ДЭЛХИЙ ДАХИНЫГ АЛМАЙРУУЛСАН ХАНЖӨҮ НААДМЫН НЭЭЛТ


Олимпийн наадмын дараа ордог хамгийн олон улс оролцдог Ази тивийн шилдгүүд цуглардаг Азийн спортын 19 дүгээр наадам энэ сарын 23-нд Ханжөү хотод ёслол төгөлдөр нээлтээ хийсэн билээ.  Ханжөү бол Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хотын нэг бөгөөд аялал жуулчлалаараа алдартай хот юм. Хятадын ардын дунд “Тэнгэрт диваажин байна. Газарт Сүжөү, Ханжөү байна” гэсэн хэлц үг бий.  "Азийн давлагаа" сэдэвт наадмын нээлтийн ёслолд технологи, уламжлалыг хослуулан нээлтээ хийсэн нь урьд өмнө болж байгаагүй маш шинэлэг бөгөөд сонирхолтой нээлт боллоо хэмээн дэлхий даяар шуугиж байна. 

Нээлтийн үзүүлбэрээс хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан нь галт бамбарыг анх удаа дижитал хэлбэрээр асаасан нь үзэгч олныг алмайрууллаа. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүн тайзнаа бамбар барин гүйж, түүнтэй зэрэгцэн усанд сэлэлтийн олимпын аварга Ван Шүнь зэрэг тамирчин наадмын галт бамбарыг асаасан нь бидний амьдарч буй цаг үе технологийн эрин, дижитал эрин болсон гэдгийг хүмүүст маш тод мэдрүүллээ. Уламжлалт салют болох гэрэлт буудлагыг  мөн цахимаар гүйцэтгэсэн нь технологийн хүчин чадлыг ашигласан байгальд ээлтэй эко шийдэл болсон юм.  Наадмын нээлт нь өөрчлөлт, хувьсал ихтэй энэ цагт дэлхийн нийтээр итгэл найдвараа алдалгүй урагш алхаж, сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох учиртайг илэрхийлсэн юм. 



Спорт бол хүн төрөлхтөн нэг утгаар ойлгодог хамтын үг хэл юм. Түүхэндээ, аливаа том тэмцээн наадмын нээлт  олон орны хүмүүсийн холбоо харилцаа, соёлын солилцоо, хүмүүсийн нөхөрлөлийн орон зай болж байдаг юм. Өмнө зохиогдсон "Бээжин-1990",  "Гуанжоу-2010" Азийн наадмууд болон энэ удаагийн "Ханжөү-2023" наадмын нээлтийн ёслол өөр өөрийн өвөрмөц өнгө төрхтэй боллоо. Ханжөүгийн наадмын нээлт дээд технологи, дижитал хөгжил дэвшлийг түлхүү ашигласан нь Азийн наадмуудын түүхэн дэх онцгой содон дүр зураг, гангараа боллоо.  Наадмын нээлтэд оролцсон ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, "Хүмүүсийн урмыг хөгжөөсөн ийм гайхамшигт наадам зохион байгуулж буй Хятад улсад баяр хүргэе. Ханжөүгийн наадам шинэ жишиг тогтоолоо. Дижитал технологийн дэвшилд түшиглэсэн спортын наадмын гайхалтай нээлт үзлээ. Хаягдал зүйлс ашиглаж дэд бүтэц байгуулсан, нүүрстөрөгч бага ялгаруулах үзэл баримтлалыг бататгасан зэрэг шийдлийг харлаа. Энэ удаагийн наадам тамирчдад хамгийн тааламжтай Азийн наадамд байх нь гарцаагүй" гэжээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=