АН-ЫН ДОТОРХ ХАР ХҮЧИНД ЯЛАГДАХ С.ЭРДЭНЭ



АН дотоод хямралдаа ялзарч хазайсаар энэ сонгуулийн дараа нурах есөн шид нь бүрдлээ. “Би намын дарга болно” гэж Н.Алтанхуягийг улаан дайрахад нөхөд нь дотроо дургүй ч түүнийг гомдоохыг төвдөлгүй зөвшөөрсөн түүх бий. Тэр бээр АН-ын дарга боллоо, Сангийн, тэргүн дэд, бүр ерөнхий сайдын сэнтий өөд улайран довтолж хүсэл шуналаа хангаж явсан хүн. Түүнд тасархай чадвар, шударга ёс зүй буйсан бол яая гэхэв. Н.Алтанхуягийн хуурамч чанар нүүрэн дээрээ хувьсганаж байдаг. Асуудлыг нялх хүүхэд шиг хуруугаа дараалан дарж байж ярина. Самбарт бага ангийн багш шиг бичиж онолдоно. Нүдэнд нь гэнэт нулимс хурснаа гэнэт өс хонзонгоор цоргино. Нэг суудал дээр царай нь хэдэн янзаар үелзэнэ. Энэ бүх жүжиглэлийн цаана эрх мэдлийн төлөө дайтах хорсол буцална. Дэндүү ичгүүргүй нь-увс чанар биз. Тэр бээр өөрийгөө зөндөөн юм хийсэн гэх боловч АТГ-т түүний олон хавтас хэрэг цугларсан. Байцаалт өгөхөөр дуудагдах бүрдээ тэр АТГ-ын үүдэнд телевизээр мэдэгдэл хийдэг. Хэлдэг өчиг нь “Намайг шударга болохоор авилгачид Ерөнхийлөгч болчих вий гэж айгаад гүжирдэж байна” гэдэг. Нийтийг уяраах өрөвдөм царай эсгэнэ. Хавтас хэргүүд нь устсан уу яасан бүү мэд. Юутай ч тэр огцорсон.

Сая Ерөнхийлөгч болно гэж сурсан зангаараа нэр нүүргүй тэмүүлэв. Харин түүний гутааж доромжилж хаясан намын гишүүд нь зөвшөөрсөнгүй. Сонгуулийн хороог хуулиа зөрчөөд өөрийнхөө нэрийг бүртэг гэж сүрдүүлээд бүтэхгүй болохоор нь өлсгөлөн зарлаж, хэд хоног хэвтээд ч тусыг эс олов. Ганц Алтанхуяг биш л дээ. Дарга болгохгүй бол намаа самрана гэдэг этгээд АН-д Г.Оюунгэрэл, Р.Амаржаргал гээд олон аж. Өндөр сэнтий тоотой. Эрх мэдэлд шунагч АН-аар дүүрэн. Эндээс л АН-ын дотоод хагарал үүсдэг. Дон шүгэлсэн хүслээ Алтанхуяг мэт нь хумихгүй бол АН-д юун ялалт, ирээдүй ч алга. АН-ынхан багаар тоглох хүмүүжлийг Монголын сагсчин залуусаас суралцаасай билээ.

С.Эрдэнэ ялагдана. Гарцаагүй. Гэхдээ өөрийнхөө намын нөгөө талын хорт явуулгад бүдэрнэ. С.Эрдэнийг унагах өмхий санааг алсаас Х.Баттулга, З.Энхболд, Л.Болд нар залуурдаж, галын шугамд Алтанхуягийн алтан нутаг халхын буянд солиортлоо баяжсан О.Цогтгэрэл, ХХААЯ-наас Х.Баттулгын хормойд зүүгдсэн Туваан, Батсуурь Ганибал зэрэг торгуулийн сумангийнхан нүдээ анин тэмцэж шившиг болов. Ходоодондоо буцлах хар амиа хичээсэн шуналаар намаа самарч буй амьтдыг сонгогчид хичнээн ч дэмжээд улс эх оронтойгоо хамт нурна. Үзэл баримтлалынхаа үнэт зүйлсээ дээдлэн намаа авч үлдэх санаатай-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлээд бэртэж хэмхэрсэн муу нэрт Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, залуусаас М.Тулгат, Б.Өнөрбаяр, Ц.Оюундарь нар Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарт сонгуулийн дараа намаа алдах нь тодорч байх шиг. АН-ын доторх хонзогногч хар хүчинд ялагдах С.Эрдэнэд буруу өгөмгүй. Хамгийн харамсалтай сонгуулийн дараа АН замхрах юутай гашуун бэ.

