ГАЖ ДОНТОН СОЛОНГОС ЭРСИЙН ГАРЫН ШҮҮС БОЛСОН МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД


Гадаадын эмэгтэйтэй гэр бүл болох зуучлах үйлчилгээг тус улсын Засгийн газраас төдийгүй орон нутгийн удирдлагаас ч дэмждэг нь гайхалтай. Яагаад гэвэл БНСУ-д хүйсийн тэнцвэржилт алдагдаж, 30-45 насны гоонь эрчүүд маш их байдаг. Зуучлагчаар дамжуулж, солонгос эрчүүдтэй гэр бүл болж буй Монгол, Хятад, Вьетнам болон азийн ядуу буурай орны эмэгтэйчүүд, цагаач ажилчид байдаг ба харамсалтай нь тэдний гэрлэлт хүчирхийллээр дүүрэн явсаар хөөрхий эхнэрүүд өрөөл татанхай болж, амь насаа алдаж дуусдаг. Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын 2017 онд явуулсан судалгаагаар солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн 42 хувь бэлгийн, бие махбодийн, санхүүгийн хувьд хүчирхийлэл дунд амьдардаг гэж хариулжээ. Харин тус улсын Хүйсийн тэгш эрх, гэр бүлийн яамнаас өнгөрөгч 2019 онд явуулсан судалгаагаар солонгос эхнэрүүдийн 29 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг тухай өгүүлжээ. Тэгэхээр солонгос нөхрүүд ерөнхийдөө эхнэртээ тун ширүүн харьцдаг нь эндээс харагдаж байна. Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар гадаад эмэгтэйчүүдтэй гэр бүл болж буй эрчүүд нь ихэвчлэн бэлгийн дур хүслээ хангах зорилго агуулж байдаг. Тэдний ихэнх нь гаж маягаар сексийн дур хүслээ хангах зуршилтай учраас солонгос бүсгүйчүүд тэднээс зайгаа барьдаг гэнэ.

Өмнөд Солонгосын хөдөө орон нутагт хүйсийн тэнцвэргүй байдал олон арван жилийн турш орон нутгийн удирдлагуудын “шүдний өвчин” байсаар иржээ. Залуу бүсгүйчүүд нь ажил хийх, сурах, хүнтэй гэрлэхээр хот суурин газар барааддаг бол эрчүүд нь хөгшин эцэг эхээ асрах, газар тариалан эрхлэхээр хөдөөдөө үлддэг. Орон нутгийн эрчүүдэд залуу эмэгтэйчүүдийг зуучилж өгсөн хүмүүст, гэрлэлт тутамд 4-6 сая воны урамшуулал олгодог байжээ. Гоонь эрчүүдээс дүүрсэн Өмнөд Чолла мужид гэхэд өмнө нь гэрлэж байгаагүй 35-аас дээш насны эрэгтэйд гадаад эмэгтэйтэй гэрлэвэл таван сая воны урамшуулал олгодог аж. Үүнээс хойш зуучлагчид зөвхөн эх орноосоо гэлтгүй гадаад охид эмэгтэйчүүдийг “ангуучлах” болжээ. Тэд ихэнхдээ Монгол, Вьетнам, Филиппин, Камбож зэрэг Азийн улсуудын эмэгтэйчүүдийг сонгодог байна. Өдгөө ийм төрлийн зуучлах үйлчилгээ үзүүлдэг нэг төрлийн бизнес тус улсад цэцэглэжээ. 2020 оны тавдугаар сарын байдлаар тус улсын хэмжээнд зуучлах үйлчилгээ үзүүлдэг 380 гаруй газар бий болов. 

2018 оны байдлаар 16,6 мянган солонгос эр гадаад бүсгүйтэй гэр бүл болсны 5000 гаруй нь Вьетнам, 2600 орчим нь Хятад, 2000 Монгол, 1500 гаруй нь Тайландын иргэдтэй гэр бүл болжээ. Үлдсэн хувийг ихэнх нь Азийн бусад улсын эмэгтэйчүүд эзэлж байна. Маш ноцтой нэг асуудал бол гадаад эхнэр зуучлах үйлчилгээ сүүлдээ хүний наймааны сүлжээ болж буй явдал юм. 2010 онд Камбож улс тус улсын иргэнийг Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болохыг хуулиараа хоригложээ. 


