэсэн юм. Үүний дараа түүнийг бусад бүсгүйчүүдийн хамтаар Чонын үүрний хоолыг бэлддэг хоёр давхар байшинд аваачиж, үнэтэй хүнсний ногоо, амтат сүмс, гоймонтой аяга, чамин жимс, амттанаар дүүргэсэн ширээнд урьж бүх хоолыг амсаж үзэхийг тушаасан байна. Гэвч тэнд ямар ч мах байгаагүй аж. Учир нь Фюрер цагаан хоолтон байсан юм. Тэрээр “хэдий бүх хоол амттай байсан ч бидний хэн нь ч үүнийг таашаагаагүй” хэмээн дурсан ярьжээ. Тухайн үед Холбоотнууд Адольд Гитлерийг хордуулж алах төлөвлөгөө боловсруулсан гэсэн цуу яриа тархаад байжээ. Тиймээс эдгээр бүсгүйчүүдийг энд авчирсан бөгөөд тэд бүх хоолыг амсаж үзсэний дараагаар “SS”-ын цэргүүд хэсэг ажиглаж байгаад ямар ч аюулгүй болох нь тодорхой болмогц Чонын үүр рүү авч явсан байна. Ингээд үүнээс хойших Маргот Волкын амьдралын хоёр жил хагасын хугацаа өглөө бүрийн найман цагт “SS”-ын хэн нэгэн цэрэг “Маргот, сэрээд!” гэж цонхны цаанаас орилох тушаалаар эхэлж, нэг хэвийн байдлаар өнгөрөх болжээ. Гэвч тэрээр энэ хугацаанд Фюрерыг нэг ч удаа харж байгаагүй бөгөөд бүр Чонын үүрэнд үнэхээр амьдарч байсан эсэхэд нь хүртэл эргэлздэг ажээ.   

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=