УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР УВС АЙМГАА ХӨГЖҮҮЛЭХ НЭРЭЭР УЛСЫН ТӨСВИЙГ ЦӨЛМӨЖ БАЙНА



Увс аймагт сүүлийн үед болоод буй хээл хахууль, авлигын асуудлаар  тус аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн ноцтой олон баримтыг дэлгэлээ. Тэрээр 2012-2016 онд Увс аймгийн Засаг дарга байсан бөгөөд үүнээс хойш олон удаа нэр төрд нь халдаж, гүтгэж байгаагийн цаад  захиалагчид нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гэж онцоллоо.  Тэрээр “2012 онд аймгийн даргаар сонгогдохдоо өөрийн томилсон албан тушаалтнуудад хандан авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдох, ах дүү садангаа төрийн албанд авах тухайд хатуу анхааруулж байсан. 2016 онд ажлаа өгсөн байхад өнөөдрийг хүртэл  гүтгэлгийн шинж чанартай зүйлүүдийг системтэйгээр цацаж байна. Үнэхээр асуудал байгаа бол би АТГ-т одоо ч шалгуулахад бэлэн. Увс аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй улсуудыг хамтдаа очоод шалгуулъя гэж байна. Би бэлэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонон дээрэмдэж дууслаа. Ямар ч бүтээн байгуулалтын цаана авлига, хээл хахууль явагдаж байдаг” гээд баримт дэлгэсэн юм.  Тухайлбал,  Увс аймагт улсын төсвийн 4 тэрбум төгрөгөөр усан бассейн барихаар гүйцэтгэгч  компани санхүүжилтийнхээ 92 хувийг авсан. Гэтэл одоо гүйцэтгэгч компани олддоггүй. Одоо мөнгө ч байхгүй, гүйцэтгэгч компани ч байхгүй, сэг болсон барилга хэдэн оныг үдэж байгаа аж. Мөн Увс аймагт баригдсан эмнэлгийн барилга цахилгаан шаттай байх ёстой атал цахилгаан шат нь байхгүй. Цахилгаан шатыг нь хулгайлчихсан байна. Гэсэн атлаа цахилгаан шаттай өртгөөр баригдсан аж.  Цахилгаан шат  эмнэлгийн олон давхар байшинд зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг. Гэтэл одоо хүнд өвчтөнүүдээ хэдэн талаас нь дамжлаад  нааш цаашаа гүйлддэг гэнэ.  Увс аймагт улсын төсвийн 6.8 тэрбум төгрөгөөр драмын театр барихаар гүйцэтгэгчийг шалгаруулж, барьж эхэлжээ. Баригдаж дуусаагүй дутуу барилга дээр 6 тэрбум төгрөг нэмж суулгасан байна. Гүйцэтгэгч компанийн захирал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан Б.Дүгэрээ гэдэг хүн байдаг аж. Энэ мэтчилэн  он дамнуулан, төсвөө нэмж иддэг аргад Увсын удирдлагууд, УИХ-ын гишүүд нь гаршаад байгаа аж.  6  тэрбум  төгрөгөөр эхэлсэн коллежийн барилгын төсөв мөн 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Босоогүй барилгын төсөвт өртөг нь 1.8 тэрбумаар нэмэгдэж, төлөвлөсөн хугацаандаа орохгүй байхад л төсвийг нь нэмж өгөөд байгааг хуулийн аргаар хулгай хийх үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах арга алга. Хамгийн ноцтой нэг баримт бол, Чандмань суманд 2.2 тэрбум төгрөгөөр авто зам барихаар гүйцэтгэгч компани нийт санхүүжилтийн 92 хувийг аваад явсан. Одоо зам байхгүй, мөнгө ч байхгүй таван жил болж байгаа аж. Гэтэл мөнгө аваад явсан компанид ч хариуцлага хүлээлгэдэггүй,  алга болсон улсын төсвийн мөнгөний араас нь явах хүн ч байдаггүй гэнэ.  Энэ  мэт  төсвийн мөнгөөр хэрхэн тансаглаж, гарын салаагаараа урсгадаг жишээнүүд зөндөө бий гэнэ. Дээр дурьдсан хэдэн тохиолдол бол авлига, хээл хахууль, хариуцлагагүй байдлын ердөө мөсөн уулын орой гэж Засаг дарга асан Д.