Зарим хэрэгт цус, нулимс нэвчсэн байдаг нь "мангас" Доржоос эхлүүлээд монгол, орос харгис байцаагчдын гарт нухлуулж, хорихын хүйтэн өрөөнд шаналж суусан хөөрхий монгол бүсгүйчүүдийнх билээ.
Бүсгүй хүнийг уяхан гэлцдэг. Баярлаж, гомдон, гунихдаа нулимс мэлмэрүүлэх нь энүүхэнд. Харин хөвгүүдийг "Эр хүн байж охин хүүхэд шиг уйлж болдоггүй юм" гэж хатуужуулна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед, "улаан терроризмын" эрүү шүүлтэд өртөж хувь заяа нь төгссөн сайд түшмэл, дарга цэрэг, лам хар, ард тайж олон мянган монгол эрийн мөрдөн байцаалтын хавтаст хэрэгт цусан толбо байхаас бус нулимсны ул мөр анзаарагддаггүй. Харин зарим хэрэгт цус, нулимс нэвчсэн байдаг нь "мангас" Доржоос эхлүүлээд монгол, орос харгис байцаагчдын гарт нухлуулж, хорихын хүйтэн өрөөнд шаналж суусан хөөрхий монгол бүсгүйчүүдийнх билээ. Судлаачдын саяхны тооцоогоор нийт хэлмэгдэгсдийн 0.2 хувь буюу 60 орчим нь бүсгүйч хүн байжээ. Энэ нь 500 хэлмэгдэгч бүрийн нэг нь эмэгтэй хүн байсан гэсэн үг. Тэдний дунд Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан байсан нь нэн эмгэнэлтэй. Богдтой хориод жил ханилсан Улсын эх дагина Дондогдулам хатан 1923 оны эхээр таалал болжээ. Зун нь Богд хааны баз хүргэн, шадар сайд, Хөвчийн жонон ван Цогбадрахын хошууны Дэчинчойлин хийдэд Богдтой ивээл жилтэй 15 бүсгүйг цуглуулан буддын шашны ёсоор нэрсийг шодоход хамгийн эхэнд 1906 оны Сүрээр дарсан хэмээгч гал морь жилтэй Цэенпилийн нэртэй хуудас гарснаар түүнийг Эх дагины хойт дүр мөн хэмээн тодруулжээ. Богд хаан Цэенпилд Юмчагмаа гэдэг нэр хайрлан Цагаан дарь хэмээн өргөмжилснөөс гадна унадаг өвчтэй байсан тул чойжин болгож, сахилын нэр хүртээсэн нь Гэнэнпил болой. Гэвч 1924 оны хавар Богд хаан тэнгэрт хальж, Гэнэнпилд Богдын сангаас тусгай өмч хөрөнгө олгож төрхөмд нь буцаажээ. Нутагтаа очоод тэрбээр Лувсандамба гэдэг бөх залуутай ханилж, хоёр охин төрүүлэн амар жимэр суух болов. Зөнгөөрөө амьдран суусан Гэнэнпилийг ногоон малгайтнууд зүгээр орхисонгүй, Монголын хамгийн том феодал байсан Богдын хатныг зүгээр үлдээх нь улааны номонд харш байсан төдийгүй зөвхөн хааны хатан байсан нь Зөвлөлт, Монголын чекистүүдэд түүнийг үгүй хийх санаархлын үндэс, хангалттай том шалтаг болжээ. Гэнэнпил хатан руу дайрсан Дотоодыг хамгаалахынхны 1932 оны довтолгоог Арвайхээрийн Гэндэнгийн Шинэ эргэлтийн бодлого хааж чадсан боловч олон мянган монголчуудын амийг залгисан 1937- 1939 оны улс төрийн их шуурга тэр бүсгүйг ор мөргүй хаман одсон юм. Баримт сөхвөл, Японы тусламжтайгаар ардын хувьсгалт засаг төрийг устгах гэж байсан хэргийн материал цугласан гэх үндэслэлээр Н.Гэнэнпилийг баривчлан хорьж байцаах тогтоолыг Дотоод явдлын яамны Хэнтий аймаг дахь Ангийн эсэрг үүцэн тагнах хэлтсийн хэрэг эрхэлсэн төлөөлөгч Очирпүрэв төл өвлөж, тус Ангийн дарга Л.Рэнцэн 1938 оны есдүгээр сарын 21-нд баталжээ. Улмаар маргааш нь хатантныг дайчлан баривчлах баримтад гарын үсэг зурж, ажилтнууддаа үүрэг өгчээ.
