Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлттэй холбоотой мэдээллийг өглөө. Тэрээр ярихдаа "Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт буюу Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр үүрээр буюу 05:32 цаг, 58 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Цаашлаад 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон. Одоо хүртэл давтан хөдлөлт үргэлжилж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол 100 гаруй удаа давтан хөдлөлт боллоо. Үндсэн хөдлөлт нь 6.5 магнитуд байсан бол давтан хөдлөлтийн магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна. Ийм хүчтэй газар хөдлөлт тухайн бүс нутагт анх удаа бүртгэгдэж байна. Голомт нь Ханх сум байна. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч чичирхийлэл багасна. Улаанбаатар хот газар хөдлөлт болсон тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын станцад бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр газар хөдлөлт мэдрэгдсэн байна.
Улаанбаатарын сав газар руу орж ирсэн нь тухайн барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөр өөрөөр мэдрэгдсэн байна" гэв.
Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх арга байхгүй бөгөөд ямар ч эрдэм шинжилгээний байгууллага ийм түвшинд хүрээгүй байна. Харин болсон газар хөдлөлтийг амжиж анхааруулах боломж бол бий. Манайд амжиж анхааруулах гурван систем байдаг. Систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдөр, энэ тохиолдолд амжиж анхааруулах дуут дохио яагаад дугараагүй гэхээр дугарах, дохио өгөх хэмжээнд чичирхийлэл мэдрэгдээгүйтэй холбоотой юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.