Нэгэн баримт дурьдвал,

Вьетнам улсын иргэн Тринх гэх бүсгүй анх хосуудыг зуучилж, танилцуулдаг хүнээр дамжуулж, хожим өөрийг нь хөнөөх алуурчинтай танилцан гэрлэжээ. Тухайн үед тэр 29 настай, харин түүний ирээдүйн нөхөр болох солонгос эр Чой Сон Шин  50 орчим настай байсан гэж хавтаст хэрэгт бичигдсэн байна. Тринх солонгос хэл сайн мэдэхгүй, вьетнамаараа ярьдаг, нөхөр нь төрөлх хэлээрээ ярьдаг. Тэд 2018 оны есдүгээр сарын 4-нд танилцаад, бараг маргааш нь шахуу Вьетнам явж, Тринх өнөөх солонгос эрийг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж, тэндээ гэрлэсэн аж. Ингээд удалгүй нөхөр нь нутаг буцаж, Тринх гэртээ үлдээд долоон сарын дараа тэр нөхөр дээрээ, Өмнөд Солонгост эргэн иржээ. Өмнөд Солонгост хөл тавьснаас ердөө гуравхан сарын дараа Тринх солонгос нөхрийнхөө гарт амь үрэгдсэн юм. Тринхийн жишээнээс харвал тэр нөхөртэйгөө харилцахдаа асуудалтай байжээ. Вьетнамаас Өмнөд Солонгост ирснийхээ дараа тэд хэсэг хугацаанд тусдаа амьдарсан байна. Энэ хугацаандаа тэд мессежээр харилцаж, Тринх нөхрөөсөө санхүүгийн хувьд дэмжлэг хүсч, ингэх бүрт тэд хэрэлддэг байсан тухай хавтаст хэрэгт бичжээ. Хэдэн сарын турш Вьетнамд төрөлх гэртээ байсан Тринх 2019 оны наймдугаар сарын 16-нд Өмнөд Солонгост ирж, Кёнги мужийн Янжу хот дахь нөхрийнхөө гэрт хамт амьдрах болсон байна. Хамт амьдарч эхлээд л тэд хэлний бэрхшээл, соёлын ялгаатай байдал, секс, санхүүгийн асуудлаас болж үргэлж маргалддаг болов. Жишээ нь нөхөр Чой Сон Шин нь өдөртөө 3-5 удаа бэлгийн харьцаанд орохыг шаардаж, эс зөвшөөрвөл зодож, нүддэг байсан нь мөрдөн байцаалтаас тогтоогджээ. Гурван сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 16-нд Тринх өөр хотод амьдардаг хамаатныдаа очиж амьдрахаар шийдсэн тухайгаа хэлтэл нөхөр нь түүнийг явахыг эсэргүүцэж, хэд хэдэн удаа хутгалж, хэрцгийгээр хөнөөсөн байна. Дараа нь Шин түүний цогцсыг гялгар уутанд битүү ороож машиндаа ачаад, гэрээсээ 200 орчим километрийн зайд орших жимсний тариалангийн талбайд аваачин булжээ. Үүнээс таван сар орчмын дараа Шингийн хийсэн хэрэг илэрч, 15 жилийн хорих ял сонсчээ.

Удаах баримт. Солонгос нөхөртэй Монгол эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг. Мөн амь насаа алдсан олон арван тохиолдлыг дурьдаж болно. Хамгийн сүүлд гэхэд Чоннам мужийн Нажү хотод амьдардаг Монгол Улсын иргэн 26 настай эмэгтэй Ганцэцэг нь үеэл дүүгийнхээ солонгос нөхөрт хутгалуулан амь насаа алджээ. Үеэл  Эрдэнэцэцэг нь  21 настай зуучлах товчоогоор дамжуулан БНСУ-ын иргэн Янг-тай гэр бүл болжээ. Эрдэнэцэцэгийн солонгос нөхөр байнга архи ууж, эхнэрээ зоддог байсан тул тэрбээр гурав хоногийн өмнө нөхрөөсөө зугтаан үеэл эгчийндээ очив. Янг Эрдэнэцэцэгийн гэрт эхнэрээ хайн очиход бүсгүй “Архиа гаргаад эрүүл болсон хойноо эхнэрээ ирж ав!” гэж хэлсний төлөө урьдчилан бэлдсэн хутгаараа монгол эмэгтэй Ганцэцэгийг 6-7 удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ.

