МОНГОЛ ИНГЭНИЙ СҮҮ МӨДХӨН ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГАНА



 Монголчууд олон зуун жилийн турш нүүдэллэж амьдрахдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсан бол өнөөдөр байгаль цаг уур болон бэлчээрийн даацаас хамаарч эрчимжсэн мал аж ахуй руу орох зайлшгүй шаардлагатай болоод байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас энэ талаар ихээхэн анхаарч, эрчимжсэн мал аж ахуйг дэмжсэнээр цөөнгүй фермүүд махны болон сүүний чиглэлээр төрөлжин байгуулагджээ.
  Манай улсын анхны ингэний ферм Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байгуулагдаж,  өнгөрсөн зунаас эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 2022 онд НҮБ-аас дэлхийн зах зээл дээр гаргах тухайн улсын нэрийн хуудас болох “Нэг улс-нэг бүтээгдэхүүн” хийх уриалга гаргасныг “Солид партнерс” ХХК ажил хэрэг болгон, Монголдоо анх удаа ингэний сүүг хатаамал болон шингэн хэлбэрээр, мөн ингэний сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Одоогоор тус ферм 135 ингэ сааж буй бөгөөд эхний ээлжинд сүүгээ хатаамал хэлбэрт оруулж, дэлхийн зах зээлд борлуулахаар  ажлаа эхлээд байна. Ингэний сүүний ашиг тус эрдэмтэн судлаачдыг хүртэл гайхашруулаад буй. Эрдэмтдийн судалж тогтоосноор, ингэний сүү нь эхийн хөхний сүүтэй найрлагаараа эн зэрэгцдэг бөгөөд нярай хүүхдийн шарлалтыг богино хугацаанд буулгаж байснаас гадна харшилтай хүүхдүүдэд хамгийн тохиромжтой сүү болохыг баталжээ. Өнөөдөр Арабын орнуудад 1 л ингэний сүү 30-50 ам.доллараар зарагддаг бөгөөд нэг бөхтэй ингэний сүүний гарц өндөр ч чанар, найрлага, амин дэмийн хувьд хоёр бөхт монгол тэмээний сүүг гүйцдэггүй байна. Өвөрмонгол дахь ингэний фермийн 180-250 мл-ээр савласан сүү 30-50 юаниар борлуулагддаг бөгөөд нэг литр  ингэний сүү нь монгол төгрөгөөр 80 гаруй мянган төгрөгөөр худалдаанд гардаг аж. Арабын орнуудад эрэлтээ дийлдэггүй, хэдэн сараар захиалгандаа дарагдан байдаг ингэний сүү манай улсад 1 л нь 5000 төгрөг, ингэний хоормог 8000-10000 төгрөг байна. Иймд дэлхийн энэ том зах зээл рүү монгол ингэний сүүг нийлүүлэхээр зорилго тавин ажиллаж буй “Солид партнерс” ХХК-ийн ингэний фермд зочиллоо.  

Даланзадгад сумаас зүүн тийш 10 гаруй км-т байх ингэний фермт очиход саалийн цаг нь таарсан бөгөөд зөвлөх малчин Ц.Ганболд ингэ бүрийнхээ сүүний гарцыг тэмдэглэж явна. Тэрээр өсөх бага наснаасаа өнөөг хүртэл тэмээ маллахдаа хатуу ширүүн өвлөөр ч, халуун гандуу зунаар ч өнчин ботгоны өргүй, онд мэнд оруулдаг нь “Солид партнерс” ХХК-ийнхны анхааралд өртөж, ийнхүү зөвлөх малчнаар уригдан ажиллаж байгаа аж.
