ЯЛЛАГДАГЧ Н.ТҮВШИНБАЯРЫГ 20 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО


Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцов. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд, 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=