Гутгаар баримт. Намайг Сараа гэдэг, 28 настай, одоогоос 5 жилийн өмнө солонгосын иргэнтэй гэр бүл болсон юм. Тухайн үед манай гэр бүлийн байдал тийм ч сайхан байгаагүй. Аав маань найгүй архичин, бас гэр бүлийн хүчирхийлэгч байсан тийм л азгүй гэр бүлд төрсөн охин. Гэхдээ өнөөдөр надад харийн хүнд тамлуулж байхын оронд архичин эцэг эх хоёртоо зодуулж байсан нь хамаагүй дээр санагдаж байна. Анх 2009 онд би зуучлалаар нөхөр болох хүнтэйгээ зөвхөн цээж зургийг нь хальтхан харснаар танилцаж сонголтоо хийсэн билээ. Харин би өөрөө үл таних тэр эрд хэдэн зургаа илгээж биеийн өндөр, жин, гэр бүлийн байдал гээд л олон зүйлээ тоочин байж энэ “шалгалтанд” тэнцсэн гэж хэлж болно. Урилга, виз гээд шат дараалсан алхмуудын дараа би хэл усыг нь ч мэдэхгүй хүний нутаг руу ниссэн. Онгоцноос буухад миний нэрийг мурий сарий бичсэн цаас өргөсөн намхан залуу бас нэг настай авгай намайг тоссон. Энэ хүн бол миний нөхөр бас хадам ээж болох хүмүүс байсан юм. Нөгөө танилцуулга дээр байсан хувийн жижиг үйлдвэрийн эзэн гэх залуу маань ажилгүй дээрээс нь надаас 11 насаар ах, ээжийн эрх хүү байсан. Гурван дүүтэй. Айлын том хүү... Мэдээж баян биш. Ингээд хэлийг нь мэдэхгүй, нэрийг нь мэдэхгүй, ёсыг нь мэдэхгүй харийн бэр, мэдэхгүй олон зүйлийнхээ боол нь болсоор хэдэн сар өнгөрсөн. Очсон өдрөө шууд л нөхөр болсон солонгос эртэй нэг оронд орж хэлгүй, дур хүсэлгүй, хайр үгүй хүчирхийлэлд автсан. Цаг хугацаа өнгөрсөөр л... Би жирэмсэн болж манайх охинтой болсон. Надаас 11 насаар ах, 1 метр 52 см өндөртэй солонгос эр миний охины аав. Өнөөдрийг хүртэл би хадмуудтайгаа амьдарч байгаа. Хадам ээж миний өмсөх хувцсыг сонгож өгдөг. Хамт зах гараад яг өөрийнхөө насанд таарсан урт банзал, сул ноосон цамц, өсгийгүй углааш авч өгдөг. Мэдээж хамгийн хямдаас нь... Монголд байгаа ээж дүү нар маань намайг үйлдвэрийн эзэн баян эртэй суугаад аз жаргалтай байгаа гэж боддог байх. Гэтэл үнэндээ тийм биш шүү дээ. Өнөөдрийг хүртэл намайг тайтгаруулдаг ганцхан зүйл бол миний охин. Хадамдаа уурлаж, нөхөртэйгөө хэрэлдэхээрээ би эх монгол хэлнийхээ хамгийн муухай хараалуудыг түүж байгаад урсгадаг. Сохроор сонгосон амьдралынхаа золиос нь зөвхөн би л өөрөө шүү дээ. Өөр олон зүйл миний сэтгэл дотор байгаа. Түүнийгээ уудлах зориг, зүрх надад алга... Баяртай. Монголын олон сувгуудаар орой бүр гардаг солонгос сериалаар хангуг эр хүнийг төсөөлөн боддог олон зуун монгол бүсгүйчүүд энэ мэт харь нутагт хүчирхийллийн золиос болж байгаа нь харамсалтай!



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=