Монголчуудын сэтгэхүйн хэмжээ либериаль ардчилсан үзлийг хэрэглэж сурах болоогүй юм байлгүй дээ. Тэгэхээр ганц найдвар социал демократ үзэл бүхий МАН л боллоо. Гэхдээ МАН-д хэлэх үг бий: Юуны төлөө МАХН нэрээ орхиж МАН-ын нэрийг авлаа даа. МАХН ленинист онолыг Ардын намын чиг зорилгоор эргэлт буцалтгүй сольсон нөхцөлд эх орончдын минь чадан ядан байгуулсан Ардын намын нэрийг өвлөн авах эрх нээгдэх учиртай. Өөрөөр хэлбэл Бодоо Данзан нарын үзэл баримталлыг эрхбиш харгалзан хүндэлж, шүүн тунгааж, сорчлон хөгжүүлэх ёстой. ХХ зуунд туулсан эмгэнэлт зам мөрөө болъщевик орос нүдээр бус эх оронч монгол нүдээр харах хэрэгтэй. Ардын намыг үүсгэсэн хамаг удирдагчдыг улаан орос толгой дараалан цаазлахад аялдан дагалдаж явсан МАХН коммунист онолоо ХХI зуунд сүйрэхэд түүхэнд мартагдсан МАН-ын нэрийг ашиглав гэх хардлага төрүүлэхгүйн тулд социал демократ үзлээ чанд баримтлаарай гэж сонгогчид хүсэх нь зайлшгүй.

Ардын намыг үүсгэсэн бүх жолоодогчийг хөнөөгөөд, намыг нь самарсан галзуу улаан Хувьсгалт нам бол Ардын намын залгамж халаа-үргэлжлэл бус харин эрлэг нь. Өөрийгөө алсан алуурчнаа миний үргэлжлэл гэж шүтэх тэнэглэл. Тэгээд ч МАН, МАХН хоёрын үзэл баримтлал тэс ондоо. Нэг нь Улаантныг дагаж соёл зан заншлаа үндсээр нь устгаж коммунизм байгуулахын төлөө туйлсан, нөгөө нь чөлөөт арилжаа бүхий дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр замнахыг зорьсон. Үзэл санаа үйл явдлыг чинь гүтгэн мушигсан тэс өөр санаатай дайсандаа, амиа зольж цус урсгасан зам мөрөө өвлүүлэх шиг гутамшиг ертөнцөд байхгүй. Харин үзэл санааг чинь үргэлжлүүлэн хөгжүүлье гэсэн шинэ залгамжлагч гарч ирвэл дуртай яа зөвшөөрөх нь зүй. Ардын намын анхны хэдийн мөрөөдөл мушгагдан бүдгэрснийг далимдуулан эрхэмсэг тэднийг минь бүр коммунист болгуузай. Тэд коммунист огт яваагүй юм шүү.

