ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮНДЭСНИЙ СИСТЕМЭЭ ХАМГААЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА


ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Ханап хангал зээрд” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем”-ийг өнөөдөр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол улс даяар 897 мянга орчим цахилгаан эрчим хүч хэрэглэгчид байдаг гэсэн тооцоо байдаг. 2020 оны байдлаар манай улсын эрчим хүчний нийт хэрэглээ 8,851.3 сая кВт.цаг байжээ. Нийт хэрэглээ жилд хоёр хувиар өсч байгаа нь олон мянган цахилгаан хэрэглэгчийн төлбөр тооцоо, бүртгэл лавлагааг цахимжуулах, хяналтын системээр удирдах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Энэхүү бүх төрлийн тоолуурыг удирдах боломжтой эрчим хүчний хяналтын систем нь монгол инженерүүд өөрсдөө хөгжүүлсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд үргүй олон зардлыг хэмнэж өгөхөөрөө давуу талтай юм. Энэ талаар төслийг хэрэгжүүлэгч, “Ханап хангал зээрд” компанийн гүйцэтгэх захирал Д.Амарсанаа ийнхүү ярьж байна.
"Монгол Улсын эрчим хүчний систем дээр тоолуур, хэмжих хэрэгслүүдэд гадны буюу хөндлөнгийн нөлөөллийн программуудтай. Тэгэхээр бидний өөрсдийн аюулгүй байдал болох эрчим хүчний системээ хамгаалах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, өөр өөр газруудаас тоолуур орж ирсэн ч бид Монгол Улсын хэмжээнд өөрийн эрчим хүчний системийг хамгаалж авч үлдэхгүй бол болохгүй. Ийм эрсдэлт байдалд хүрсэн учраас цахим шилжилтийн процессын дагуу хамгийн анхны хэмжих хэрэгслүүд буюу айл өрхүүдийн тоолууруудын мэдээллийг нэгдсэн цахим систем рүү татах боломжуудыг бид бүрдүүлж өгч байгаа юм. Ингэснээр түгээх компаниуд болон хэрэглэгчдийн хоорондын заалтын маргаан, мөнгө төгрөгийн асуудлыг бодит байдлаар шууд хянах учир зохицуулах боломжууд үүснэ. Дараагийн нэг асуудал нь дуудлага буюу гэмтэл саатал гарсан үед айл нь эзэнтэй байна уу, эзэнгүй байна уу хамаагүй тоолуураас мэдээлэл авч чадаж байгаа учраас асуудлыг шуурхай ажиллагаагаар шийдэх боломжууд бий болно. Мөн чанартай эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээх нөхцөл бүрдэнэ. Иймд Монгол Улс даяараа нэгдсэн системтэй болох нь чухал. Тоолуурын мэдээллийг нэгдсэн систем дээр хянаад, алдагдал хаанаас гарч байна, юунаас болж үүсэж байна гэдгийг тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, хянах боломжуудыг бүгдийг бүрдүүлчихэж байгаа юм. Тиймээс алдагдлыг бууруулах боломжтой гэж тооцож байгаа. “Алсаа хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого дахь “Эрчим хүчний сэргэлт”-д энэ бүхэн үр нөлөөгөө өгнө гэж найдаж байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=