ХҮНСНИЙ 20 ДЭЛГҮҮРИЙН ӨМНӨХ НҮСЭР ЗОДООН



  1982 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр Дөчин мянгатын Хүнсний хорьдугаар дэлгүүр хавьцаа мундаг том зодоон болж байсныг тэр үеийн хүмүүс эдүгээ санаж байгаа болов уу. Энэхүү нүсэр зодооныг цагдаа нар зогсоох гээд хүчрээгүй бөгөөд эцэст нь гал команд ирж ус шүршээд ч бараагүй юм. Зодоон болдог өдрийн 13 цагийн орчим Хүнсний 20-р дэлгүүрийн өмнө явж байсан нэг байлдагчийг комендантын цэргүүд шалгаж, улмаар зодож эхэлсэн байна. Тэнд байсан хүмүүс зодуулж байсан цэргийг өмөөрч эргүүлийн цэргүүдийг зодохоор дайрч эхэлсэнээр энэ явдал үймээний хэмжээнд хүрчээ. Тухайн үедээ 30-40 хүнтэй байсан үймээн 16-17 цагийн хооронд 1000 гаруй хүний үймээн болж өргөжсөн байна. Ер нь дал, наяад оны үед хотоор яваа цэргүүдийг комендантынхан хаана ч тэр улаан цайм хөөж эсэргүүцсэнийг нь зодож нүдэх энүүхэнд байлаа. Тиймээс хотын иргэд үүнийг хараад дотроо битүүхэн дургүйцдэг байсан нь Хүнсний хорийн зодооны эх үндсийг тавьж орхижээ. Үймээнд оролцсон иргэд комендантын цэргүүдийг эсэргүүцэхийн зэрэгцээ Оросын элчингийн байшин руу чулуу нүүлгэж байсан гэдэг. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол тухайн үедээ оройн 20-21 цагийн үед үймээнд оролцогсод 40-50 мянгад хүрч байсан гэдэг. ХХ зууны Монголын түүхэнд гарсан үймээнээс хамгийн олон хүнийг хамарсан нь “Хүнсний хорийн зодоон” байлаа. Ерээд оны үед “Ил товчоо” сонинд тухайн үед УЦСЕГ-ын дарга байсан А.Думбурай генералын өгсөн ярилцлагаас харахад,