 Анх ингэний ферм байгуулахаар тэмээчин айлуудаар очиж, ингэ худалдан авч байхад малчид их гайхаж байжээ. “Зэлүүд их говьдоо зоргоороо явдаг амьтныг яаж хашаанд хашчихаад хэдэн литр сүү саах вэ дээ” гээд итгэх хүн цөөн, ингээ худалдах хүн бүр ч цөөн байв. Харин тэрээр бууж өгөлгүй, энд тэндээс гунжин ингэнүүдээ ганц нэгээр нь цуглуулсаар байгаад ингэний фермээ байгуулж чаджээ. Өвөл зунгүй өвс усаа хөөгөөд явчихдаг хагас зэрлэгжсэн шахуу хэдэн ингээ хашаандаа авчирсан байна. Ихэнх ингэнийх нь бөх уначихсан, идэш ууш нь дутмаг хариугүй хэдэн гунжин ингэнийхээ өвс усыг нь тааруулан өглөө оройгүй хянах болсноор нүдэн дээр нь сэвхийгээд босоод иржээ. Зөвлөх малчин Ц.Ганболд ингэнийхээ хорголоор идэш тэжээл нь хэрхэн таарч байна гэдгийг хүртэл хянана. Бүх ингэ, ботгоо бүртгэлжүүлж, өдөртөө хоёр удаа саахдаа хэдэн грамм сүү өгч байгааг хүртэл нарийн тэмдэглэнэ. Анх ирэхдээ дусал сүү ч өгөхгүй байсан ингэнүүд идэш тэжээл нь таараад ирэхээр өдгөө нэг саалиар 200 гр сүү өгөх болжээ. Хэдийгээр 200 грамм нэг ингэнээс авах нь хариугүй бага ч гэлээ идэш тэжээлээ тааруулаад ирэхээр илүү их нэмэгдэнэ гэсэн итгэл найдвартайгаар ингэний фермийнхэн саалиа авсаар байна. Ингэ худалдаж авч, эрчимжсэн ингэний ферм байгуулна гэхэд итгэж өгөхгүй байсан тэмээчид ингээ худалдаж авахыг санал болгох болсон төдийгүй ингэний фермийн байнгын зочид болж, тэмээгээ фермийн нөхцөлд хэрхэн маллах арга туршлагаас нь суралцдаг болжээ. Ийнхүү тэмээ болон тэмээчдэд тун ээлтэй нэгэн ажил тэнэгэр говьд хэрэгжиж эхлээд байна.

“Солид партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнд-Аюуш:
АНХНЫ ИНГЭНИЙ ФЕРМД АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ ГЭЭД ЗҮТГЭЖ БАЙНА  
-Монголын анхны ингэний ферм байгуулах сэдэл санаа хэрхэн төрөв?
-Манай компани нь 100 хувийн дотоодын хөрөнгө оруулагчтай компани бөгөөд Монголынхоо бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн хийхээр судлаад явж байхдаа ингэний сүүний үйлдвэр байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзээд ингэний фермээ байгуулсан юм. Өмнөговь аймаг бол тэмээний цөм сүрэг. Монгол Улсын хэмжээнд 470 мянган тэмээ байгаагаас 190 мянга гаруй нь тус аймагт  байдаг учир ингэний фермээ энд байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Эхний ээлжинд ингэний хуурай сүүг экспортод гаргая гэж төлөвлөж байгаа.  Учир нь, ингэний хуурай сүү дэлхийн зах зээл дээр шинэ тутам танигдаж байгаа бүтээгдэхүүн ч ямааны сүү, гүүний саамаас шим тэжээлээрээ хамаагүй илүү. Олон талын ашиг, тустай болохыг судлаачид судлаад гаргаад ирлээ.  Арабын орнууд болон БНХАУ-ын судалгаанаас харахад хоёр бөхт ингэний сүүний ашиг шимийг судалсан шинжлэх ухааны өгүүллүүд хэвлэгдээд эхэлчихсэн. Иймд бид хоёр бөхт ингэний сүүгээ дэлхийн зах зээлд гаргах цаг нь болсон гэж үзээд энэхүү том төслийг зориг гаргаад хийж эхлээд байна.  2024 оныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сангаас “Тэмээний жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулаад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сангаас манай фермд дэмжлэг үзүүлсэн. Бид зөвхөн үйлдвэр байгуулаагүй, Даланзадгад сумаас гадна Ханхонгор суманд бас загвар ферм байгуулж байгаа. Гадаад зах зээлд гарахад бидэнд түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэлт хангалттай байх хэрэгтэй. Монголын дотоодын зах зээл хэтэрхий жижиг учраас олон фермийг даагаад явах чадваргүй байдаг. Хуурай сүү хийхэд хангалттай хэмжээний ингэний сүү хэрэгтэй. Гэтэл бид дангаараа энэ их сүүг нийлүүлэх чадвар одоохондоо байхгүй учир тэмээчдээсээ ингэний сүү худалдаж авах болно. Иймд загвар фермээ Ханхонгор суманд байгуулж, улмаар малчдаасаа нэмэлтээр ингэний сүүгээ авах юм.
