ЛАМ НАРЫН ЭСЭРГҮҮ БОСЛОГО


Монгол Ардын Хувьсгалт цэргийн /МАХЦ/ ангийг удирдаж явсан комиссар Б.Элдэв-Очирын гар бичмэл, 1932 онд болсон эсэргүү бослогын талаархи архийн нэгэн баримтад “Хөвсгөлтйн Рашаантад боссон эсэргүүний үлдэгдлийг дарахад МАХЦ-ийн хоёр хороо ЗХУ-ын нисэхийн гурван онгоцны дэмжлэгтэйгээр хоёр удаа ширүүн тулаанд орж нийт 516 хүнийг буудан хороосноос шархдсан нь 123, олзлогдсон, баригдсан нь 490” гэж тэмдэглэсэн нь өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ. Энд 1932 оны эсэргүү бослогын хамгийн гол үүр уурхай нь тэр үедийн Цэцэрлэгмандалын аймаг буюу Архангай, Хөвсгөл аймгийн зааг нутаг дээр байсан Тариатын хүрээ болон Хөвсгөлийн Рашаантын хүрээнд оршиж байсан гэдэг. Комиссар Б.Элдэв-Очиирын тэмдэглэлээс харахад Рашаантын хүрээнд МАХЦ-ийн ангиудыг очих үед 1200 орчим эсэргүү ламаас бүрдсэн отряд Шамбалын дайны шар тугийн дор босч нэгдээд байсан бололтой. Гэхдээ Хөвсгөлийн босогчид МАХЦ-ийн ангийн хуягт танк, нисэх онгоцны өөдөөс дорвитой эсэргүүцэл үзүүлж чадалгүй тэгсхийгээд хоёрхон тулалдааны дараа ялагдсан ажээ. Харин Архангайн Тариатын хүрээ, Завханы Галуутын хүрээ орчимд төвлөрч байсан Шамбалын дайнд мордогсод 2500-3000 орчим хүнтэй байсан бөгөөд тэд Дотоодыг Аюулаас хамгаалах яамны төлөөлөгч Ц.Донров чекист Янсанжав нарын хоёр машинтай хүмүүсийг отоонд оруулж баривчлан “Шар малгайт” Дамдинүсрэн нь чекист Янсанжавын зүрхээр туг тахисан зэрэг үйл явдал нь түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. МАХЦ-ийн өөдөөс хамгийн их ширүүн эсэргүүцэл үзүүлсэн гол хүч нь Заяын хүрээний угшилтай Архангайн лам нар байсан тухай түүхэн тэмдэглэл бий. Мөн оны намар Хан-Өндөр хайрхан ууланд бүгсэн Түгж жанжин тэргүүтэй босогч лам нар МАХЦ-ийн Өлзийбатын удирдсан отрядыг бүслэн авч нэлээд тэвдүүлсэн бөгөөд цаадуул нь нисэх онгоц дуудаж байж арайхын бүслэлтээс гарч чадсан гэдэг. Эндээс хэрвээ 1932 онд хугт танк, пулемёт, нисэх онгоц гэх мэт орчим үеийн шинэ зэр зэвсэг байгаагүй бол МАХЦ-ийн морьт ангиуд боссон лам нарыг дийлэхгүй улс орон иргэний дайны галд умбаж мэдэхээр байсан нь шууд мэдэгддэг. Тухайн үед Архангай аймагт л гэхэд 2500 лам цуглараад байсан нь 1912 онд Ховдыг чөлөөлөхөөр цугларсан монгол цэргийн тоотой эн чацуу байгаа юм. Энэ талын архивын материалууд олон нийтэд тодорхой болж амжаагүй байгаа ч зарим албан бус мэдээгээр 1932 оны эсэргүү болсогыг дарахад Монголд байрлан байсан Зөвлөлтийн 339-р морьт эскадрон, хуягт машин, нисэх онгоцууд идэвхитэй оролцсон гэдэг. Ямар ч байсан МАХЦ болон бослогыг дарахаар