МОНГОЛОО ӨӨД ТАТАХ ЗАЛУУСЫГ ЯАСАН ИХ ХҮСНЭМ БЭ?


Анхны цасанд шарласан навч жиндүү салхинд дорой чимээ үл мэдэг шивнэн мөчрөөсөө зүүгдэнэ. Зөв гэж бодсон болгон буруудаад буй үхжилттэйгээ өвгөн би эвлэрэхийг хичээнэ. Өтлөхийн далайд ядаж байхад нүүрс, ногоон автобус, БЗС, шууд худалдан авалт, ковидын гэх тэрбум ихнаядын хулгай бас хажууд нь сульдаачлаа. Популизмын муу залийг гадарлах тусам даралт ихсэнэ. Монголчуудаа ухаан суугаасай гэж шанална. Шударга оюунлаг залуус олноор яралзаасай гэж мөрөөдөнө.

Горьдлого төрүүлдэг цөөвтөр хэдийн нэг Ч.Отгочулуу. Тэгтэл түүнийг маань шоронд хийчхэв. Гэнэтийн мэдээ ная гарч амь нас хутагны ирэн дээр яваа буурайг өлхөн тугдайлгах янзтай. Тал харваж тарчлахгүй бүтэн харвая гэж бодомчоо аядав. Өөрт хамаагүй юмны төлөө харвах-зохиолчийн шизоо байх. Отгочулууг танихгүй ч миний юугаар ч солихгүй үнэт нандин зүйл бол коммунизмээс ардчилалд шилжих хүсэл. Яриаг нь телевизээр сонсдогоос цаашгүй. Овоо өндөр түвшинд итгэл төрөхүйц учир шалтгаан сөхдөг гээд тэр залууд ичнээ найдаж байсан юм би. Аль ч намынх бай ирээдүйтэй залуусаа мөр дээрээ тээглэлээ гээд сорчлон намнах-Монголоо гэх холыг харсан бодлого бус намаа, амиа хичээсэн явцуу улстөр гээд би дургүй.

Нүүрсний хулгайчид нэрээ зарлалаа гэж уурлаад юун ял сонсгох-намаа сүйд хийх янзтай. Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр хэрэг шийдэхгүй олон сар жил арга саам хийдэг шүүх алхаа тас буулгасан нь дээрээс нүд цавчилгүй ширтэх ерөнхий сайдын харцнаас гөл авчээ янз нь. Онцгой хулгайч нь Отгочулуу гэж сэвэх улстөрд эмзэглэв. Үйлдэл дээрээ чихдүүлсэн дархан хулгайчуудаа шийтгэж зүрхлэхгүй дөнгөж торгодог атлаа АН-ын бяруунд бяр гаргасан хараат шүүхийг яалтай. Овоо хэдэн саяын цалингаас хагацах тэнд хэцүү нь мэдээж.

Надад таалагдсан хүмүүс шоронд орчих юм. М.Энхсайхан, Э.Бат-Үүл, С.Баяр, Да.Ганболд нарыг боловсрол мэдлэгтэй хэмээн талархаж явтал тэд шоронд орчихсон. Гэтэл одоо Ч.Отгочулуу. Түүнийг өмөөрч буй учраа хэлье. Отгочулууг өмөөрөх миний шалтгаан бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нараас эхтэй. Би ёс журмаа өмөөрдөг хоббитой зохиолч. Итгэл алдарсан нийгэмд хууль завхардаг. Булаалт бүхэн гэмт үйлдэл гэдгийг бид-гурван саяул мэднэ. Хүүхний цүнх бус Засгийн эрх булаасан У.Хүрэлсүхээ МАН шударга ёс тогтоогч туг болгож мандуулсан. Хуучин бичвэрээ сөхье:

АТГ-аас 2017 оны найман сарын 25-нд мэдээлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг тогтоогдоогүй бөгөөд харин У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр бусад хамаатныхаа дүү нартай хамтран өөрийг нь тагнаж, мөрдөж байсан нэвтрүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс АТГ нийслэлийн прокурорын газарт хандан У.Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулсан” гэжээ. “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Төрийн ордны В танхимд хаалттай хуралдсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тавьсан “Үнэн зөвийг тогтоолгоё” гэсэн албан бичгийн дагуу шалгасан дээрх гурван байгууллага тайлбар мэдээлэл өгсөн.

Энэ асуудлыг шалгахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат У.Хүрэлсүхийг тагнасан зүйл огт тогтоогдоогүй. Харин өөрийгөө тагнуулдсан гэж жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон. Үүнийг шалгасан гурван байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад авагдсан мэдээллийг ил гаргаж үзүүлсэн. Бүр зурагтай, бичлэгтэй нь харуулсан. Энэ үеэр У.Хүрэлсүх хурлыг хаяж гарсан. Ямар нэг тайлбар хийгээгүй. Тагнуулдсан гэх жүжиг зохион байгуулсан хоёр хүн нь Цагдаагийн албан тушаалтан У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү Ганхүү байжээ. Энэ Ганхүү саяхан Улаан-Үдийн ерөнхий консулаар томилогдсон”. (“Өдрийн сонин” 2018-ХI-28).

