МОНГОЛ ГЭРТ СҮНС ХОРГОДОГГҮЙ


Монголчууд нүүдэллэж явдаг аж байдал, ахуй амьдралдаа зохицуулан нүүлгэж барихад авсаар­хан гэр гэдэг үндэсний орон сууцтай болоод олон мянган жил болжээ.  Эсгий бүрээстэй учир зуны халуунд нарны хурц гэрлийг дотогш нэвтрүүлэхгүй сэрүүн, өвлийн хүйтэнд гадны  жаврыг оруулдаггүй дулаанаа хадгалдаг эрс тэс уур амьсгалтай монгол оронд маш тохиромжтой  сууц. Мөн бөөрөнхий хэлбэр нь хаалга нээгдэж хаагдахад агаарын солилцоог маш зөв эргэлдүүлж байдаг болохыг судлаачид олж тогтоосон байдаг. Гэртэй холбоотой маш олон сонирхолтой баримт, нотолгоо байдаг ч хамгийн хачирхалтай нь монгол гэрт сүнс хоргодоггүй  гэх яриа юм. Учир нь гэр нь дугуй хэлбэртэй ямар нэг өнцөг булан байдаггүй. Иймд талийгаач бологсдын сүнс гэрт хоргодох ямар нэгэн боломж байхгүй. Дээрээс нь хүн орж гарах тоолонд агаарын солилцоо явагддаг учир сүнснүүдийг тооноор гарч явдаг гэсэн домог яриа хүртэл байдаг.   Харин байшин бол өнцөг булан ихтэй учир сүнс ихээр хоргоддог аж. Ер нь бодоод байхад монголчууд эрт үеэс гэрт амьдарч ирсэн бөгөөд тэдний гэрт талийгаачийнх нь сүнс хоргоджээ гэсэн нэг ч яриа байдаггүй нь энэ бүхнийг батлах мэт. Гэтэл сүүлийн үед энэ байшинд сүнс хоргодсон, тэр ч байшин сүнстэй гэнэ лээ гэх мэт яриа их гардаг болсон нь өнөөх л өнцөг булантай холбоотой аж. Тэр ч байтугай байшиндаа сүнс нь хоргодсон байна,  тэгж гэр орныхноо дуудаж гэнэ, гэрт нь сууж байжээ  гэх мэт яриа их гардаг болсон нь өнцөг булан ихтэй байшинд суудаг болсны гай юм. Сүнс хоргодлоо гэдэг асуудал манай улсад урьд өмнө сонсогдож байгаагүй бөгөөд сүүлийн үед ийнхүү өдөр тутам шахуу дуулдах болсон нь үнэхээр энэ хотжилттой холбоотой байж болох юм.  Сүнс судлаачид ч гэсэн сүнснүүд өнцөг буланд хоргодох дуртай гэдгийг баталсан байдаг. Тийм ч болохоор  Европ, Америк зүгийн орнуудад сүнс хоргодсон тухай асуудал бүр их дуулддаг. Тэнд бол нэг байшинд олон жил сууж хүмүүс олон үеэрээ амьдарч, төрж өсч, үхэж үрэгдэж ирсэн учир тэнд үрэгдэгсэдийн хэн нэгнийх нь сүнс эд хөрөнгө, үр хүүхэддээ заавал хоргоддог байна. Тийм учир гадаад оронд сүнстэй гэгддэг байшин олон байдаг аж. 

Америкийн Чикаго хотод эзэнгүй болж сүнстэй гэгддэг 80 гаруй мянган орхигдсон байшин байдаг гэж хэвлэлд гарч байсан. Мөн Японд 8 сая гаруй байшин, бүр бүхэл бүтэн арлыг сүнстэй хэмээн ярилцдаг. Хотын захиргаанаас нь энэ олон байшинг эзэнтэй болгохын тулд үнэгүй авахыг хүссэн ч сүнстэй байшин авах зоригтой хүн одоогоор гараагүй л байна. Манай улсад ч сүнстэй гэж хүн суудаггүй, айл тогтдоггүй байшин барилга байдаг тухай сонин хэвлэлд зөндөө л бичигддэг. Гэтэл монголчуудын эртнээс нааш амьдарч ирсэн гэрт аль олон хүн нас барахыг тэр гэхэв. Монголчууд хэдэн мянган жилийн турш гэртээ л төрж, өсөн улмаар бурхан болж ирсэн. Харин гэрт сүнс хоргодсон гэж огт сонсддоггүй байсан нь нэг талаараа бөөрөнхий учир хоргодох газар олддоггүй,  нөгөө талаараа буулгаад зөөгөөд өөр газар барьчихдаг учир  сүнс нь дагаад явдаггүй, тухайн газраа үлддэг гэж ярилцдаг нь оргүй үг биш. Дээхнэ үед монголчууд хэн нэгэн нас барлаа гэхэд 49 хоногийг нь өнгөрөөгөөд заавал бууриа сэлгэдэг байсан нь сүнс хоргодуулахгүй гэсэн домтой ч холбоотой байж магад. Мөн талийгаачийн дуртай эд зүйлсээс ямар нэгэн юм буурин дээрээ орхидог нь ч түүний сүнсийг амар амгалан оршоох зорилготой аж. Гэртэй холбоотой нэгэн сүнсний талаар өдгөө 92 насыг зооглож буй Бадам эмгэн ийнхүү хуучилсан юм. “Эмэг эхээ өнгөрөхөд би дөнгөж 12 нас хүрч байлаа. Насаараа л мал адгуулж амьжиргаагаа залгуулж ирсэн манай удмынханд хэдэн бор гэрээс өөр өмч хөрөнгө гээд байх зүйлгүй байлаа. Эмэг эхийн бие муудахад  миний ээж гэртээ асарч байсан юм. Намрын налгар үеэс бие нь өвдөж хэвтэрт орсон эмэг минь өвлийг давж, хаврын урт өдрүүдийн нэгэнд бурхан болсон юм.  Үүр шөнийн заагаар амьсгалаа татсан эмэг ээжийг оршуулах ажил ч тэр дороо ундарч, хүн бүл муутай ч хэрэндээ л хөл хөгжөөн болж байсныг бүүр түүр санаж байна. Харин эмэг эхийг хойд энгэрт ил тавьж ирсний маргааш би эмэг эхээ орон дээр сууж байгаагаар харсан юм. Гэтэл үүнийг миний аав ээж ч олж харсан бөгөөд хоорондоо “Хөөрхий дөө, сүнс нь хоргодож, олон сар хэвтэрт байсан аргагүй дээ” хэмээн шогширч байхыг өөрийн чихээрээ сонссон юм.  Ингээд тэд эмэг эхийн сүнсийг диваажин руу мордуулахаар хаврын нэгэн хавсаргатай өдөр хаяагаа шууж бүтэн өдөр болсон юм. Нар бууж, бүрэнхий болох үед  хаяагаа буулгасан билээ. Тэр цагаас хойш эмэг эхийн маань сүнс бидэнд харагдаагүй. Бодвол  хаврын хавсарганд хаа нэгтээ туугдаад явсан байх. Үнэхээр монгол гэрт сүнс хоргодоггүй юм шүү дээ” хэмээгээд яриагаа өндөрлөсөн юм.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=