нийслэлээс хөдөлсөн хүч лам нараас хамаагүй давуу байсан нь ойлгомжтой. Гэвч лам нар тэднийг дарах шахсаныг дээр өгүүлсэн билээ. Лам нарт зориг зүрх, дайчин байдлаас гадна сайтар боловсруулсан том төлөвлөгөө байсан нь ч саяхнаас илэрхий болоод буй. Өвөр Монголоос олдсон баримт бичгүүд үүнийг ба гэрчлэх юм. Уг төлөвлөгөөнд дурдсанаар бол Ардын засгийн газрын хавчлага шахалтыг лам хар ард иргэдийн бүх нийтийн бослогыг 1932 онд бус харин 1934 оны хавар эхлүүлэхээр тооцсон байжээ. Халхын томоохон хутагтууд энэ ажиллагаанд бэлдэн хилийн цаана Өвөр Монголд амьдарч байсан Банчин богдоос тусламж гуйж цаадах нь Өвөр Монголын Дэмчигдонров вангаар дамжуулан тухайн үед Манжуурыг эзлээд байсан япон цэргээс тусламж гуйж байсан нь нэгэнт ил болжээ. Ингээд 1932 онд Хятадын эсрэг тэмцэж явсан Өвөр монголын Дэмчигдонров, Төмөрдүүдэй нарын ван гүнгүүд тухайн үед бүгд Японы цэрэгт элсэн орж, Өвөр Монголын тугийн доор 40-50 мянган хүнтэй арми байгуулаад байсныг дурдах нь зүйтэй. Өвөр монголоос 1932 оны үед Монголын Жалханз хутагт болон Дилав хутагт, Егүзэр хутагт, Галсандаш нарын хүсэлтээр Өвөр Монголын Ордос дахь Банчин богдоор зуучлуулан Манжуур дахь Японы Квантуны армийн командлал 1934-1935 оны хооронд Монголд гарсан ямарваа нэг эсэргүүцэл хөдөлгөөнийг цэргийн хүчээр дэмжихэд бэлэн хэмээн зөвшөөрч байсан тухай баримт байна. Япончууд яагаад 1934-1936 онд туслах талаар амжлаж байсан бэ гэдэг нь ч их учиртай. Мөн онд япончууд Манжуурыг тал хагаст дөнгөж л цөмрөөд байсан бөгөөд тэд бусдад туслах нь байтугай Өвөр Монголын вангуудын тулсамжийг авч байсан юмсанж. Өнгөрсөн түүхийг эргүүлж үзэх үед нэг сонин асуулт байнга гардаг. Тэр бол “Хэрвээ тийм зүйл болсон бол дараа нь ямар үйл явдал урган гарах байсан бэ?” гэдэг асуулт билээ. Энэ жишгээр хэрвээ Монголын том толгой лам нар 1932 онд хэт их яарч хөдлөлгүй 1934 оныг хүлээж хүмүүсийг элсүүлж байгаад дараа онд халхын дөрвөн аймаг дахь 800 орчим сүм хийдээсээ зар тараан нэгэн зэрэг боссон бол яах байсан бол гэдэг асуулт тавиад үзье. Хэрвээ тэгсэн бол жинхэнэ Шамбалын дайн болох байсан нь эдүгээ тодхон харагдаж байгаа юм. Тухайн үед манай улсад ЗХУ-ын 3600 хүнтэй морьт корпус байрлаж байсан бөгөөд харин МАХЦ-ийн тоо 10 мянгад хүрч хуягт автомашин 26, нисэх онгоц зургаатай болоод байв. Харин энэ үед Өвөр монголын нутагт цөмрөн орж ирсэн Японы Квантуны армийн цэргийн хүчин чадал 250 мянгад хүрч байлаа. Үүнээс гадна Өвөр Монголын Дэ ван мэтийн хүчирхэг захирагчдын туган дор 60 мянга орчим горлос, барга цэрэг хятадуудтай тулалдаж байсан