ЕВРОПЫН УЛСУУД КОРОНАВИРУСИЙГ НОЦТОЙ АЮУЛ ГЭЖ ҮЗЭХЭЭ БОЛИЛОО



Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Европ дахь захирал Ковид-19 тахлын үед Европ тив удахгүй амгалан тайван байдалд орох магадлал өндөр байгаа талаар онцоллоо. Доктор Ханс Клюге Европ даяар вакцинжуулалтын түвшин өндөр байгаа учир өвлийн төгсгөл үе гэхэд омикроны тархалт ч тэр хэрээр сулрах болно гэж мэдээлсэн байна. Энэ мэдэгдэлтэй холбогдуулан Европын хэд хэдэн орнууд коронавирусийн хязгаарлалтыг зогсоож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Европ даяар 12 сая орчим шинэ вирусийн тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр бүртгэгдсэн тохиолдол боловч эмнэлгийн хүнд тусламж шаардлагатай хүмүүсийн тоо өмнөх үеүдтэй харьцуулахад харьцангуй бага байжээ. Дани улс энэ долоо хоногийн эхээр амны хаалт зүүх, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд вакцины гэрчилгээ шаардах зэрэг бүх дүрмийг цуцалсан Европын холбооны анхны улс боллоо. Тохиолдлын тоо харьцангуй өндөр хэвээр байгаа ч, вакцинжуулалтын хувь мөн өндөр байгаа учир вирусийг “ноцтой аюул” гэж үзэхээ больсон гэж эрх баригчид мэдэгдэв. Үүний дараагаар Норвеги Улс хөл хорионы дэглэмүүдээ цуцлах болсноо зарласан ба Швед Улс ч мөн дотоодын бараг бүх хязгаарлалтаа цуцалж, иргэдээ өмнөх хэвийн амьдралдаа орж болно гэж мэдэгджээ. Сонирхуулахад, Швед улс коронавирусийн дэгдэлтийн ид үед ч боловсролын салбараа хэвийн үргэлжлүүлж байсан цор ганц улс болсон. Хүүхдүүдийн дунд халдвар тархаж болох ч хичээл сургууль нь хоцрогдвол түүнээс илүү аюултай хэмээн үзэж, халдвар хамгааллыг чанд баримтлан хичээллэсээр байсан юм. Англи улс ч гэсэн хөл хорионы дэглэмээ сулруулж, вакцин хийхийг шаардахгүй, вакцины гэрчилгээ нэхэхгүй гэх мэт дүрмийг мөрдөхийг үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагадаа уриалсан байна. Франц, Итали, Испани улсуудад халдварын түвшин төдийлөн буурахгүй байгаа ч жуулчдыг эх орондоо ирэхийг урьжээ. Хоёр жил гаруй хөл хорионд байсан хүмүүс аялахыг тэсэн ядан хүлээж байсан нь эхний хэдэн ирсэн аялагчдаас харагдаж байна гэж үзэж байна. Хэрвээ халдвар авсан тохиолдолд аль ч эмнэлгээс тусламж авах боломжийг ч жуулчдад нээж өгчээ. Ийнхүү хөл хорионы дэглэмийг сулруулснаар аялал жуулчлалын салбарт тэсрэлт болно хэмээн үзэж, Европын улсууд энэ салбартаа илүү анхаарал хандуулж байна. Омикрон хувилбар анх гарч байсан дельта хувилбараас тархац өндөртэй ч хүндрэл харьцангуй бага учир хөл хориогоо ийнхүү шат шатаар сулруулж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=