Үнэн хэрэгтээ энэ нь жүжиг байсан бөгөөд баривчилгааг хууль ёсны дагуу явуулсан мэтээр харагдуулах гэсэн оролдлого байсан юм. Учир нь, тэд энэ үед Н.Гэнэнпилийг хэдийнэ баривчилж, Өндөрхааны шоронд байцааж байсан аж. Цаг тийм л цөвүүн байсан ажгуу. Хавтаст хэрэг дэх баримтаас үзэхэд ДЯЯ-ны Онон Хурх дахь ангиас тусгай томилогдсон төлөөлөгч Дамдинжав гэгч буриад эр баривчлах баримт батлагдахаас найм хоногийн өмнө буюу 1938 оны есдүгээр сарын 13-нд Адуутын Наваанлувсангийн өргөмөл охин Гэнэнпилийг баривчлан, гэр орныг нь нэгжин хөрөнгийг нь хураачихсан байв. Хатантныг хэдэн удаа байцаасан нь тодорхой бус боловч архивт гурван удаагийн байцаалтын тэмдэглэл хадгалагдан үлджээ. Шарав гэгч төлөөлөгч 1938 оны есдүгээр сарын 22-нд зөвхөн биеийн байцаалт авсан байна. Эл мэдүүлэгт "Наваанлувсангийн Гэнэнпил би 33 настай. Хэнтий аймгийн Дадал сумын харъяат, багийг мэдэхгүй. Барьцын булан хавиар нутагладаг. Гэр нэг, ам бүл зургаа. Эцэг Наваанлувсан нас 60 гаруй, эх Тунгаа нас 60 гаруй, миний нөхөр Лувсандамба нас 38, миний охин Цэрмаа нас арваад, мөн охин Доржханд нас 10 гаруй" гэх зэргээр өчсөн нь тэмдэглэгдэн үлджээ. Харин "Лхүмбийн хэрэг"-ийг мөрдсөн байцаагч оросуудаас "хэрэг хүлээлгэх" аргад суралцаж, Хэнтийн До яамыг олон жил тэргүүлсэн "шар" хэмээх Л.Рэнцэн 1938 оны аравдугаар сарын 26-ны байцаалтын үед Н.Гэнэнпилд улс төрийн хэрэг тулгаж, 1. 1935 онд Улаанбаатарт нөхрийн хамт ирж Цогбадрах вангийнд буудаллахдаа Ардын засгийг устгах талаар түүнээс сонсож байсан. 2. 1936 онд Барайбун хийдийн Номун хан лам Найдансүрэнгийн удирдсан хувьсгалын эсэргүү байгууллагад элсэн орж, шашныг мандуулахын тулд Ардын засгийг устгах зорилгоор бослого гаргахаар бэлтгэж байсан. 3. Түүнээс хойш ойр хавийн ардуудад Ардын засаг өөрчлөгдөх тухай суртал ухуулга хийж байсан ба өөрөөс нь гарч бусдад үрчлэгдсэн хараа муутай бүсгүйг Богдын хойд дүр мөн байж болзошгүй гэх зэргээр ярьж ардуудыг хувьсгалын эсэргүү хэрэгт татаж байсан. 4. Богдыг залах ба шашныг дэлгэрүүлэх зорилтоор 1936 онд Гүртэн ламын хуралд 130 төгрөг шилжүүлэн нэгэн хурал дааж хуруулсан гэх хэргүүдийг хүлээлгэсэн байдаг. Мөн 1938 оны аравдугаар сарын 12-нд Очирпүрэв гэгч нөгөөх эр Цагаан дарийг байцааж, хувьсгалын эсэргүү, улс төрийн хэрэг үйлдсэн гэдгийг нь баталсан мэдүүлэг гаргуулснаар Н.Гэнэнпил хатан улс төрийн хэрэгтэн болон хувирч, зам мөр нь шулууджээ. Хавтаст хэргийг уншиж, хуудас болгоныг нь имэрч суухдаа Н.