“Хувьсгалт” гэсэн нэрээ хэрэггүй гээд хаясан атлаа хувьсгалын үйлдсэн бүх нүглийг өмөөрч толгойдоо арандаг хураах шинэчлэлд чинь саад болно. Цуст мөрөө зөвтгөх байсан бол юунд “хувьсгалт” алдраасаа татгалзсан юм бэ гэнэ. Хүн төрөлхтөн эдүгээ коммунизмыг фашизмтай ижилсүүлэх болсныг анзаар. Коммунист болъщевик түүхээ өмөөрөөд байвал залуу үеийг улам үргээнэ. Юуны төлөө “хувьсгалт” гэсэн тодотголоо хаясан билээ, юуны төлөө коммунист үзлээ орхиж буй билээ, орчин үеийн ардчилсан сэтгэхүйд яв цав нийцэж, нийгэмд таалагдах шинэ үзэл баримталлаа ягштал баримталбал МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг хоёрдмол бодолгүй сонгоё. Өөр сонголт алга. Орчин үеийн өндөр хүмүүжил боловсролтой иргэдийн урмыг АН хугалав. Хуулиа биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, авилга хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн нийгмээс ХХI зууны иргэд залхаад шударга ухаалаг Төрөөр жолоодуулахыг хүсэж буй энэ цаг үеийг МАН-ынхан шинэчлэлдээ ашиглах алтан боломж гэлтэй.      

Улаантны хувьсгалаар үйлдэгдсэн цуст түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ хамт эгүрт орхиод МАН-ыг үндэслэгчдийн коммунист бус эх оронч ардын үзлийг цаашид баяжуулах зам чинь ямар ч саадгүй нээлттэй цэлийж байна. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь бурхад байгаагүй ч коммунист онолд дургүйн улмаас болъщевик нарт буудуулсан эмгэнэл МАН-ыг коммунист биш гэдгийг нотлох намын чинь “нэрийн хуудас” болох ёстой. Энэ “нэрийн хуудас” та нарыг коммунист-хэлмэгдүүлэгч хочноос чинь эгүрт салгаж сонгогчдыг татна. Дээдлэн хүндэлдэг Д.Сүхбаатар чинь Ху. намын аллага нугалаанд оролцоогүй. Хувьсгалт намын хүн биш байсан. Д.Сүх бол Ардын намыг үндэслэгч залуу. МАН-ын хорлогдсон жанжин. Тэдний нэрийг бариад МАН-ынхан ардчиллын төлөө нэрэлхэлгүй зүтгэ. Коммунист гэж хажиглавал болъщевикуудад буудуулсан Бодоо Данзан Шагдаржав Дугаржав Лосол Догсом нарынхаа нэрийн өмнөөс няцаа. МАН-ын лидерүүд коммунист байгаагүй. Данслаагүйтэйгээ 100 мянган гэмгүй иргэнээ Ардын намыг үндэслэгчид хүйс тэмтрээгүй. Анхны долоо гадны түрэмгийллийн эсрэг, тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхийнхээ төлөө тэмцсэн эх оронччид явсан юм. Ардын намын анхны долоо Монголынхоо төлөө тэмцээд буудуулсан. 

Да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, Сайн ноён Намнансүрэн, хатан баатар Мягсаржав, манлай баатар Дамдинсүрэн, харчин бэйс Бавуужав, гүн Хайсан, Дэмчигдонров нарын зэрэг эх орныхоо төлөө амиа зориулсан үндэсний зоригт эх оронч олон байхад гадаадаас Ленин мэтийг эрэлтгүй. “Болъщевик” буюу “олонх”-ын толгойлогч Ленин “меньшевик” буюу “цөөнх” болсон журмын нөхдөө хядсан этгээд. ХХ зууны монгол эх орончдын түүх намтрыг жинхэнэ үнэнээр нь тодруулж дээдлэх ёстой улс төрийн гол хүч бол МАН. МАН-ын өнөөгийн гишүүд бол коммунистууд биш. Тэр тусмаа МАН-д өдгөө элсэж буй хөвгүүд охид бол коммунистууд огт биш ардчилсан-социал демократууд. Тиймээс болъщевикуудын загалмайлсан эцэг Ленинээс юун түрүү холд. Хувьвсгалт намын түүх Ардын намын түүх биш учраас гишүүд-та нарын түүх бас биш. Та нар өөрсдөө шинэчлэгдэж чадсан цагт шинэчлэл аяндаа хурдаа авна. Эрэлхэг эх орончдын минь үүсгэсэн МАН мандан бадрахад Монголдоо хайртай иргэн бүр уухайлан дэмжих нь гарцаагүй. 


Нийтлэлч Б.Тэнгэр


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=