Цэндсүрэн тодотголоо.  Тэрээр “Үүний цаана асар их авлига, хээл хахуулийн асуудал бий. Үүнийг АТГ шалгах ёстой ч олигтой хөдөлж өгдөггүй” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймгийг ингэж сүйрүүлж байгаа шигээ улс орныг ч давхар эзэгнэж байгаа баримтыг одоо хүргэе. Тэрээр  төрийн албанд ах дүүс, хамаатан саднаа аль аятайхан албан тушаалд  тавьсныг дараахь баримтуудаас харж болно.  Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байх үедээ  эхнэрээ Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар томилж байжээ.  Тэгвэл төрсөн ах Ч.Ганболдыг эхнэрээ  Монголбанкны газрын захирлаар томилогдсоноос хойш хоёр хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар 31-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт, мониторингийн газрын даргын албанд ажилд оруулж байжээ. Өдгөө энэ ах нь Тувад  ерөнхий консулаар ажилладаг гэнэ. Ахыгаа хилийн дээс алхуулсан тэрээр төрсөн ахынхаа хүүг ч төрлийн албаныхаа гадна үлдээсэнгүй. Төрсөн ах Ч.Ганболдынхоо  хүү Г.Дэлгэр­ийг 2017 оноос төрийн албанд мэргэжилтэн болгоод, улмаар 2020 онд төслийн менежерээр томилуулжээ. “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төсөл нь Сангийн яамны харъяанд байдаг. Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын төрсөн ахын хүүхэд тус төслийн менежер гэсэн үг. Гэхдээ бодит байдал дээр бүх л шийдвэрийг Г.Дэлгэр гаргадаг гэдгийг эх сурвалжууд баталж байна.  Тус төслийн хүрээнд 7,6 тэрбум /7,663,411,710/ гаруй төгрөгийн тендер зарлаж, ажил гүйцэтгүүлжээ. Энэ бол зөвхөн цахимд бүртгэгдсэн хэмжээ. “Хөгжлийн хөтөч дэд бүтэц төсөл”-д гадаад улсаас 160 сая долларын санхүүжилт орж ирсэн байна. Тэгэхээр энэ бүх мөнгө Ч.Хүрэлбаатарын төрсөн ахын хүүхдээр дамждаг гэсэн үг. Харамсалтай нь энэ төсөл амьдрал дээр хэрхэн өгөөжөө өгч байгаа үр дүн алга.   Авга ахаасаа албан тушаалын шагнал авсан дараагийн “азтай” хүн бол Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгын охин Энхцацрал. Мөн л төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтэн. Г.Энхцацрал ажил хийдэггүй ч энэ төслөөс сул цалин аваад явж байдаг нэгэн. Түүний төрсөн дүү Гантулгын Энхболор нь Хонгконг дахь консулын газрын дэд консулаар 2018 оны 09 дүгээр сард  томилогдож байжээ.  Тэрээр зөвхөн өөрийнхөө ах дүүсийг төдийгүй эхнэрийнхээ ах дүүсийг ч өөд нь татдаг байна.  Ч.Хүрэлбаатарын эхнэрийн дүү Ариунтэнгис Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газар ажилладаг. Давхар төслөөс цалинждаг ажээ.

Дашрамд сонир­хуулахад, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн овгоо Чимэд хэмээн э үсэгтэй бүртгүүлсэн байдаг бол түүний ах нар Чимид гэж и үсэгтэй бичиж бүртгүүлжээ. Холбоо хамаарлаа нуух гэж ингэж өөрөө бичдэг байх магадлалтай. Эцгийнхээ нэрийг хэрхэн яаж бичдэгийг мэдэхгүй байна гэдэгт итгэл төрөхгүй. Энэ удаа Ч.Хүрэлбаатарын улсын төсвөөс хэрхэн  иддэг болон ураг төрлийнх нь  сүлжээг дэлгэлээ. Дараагийн удаа танил тал, найз нөхдөөрөө хэрхэн сүлжээ бий болгосныг дэлгэрэнгүй бичих болно. 



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=