Гэнэнпил хатантан Дотоод яамны эрүү шүүлтийг өөрийн хэр чинээгээр тэсвэрлэсээр эцэстээ улс төрийн хилс хэрэгт унахаас өөр аргагүй болсон нь анзаарагддаг. Мэдүүлгүүдийн төгсгөлд гарын үсэг нь байхгүй, зөвхөн ягаан өнгийн бэхэнд дүрж дарсан хурууны хээ буй. Хаант төрийн есөн эрдэнийн нэг хатан хүн монгол, төвд бичгийн аль алинаар нь мутрын үсгээ зурчих эрэмбэтэй байсан нь эргэлзээгүй юм. Тиймээс хурууны хээ Н.Гэнэнпил хатанд улс төрийн зохиомол хэрэг тулгасны баталгаа болон үлджээ. Тэрчлэн, намрын жиндүү цагаар Хорих газрын хаяа хатавчаар нь салхи сийгсэн, галгүй, чийг даасан ханхай гэрт хоол ундгүй шахам хоригдож байсан цэл залуухан бүсгүй Н.Гэнэнпил хатантан ямар их зовлон зүдгүүрийг гэтлэн, турьхан биеийнхээ тэнхээгээр амьдралын төлөө чин үнэнийг хамгаалан тэмцэж байсныг цус, нулимс нэвшрэн толботсон хавтаст хэргийн хуудас бүр илчлэн, сэтгэл зүрхийг шимшрүүлнэ. Гэтэл Н.Гэнэнпил хатантны бие нь Өндөрхааны хориход, хавтаст хэрэг нь Хэнтий аймаг дахь Дотоод яамны хэлтэст байхад 1938 оны арваннэгдүгээр сарын 22-нд ДЯЯ-ны төв байранд хуралдсан тус яамны сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны дарга Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй Онцгой Бүрэн Эрхт Комисс гэгч шүүх эрх мэдлийг шүүхээс гадуур эдэлсэн хууль бус байгууллага түүнийг "эх орноосоо урваж, Ардын засгийг устгаж, империалист Японы дэмжлэгтэйгээр Хаант засгийг сэргээн байгуулахаар завдсан" гэж буруутган, буудан алж, хөрөнгийг нь хураах ял оноосон байдаг. Тэр гурван "эрхэм дээдсийг" сүүтэй цай, бууз хуушуур зөөлгөн ууж, идэж байх зуурт Монголын сүүлчийн хатантан бурханы оронд залагдчихаад байжээ. Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын үрээр улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн асуудлыг нягтлан шалгах явцад Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1991 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 110 дугаар тогтоолоор 1938 оны уг хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Гэнэнпилийн нэр төрийг сэргээн цагаатгажээ. Гэвч нугалаатны дүйвээнээр 1932 онд эсэргүү феодал гэж хөрөнгөө хураалган баривчлагдаж, хар гэрт хоригдон хавчигдаж байсныг нь гүйцэд нягтлалгүй орхигдуулснаас Монголын сүүлчийн хатантны нэр нь сэвтэй, аньсага нь чийгтэй оршсоор байна. Хатантныхаа гэгээн нэрийг бүрмөсөн цайруулж, нулимсыг нь "арчиж өгөхсөн".
Х.МӨНХБАЯР (УТХ-ийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний докторант)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.