Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн мэдээлснээр, ОХУ-тай хил залгаа Цагааннуур, Боршоо, Алтанбулаг боомтуудад холбогдох албаны гурван ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж, ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Засгийн газрын хурлаар маргааш оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэр гаргасан байна.
Алтанбулаг боомтоор орж ирсэн нийт 40 орчим тээврийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрсэн. Сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд 20 орчим тээврийн жолоочоос халдвар илэрлээ. Эдгээрээс гурван жолооч нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан. Нийтдээ үлдэж буй 37 жолоочийг тэр холоос авч ирж, ХӨСҮТ-д эмчлэх нь халдвар хамгааллын байдал алдагдах эрсдэлтэй учраас Алтанбулаг боомтын ачаа тээврийн хоёр сарын хугацаанд хаах шийдвэрийг гаргажээ. Тэнд ажиллаж байгаа алба хаагчдын өвлийн хамгаалалтын хувцаснаас авахуулаад тээврийн жолооч нарын эрсдлийг бууруулахын тулд хоёр сарын хугацаанд ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж, сэлгэж ачих талаар ярилцаж байна. Энэ нөхцөл байдал өргөн хэрэглээний үнэд нөлөөлөхгүй байх үүднээс судалгаа хийж Алтанбулагийн боомтод бүс байгуулж, тэндээсээ ачааг сэлгэж ачих, төмөр замаар тээвэрлэх юм байна.
Одоогоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гаригийн зохицуулалттайгаар нээнэ. Боршоо боомт дээр 30 орчим нефтийн бүтээгдэхүүн ачсан машин ирээд буй. Үүнийг хилийн төлөөлөгчдийн хэлэлцээрээр оруулж ирснээр баруун бүсүүдэд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй байх тооцоо судалгааг хийсэн. Хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаан болгоноор хэлэлцэж байгаа. Энэ дагуу салбар яамнаас ажиллаж байгаа. Монгол Улс өндөгний импортын нийт 94 орчим хувийг ОХУ-аас Алтанбулаг боомтоор оруулж ирдэг. Сэлэнгэ аймагт ажилласан Онцгой комиссын гишүүдээс Алтанбулагийн боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлснийг хэлэлцэх юм байна. Гэхдээ УОК-ын шийдвэрийг маргааш буюу Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.