ОМИКРОН ДОТООДОД БҮРТГЭГДЭЭГҮЙ Ч ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ


Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр холбогдох албаны мэргэжилтнүүдтэй уулзаж, коронавирусийн нөхцөл байдлын талаар зөвлөлдлөө. Тэрээр хэлэхдээ "Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй учраас тайвширч болохгүй. Болзошгүй эрсдлээс хамгаалж нэн тэргүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх дээр анхаарах нь чухал" гээд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлд зохих арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. Дельта вирусийн дэгдэлтийн үед авч байсан ор дэлгэлтийн арга хэмжээгээ сайжруулах замаар Омикрон хувилбар дэгдсэн нөхцөлд орыг хэрхэн дэлгэж, ямар арга хэмжээ авахаа төлөвлөж, нөөцөө бүрдүүлэх чиглэлд ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрыг анхаарч ажиллахыг үүрэг болгов. Учир нь АНУ, Англи зэрэг улсад Омикрон хувилбар нь Дельтагаас хэд дахин илүү тархалттай байгаа учраас бэлтгэл ажлыг маш сайн авах нь чухал байгаа юм. Омикрон хувилбарыг дотоодод оруулахгүйн тулд хил дээрх хяналтаа илүү анхаарах, гэрийн тусгаарлалтад буй иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахаар болов. Мөн улирлын томуугийн дэгдэлтийн үед авч буй арга хэмжээг сайжруулж бага насны хүүхдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд зохих арга хэмжээг авч ажиллахыг анхаарууллаа. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.