аж. Хэрвээ лам нар 1932 онд биш 1934 онд Санбэйсийн хошуунаас эхлээд Ламын гэгээний хийд, Рашаантын хүрээнээс Ноён хутагтын хийд хүртэл өргөн уудам зайг хамран нэгэн зэрэг боссон бол тэр даруй хилийн чанадаас Япон, Өвөр Монголын хамтарсан 100 мянга орчим цэрэг, хуягт машин, нисэх онгоцоор дэмжүүлэн цөмрөн орж ирж дэмжихэд бэлэн байлаа. Ийм тохиолдолд ЗХУ тухайн үед Азид цэрэг зэвсгийн хүчээрээ ааглан Хятадын тэн хагасыг булааж, Солонгосын хойгийг эзэлчихээд байсан Японтой байлдахаас эрс татгалзан Улаанбаатарт байсан морьт корпусаа буцаан татах байсан нь лав. Мэдээж Зөвлөлтийн цэргүүд эх нутаг луугаа буцсаны дараа монголчууд өвөр монголчуудтай сэлэм зөрүүлэхийг хүсэхгүй шууд бууж өгөх байсан нь эргэлзээгүй. Энэ бүхний үр дүнд Алтайгаас Хянганы нурууг давж, цагаан хэрэмд тулсан Хөх нуураас Байгаль далай Тувагийн хотгорт хүрсэн Нармай Монгол улс япончуудын тусламжтайгаар сэргэж мандах нөхцөл бүрдэх байсан нь дамжиггүй. Дэлхийн дайн дууссаны дараа бат бэх нэгдэж нийлсэн Ар, Өвөр Монголыг салган хуваах хэцүү байх байсан болов уу. Хэрвээ тийм үйл явдал болсон бол өдийд асар өргөн уудам гаазр нутагтай нэгдсэн Монгол улс гэж байх байсан юм. Чухамхүү ийм боломж байгаа гэж үзсэн учраас л Монголын лам нар хийгээд хутагт хувилгаад яарч адган 1932 оны эсэргүү бослогыг эхлүүлсэн ч байж болох юм. Харамсалтай нь тэд хавчаахай нум сумтай ядуу ардууд болон лам нар яарч адган эсэргүү бослого өдөөсний улмаас амжилтанд хүрч чадаагүй билээ. Тэрхүү оны лам нарын эсэргүү бослогын улмаас нийтдээ 12 мянган хүн буудуулж, 7800 хүн шоронд орж бараг 50 мянган хүн гадагшаа дүрвэн гарсан гэхээр манай улсад тэрүүхэн тэндээ л томоохон самуун мөргөлдөөн үүсссэн байгаа юм. Хамгийн ноцтой нь энэ үйл явдлын дараа ЗХУ нь манай улсад цэрэг зэвсэгээр туслах гэрээ байгуулж 1935-1936 оны хооронд 25 мянган хүнтэй цэргийн ангийг оруулж ирсэн байдаг. Тэд зүүн Азид хүчтэй өндийн гарч ирж байсан япончуудаас эмээж байсан учир манай улсаар жийрэг халхавч хийсэн хэрэг. Монгол улс жийрэг болсоноо  илтгэж 1939 онд Зөвлөлт, Японтой мөргөлдөх үед Халх голд болсон том дайнд татагдан оржээ. Мөн лам нарын бослогын улмаас Монголд коминтерний нөлөө маш их болж хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр хүүшлэн татаж эхэлсэн билээ. Лам нарын их баривчилгаа чухам энэ үеэс үүдэлтэй. Гэхдээ ч бас оргүй зүйлээр лам нарыг буруутгаагүй, ор үндэс байсан гэдгийг манай том толгой лам нар өвөр монголчуудаар дамжуулан япончуудтай холбогдож байсан явдал гэрчилнэ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=