  ...Хүнсний хорийн үймээнийг цэрэг, цагдаагийн хүчээр дарах гээд чадаагүй тул гал командын усан буу хэрэглэсэн, энэ бүхний улмаас тухайн үеийн ханшаар улсад 30 мянган төгрөгийн хохирол учирч байжээ. Өөр нэгэн баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол дээрээс өгсөн үүргийн дагуу Хилийн цэргийн 05-р анги дээр Сангишарав генерал цэргүүдийг бэлэн байдалд оруулчихсан байсан гэж ярьдаг. Хүнсний хорийн зодоон гэж нэрлэгдсэн энэ үймээний дараа 200 орчим хүнийг “Ганц худаг”-т хорьж саатуулж, зарим нэг хүнд ял өгч байлаа. Уг үймээнийг нийгмийн хэв журам зөрчсөн жирийн нэг үзэгдэл гэж үзэх нь тун эргэлзээтэй бөгөөд нам, ард түмний бат нягтрал хэзээ нэгэн цагт бутарч болохыг харуулсан жишээ болж түүхэнд оржээ. Өөрөөр хэлбэл оргодол цэрэг өмөөрсөн нийгмийн сэтгэл зүй нь цаашдаа үймээний оргил үедээ утга учиргүй ах дүүгийн барилдлагаат Найрамдал-Дружба, оршин буй бэлэнчлэх сэтгэлгээтэй нийгмийн хуурамч дүр төрхийг эс тэвчих, нэг намын хатуу дэглэмийг эсэргүүцсэн нийгмийн сэтгэл зүй болж хувирсан байдаг. Мөнхүү үзэл санаа нь яван явсаар 1990 оны Ардчилсан хувьсгалд бас нөлөөгөө үзүүлсэн байх талтай. Хүнсний хорийн зодооныг комендантын цэргүүд чөлөөгүй явсан ганц цэргийг барьж авч зодсоноор эхэлсэн гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэтэл анхандаа бол Ардын армийн 229-р ангийн арав гаруй цэрэг Хотын комендантынхантай зодолдсон байдаг. Би бээр уг зодооны хамгийн гол гэрч төдийгүй дуулиант зодооныг анх эхлүүлсэн гэж хэлж болохоор Ж.Аюур хэмээх эрийг сурагласаар яваад саяхан олж уулзлаа. Мань эр манай нэгэн олны танил атаман бөгөөд боссын жолоочоор олон жил ажиллаж байгаа юм байна. Тэр өгүүлэхдээ “Хүнсний хорийн зодооныг чөлөөгүй явсан ганцхан цэргээс үүдэлтэй гэж хүмүүс ярьдаг. Гэвч анхандаа бол бид олуулаа явсан юм. 1982 оны хавар цэрэг халагдах тун дөхөж байлаа. Манай анги бол Улиастайн дивизийн 229-р анги. Би тэр үед ахлах түрүүч цолтой байсан. Тэгээд нэг өдөр арав гаруй цэргээ удирдаад хотын төвөөр тэнэх юм боллоо. Ингээд бид Улсын их дэлгүүрээр орчихоод Хүнсний хорийн урдуур явж байтал хотын комендантынхан давхиж ирээд бидний өмнө ёсолдог юм. Баривчлах гэж яваа нь тэр л дээ. Тэгтэл манай нэг цэрэг комендантын нэг цэргийг үгийн солиогүй цохиод унагачихсан. Үүнээс болж бид нар комендантынхантай зодолдсон. Сүүлдээ бид эвгүйтэх тийшээ хандаад ирмэгц бушуухан холдохоор шийдсэн. Тэгтэл манай БатЭрдэнэ гэдэг цэргийг комендантынхан барьж аваад үлдчихсэн. Түүнийг бид салгаж авах гэтэл Бат-Эрдэнэ “Та нар эндээс яв. Бүгдээрээ баригдаад хэрэггүй. Би баригдсандаа баригдаад энд үлдэе” гэхгүй юу. Ингээд бид цэргийн анги руугаа явцгаасан. Тэгтэл юу вэ? Нөгөө Бат-Эрдэнээс чинь болж Хүнсний хорь хавиар бөөн зодоон болсон тухай орой нь сонсогдлоо. Комендантынхан Бат-Эрдэнийг зодож байхыг тэр хавийн ард иргэд харчихаад л түүнийг өмөөрөөд зодолдсон юм билээ. Одоо Бат-Эрдэнэ маань Батсүмбэрт амьдарч байна. Мөн тэр үед бидэнтэй хамт комендантынхантай зодолдсон Ганхуяг маань одоо Говьсүмбэр аймагт байна. Би тэр үед ахлах түрүүч цолтой, тэгээд бусдыгаа толгойлж явсан болохоор Хүнсний хорийн зодооны буруутан болж хувирсан. Тэгээд “Ганц худаг”-т 20 хоног хоригдож байлаа. Хүнсний хорийн зодоон чинь ийм учиртай юмаа” гэж дурсав.  Дөчин мянгатын Боби юм. Тэр өгүүлэхдээ: “...1982 оны Хүнсний хорийн зодооны талаар одоогоос хэдэн жилийн өмнө телевизийн нэвтрүүлэг гарсан шүү дээ. Энэхүү нэвтрүүлэгт Дөчин мянгатын “Маангаа” Баттөмөр бид хоёр оролцсон юм. Зодоон болдог өдөр би үерхдэг охинтойгоо “Ленин” клубт дөрвөн цагаас кино үзчихээд гэртээ орох гээд явж байсан чинь манай байрны гадаа хотын комендантын хэдэн цэрэг нэг цэргийг балбаж гардаг байгаа. Тэгтэл байрны гадаа нарлаж суусан хүмүүс “Болиоч ээ” гэж орилолдоод бөөн юм болсон. Тэр үед яг ажил тарж байсан болохоор хүмүүс Хүнсний хорийн автобусны буудал дээр цугларчихсан, мөн “Ард” кино театрт кино үзсэн хүмүүс тараад явж байсан болохоор хүмүүсийн бөөгнөрөл бий болчихгүй юу. Яг энэ үед зодоон болсон юм. “Маангаа” бидэн дээр гүйж ирээд “Комендантын хэдэн цэрэг тэр муу цэргийг ёстой алах гэж байна. Хэдүүлээ үзэлцэе” гэхээр нь бид ч “Алалцъя” гээд л дайраад орчихсон. Ингээд цэрэг, ардын хооронд бөөн зодоон болсон. Сүүлдээ цагдаа нар ирж биднийг болиулах гэсэн биш өөрсдөө зодуулаад, нөгөө цэрэг, ардын хоорондын зодоон чинь цагдаа, ардын хоорондын зодоон болж хувирсан. Яг л 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун шиг юм болсон. Тэр үед Дөчин мянгат хавиар яасан ч их чулуу байдаг байсан юм. Цагдаа нарыг барьж авч зодохын хажуугаар чулуу нүүлгээд ёстой алж өгсөн. Цагдаагийнхан нэмэгдэл хүч авчраад ч хүчрээгүй. Сүүлдээ тэд биднийг дийлэхээ байгаад гал командынханыг дуудсан. Төдөлгүй гал командынхан ирж биднийг усаар шүршсэн ч нэмэр болоогүй. Усны даралт нь аймаар өндөр, ямар сайндаа л нэг давхарын айлуудын цонхыг хагалж байлаа. Ийм аймаар даралттай усаар шүршээд байхад л улаан галзуу юм зодолдоод байж билээ. Оросын элчингийн өндөр байшингийн тагтан дээр оросууд битүү гараад зогсчихсон зураг мураг татаж аваад, тэр хавиар явсан жуулчид бас зураг дараад бидний зодооныг баримтжуулж байлаа. 1982 оны тэр зодооноор маш олон хүнийг баривчилсан боловч ганцхан “Маангаа” Баттөмөр л таван жилийн ял авсан. Яагаад гэвэл цаадах чинь Хүнсний хорийн наад талын цагдаагийн путкан дээр гараад мордчихсон “Цагдаа нарыг алаад өгье. Тэмцэцгээе” гэж хашгираад, тэр нь гай болж камерт өртчихгүй юу. Сүүлдээ нөгөө путкийг нь буулгаж нураагаад зодоончид золтой л шатаачихаагүй. Гэхдээ социализмын үеийн агуу чанар бас ажиглагдсан. Нөгөө буулгаж нураасан путкийг тэр шөнөдөө шинэчилж босгоод маргааш өглөө нь гэхэд үймээн самуун болсон гэх ямар ч ул мөргүй болгосон байж билээ. Өнөө цагт хэрвээ иймэрхүү юм болсон бол дарга нар нурсан путкийг харж гашуудаад л, телевизийнхэн зургийг нь авч нийтэд харуулж дуулиан дэгдээгээд л бөөн юм болох байлаа. 1982 оны тэр зодоон бол Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гоц үйл явдлуудын нэг мөнөөсөө мөн” гэж онцоллоо. 

Зохиолч Б.Ойдов


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=