С.ЭРДЭНЭ: Х.БАТТУЛГА ШИГ УЛС ОРНОО, АРДЧИЛСАН НАМАА СҮЙРҮҮЛСЭН УДИРДАГЧ БАЙХГҮЙ


Ардчилсан нам ээлжит бус XIII их хурлыг МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр өнгөрөгч амралтын өдрүүдээр зохион байгууллаа. Тус их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1392 төлөөлөгч оролцохоор мандатаа авчээ.  Хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ  ээлжит бус хурлыг нээж үг хэлсэн юм.  Тэрбээр  “Нийгмийн хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед зохион байгуулж байгаагаараа онцлог. Өнөөдрийн их хурлаар АН-ын  Үндсэн дүрмийг өөрчилнө. Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдэгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь дүрмийн бус бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Намыг бусниулж байсан урвагч нарыг оруулж ирсэн. Намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон. Тамга тэмдгээ авъя гэтэл тамга аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэж. АН-ыг хичнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл албан тушаалын төлөө улайраагүй. АН гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд  алдаж, оносон олон зүйл байсан. Монгол түмэнд эрх чөлөөг авчрах гэж АН-хан ямар ч үнэ төлбөргүй явж ирээгүй юм шүү. Зам зуур бидний журмын олон арван нөхөд  бурхны оронд заларсан. Тэдний маань үйл хэрэг мөнхөд оршино гэдэгт би эргэлздэггүй. АН дараа, дараагийн олон улс төрийн шалгалт, сорилтыг давах сэтгэлзүйн болоод итгэл үнэмшлийн бэлтгэлтэй ёстой. Эрх баригчидтай тэмцэж хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, АН. Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамч байна. Би энд нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй. Тиймээс би ардчилсан намаас түүнийг дэвшүүлсэндээ уучлал хүсч байна" гэдгийг онцолсон юм.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=