-Ингэний сүүний анхны ферм гэдгээрээ бэрхшээл хэр байна?
-Ингэний сүүний чиглэлээр манай улсад өмнө нь ферм байгуулагдаж байгаагүй. Тэмээний ферм нь голдуу үржлийн буюу нөөцийн санг сайжруулах чиглэлээр байдаг.  Иймд бидний хийж буй бүх ажил маань цоо шинэ. Ингээ бүртгэлжүүлэхээс эхлээд сүү саалиа авах, идэш тэжээлийг нь тааруулах гээд бүх ажлыг шинээр хийж байна.  Одоо бид ингэнээсээ өдөрт 200 гр сүү авч байна. Дөнгөж саалинд сургаж эхэлж байгаа учир маш бага гарцтай байна. Гэтэл Өвөрмонголд нэг ингэнээс 5-6 л  сүү сааж байна, хамгийн багадаа 2 л авдаг. Гэхдээ бид удахгүй ийм хэмжээнд авдаг болно гэсэн итгэлтэй ажиллаж байна. Энэ жил авсан ингэнүүдээ тэжээсээр байгаад зарлага их гарч байгаа ч нөгөө талаасаа харахаар судалгааны ажлаа давхар хийчихэж байгаа учир цаашдаа ферм байгуулах алдаа оноогоо суралцаад явж байна гэж өөдрөгөөр харж байгаа. Ингээд тоочвол олон бэрхшээл байна. Гэвч бид энэ бүхнийг маш том хариуцлага гэж харж байгаа. Манай ингэний фермийг харж ажиглаж байгаа маш олон тэмээчид байна. Тэмээчид маань бидэнтэй ирж уулзаад “Үнэхээр энэ танай ингэний ферм амжилттай болбол бид  ч гэсэн ингэж нүүдэллэж явмааргүй байна, ингэний фермээ байгуулаад тохитой тухтай амьдармаар байна” гэж хэлдэг. Өмнө нь ганц нэг малчин тэгж хэлсэн бол өнөөдөр Өмнөговийн бараг бүх тэмээчид манай фермийг хараад байж байна. Иймд энэ малчдын нүдэн дээр манай ферм унах юм бол Монголд дахиж ийм ферм  байгуулахад их хугацаа шаардана. Сүүлдээ малчид байтугай Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай аймгуудад ингэний ферм байгуулах гээд зорьж зүтгэж яваа олон хүн бидний ажлыг бас хараад байж байгаа учир бидэнд ухрах зам байхгүй. Одоо бидэнд хэцүү байгаа ч даваад гарах ёстой гэж бодоод л ажиллаж байна даа.  
-Ингэний сүүний ашиг тус эрдэмтэн судлаачдыг хүртэл гайхашруулаад байгаа. Тэгэхээр танай үйлдвэр ашиглалтад орсноор ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юу?
-Ингэний сүүний ашиг тусын талаар маш олон судалгаа хийгдэж байгаа. Эхнээсээ зарим судалгаа нь шинжлэх ухааны сэтгүүлүүд дээр гарсан байна. Монголчууд ингэний сүүн бүтээгдэхүүнийг эртнээс нааш хэрэглэж ирсэн байдаг. Харин энэ бүхэн нь өнөөдөр шинжлэх ухаанаар батлагдаж, нярай хүүхдийн төрсний дараах шарлалтад маш үр дүнтэй болох нь нотлогдлоо. Монголд хийсэн судалгаагаар, нярайн шарлалтаас үүдэж уналт таталттай болсон 15 мянга гаруй хүүхэд байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ингэний сүүг хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд, сүүний нийлүүлэлт ийм бага байхад нэг бүтээгдэхүүний гарах өртөг өндөр болно.  Ийм өндөр өртөгтэй бүтээгдэхүүн гаргахад иргэдийн худалдан авах чадвар буурах учир эргээд манай үйлдвэрт алдагдалтай. Нийлүүлэлтээ тогтворжуулсны дараа эрүүл мэндийн шинж чанартай бүтээгдэхүүнээ хийхээр зорьж байна. Мөн чихрийн шижин, жирэмсэн үеийн хавагнал гэх мэт олон өвчинд үр дүн өндөртэй тул хатаамал хэлбэрээр дэлхийн зах зээл дээр гаргахын зэрэгцээ дотоодод шингэн болон хоормог хэлбэрээр гаргах болно.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=