Энэ ноцтой мэдээг АТГ, “Өдрийн сонин” нийтийг мэдтүгэй гэж зориуд сонордуулсан байх. Гудманд шүлс хаясан зөрчил төдий бус Засгийн эрх булаасан хөдлөшгүй баримт гээд бодчих.

Засгийн эрх булаах шударга ёс мөн үү? “Мөн” гэж нийгэм судалгаа нотолжээ. Судалгаагаар У.Хүрэлсүх шилдгийн шилдгээр бусдаасаа тасрав. Нийгэмд ингэж их бишрэгдсэн түүний өөдөөс “Засгийн эрх булаалаа” гэвэл хохь болно. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 50-иад гишүүнд 950 саяыг дундчлан тарааж, тэднээр дэндэгнэсэн хууль бус Засгаа огцруулалгүй авч үлдсэн. Ийм ялзралыг дэвэргэдэг нь хэн бэ гэвэл ард түмэн бид. Хүрэлсүхдээ бус гол нь Үндсэн хуулиа гишиглэж, засгийн эрх булаахад маниус уухайлан дэмжээд зогссонгүй бүр ерөнхийлөгчөөр залав.

Нэг гэмт хэрэгтнийг шийтгэхгүй орхивол цаана нь 7-н этгээдэд гэмт хэрэг үйлдэх сэдэл төрдөг гэх олон улсын судалгаа бий. Тэр 7-гийн нэг хэмээн Отгочулууг яллав уу. (У.Хүрэлсүхтэй барьцаж, хэрэг үйлдэх сэдэл төрсөн гээд). Улирч баларсан явдалтай Отгочулууд тохсон ялыг харьцуулж бухимдсан минь-зөнөг өвгөний сэтгэлийн хөөрөл байхыг үгүйсгэхгүй. Олон ихнаядын хулгайдаа барьц алдаад буй атлаа түрээсийн байр өөртөө бус банкиндаа илүү үнээр авлаа гэж ялалсанд мораль бичдэг уран бүтээлч өвөө цочирдоод чадхийвэл шившиг үү? 1,3 тэрбумын жидү-зээл төрсөн дүүдээ авч өгсөн ерөнхий сайд цэнхэр дэлгэцээр иргэдээ “шударга бай” гэж загнах нь догшин агаад бардам гэж бичсэн минь хадаглагдан үлджээ.

Ард түмний захиалгат таван хүүгийн нэг Л.Оюун-Эрдэнэ “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж телевизээр гүтгэсэндээ хариуцлага амсалгүй өнгөрснийг цааш баримталбал зохих шилдэг замнал гэх үү. Хэн нэгнээс хутаг гялалзах зуурт Х.Нямбаатар спикерийгээ чирээд гаргадаг цоо шинэ туршлага гадаадад гарч гээд мал төхөөрөгч шиг ханцуй шамлан дайрлаж байсан нь бахархах ёс зүй мөн үү. Амьдралаас, тэр тусмаа улстөрөөс хол мораль бичээд байна л даа би.

Т.Аюурсайхан “4-5 машин чухал баримт хуулийнхан устгаж гэмт хэргээ балласан” гэж залаад, нотлооч гэхээр зугтсан. Хожим С.Баярцогтын Швецарийн банканд нуусан хэн ч олшгүй оффшор дансыг би ганц явалтаараа олоод ирлээ гэж цэнхэр дэлгэцээр ханхалзав. Харилцагчийнхаа нууцыг хадгалах талаар алдартай Швецарийн банк Аюурсайханыг хараад өмдөндөө харвасан болтой. Гэтэл Аюурсайханы авч ирлээ гэх бичиг цаасыг Баярцогт аль эрт хуулийн байгуулагад өгөөд шалгуулчихсан байв. Ясны гүжирдэгч тэр бээр үйлдсэн лайгаа эдэлж байх шиг.

Эрх баригч та нар ийм л залуус явсан. Яллуулаад байгаа АН-ын Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар гурваас та нар тасархай ариун амьтад гэж үү. Барьцаж байгаа юм биш жишиж байна. Та нарын төр засгийн толгойд гарсан паянг бүгд мэдэж буй тул намайг нууц дэлгэв гэж яллах үндэсгүй. Хэрээ өтлөвч өд нь цайрахгүй хэрэг хуучравч мөр нь арилахгүй. Шүүхийг нүд цавчилгүй хар гээд байсан нь Х.Баттулга, З.Энхболд, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр нар биш Отгочулуу нарыг няслах уриа байгаа юу л гэх гээд байна би. Эх орноо хөгжүүлэх залуус байна уу гэж хөгшид ажиглаж явдаг нь жам. Миний найдлага тавьдаг МАН-аас Б.Энхбаяр, ХҮН-аас Г.Наранбаяр гээд залуус бий. Тэднийг АН-ын Отгочулуу нарын араас өөтүүлэхээр сэм гэтээд яваа юм биш биз.

Л.Оюун-Эрдэнэ Та Х.Баттулгыг 80 их наядын ашиг хааж, эх орноо хохироосныг шалгуулна гээд байдаг байх аа. Гэтэл Женко таны мөрөн сууж чихэнд чинь шивнэдэг итгэгдсэн зөвлөх. Тиймээс түүнээс халгаад, хоосон суулаа гэгдэхгүйн тулд юутай ч Отгочулууг ялалчхав уу. За за хэрүүл өдөхөө цэглэе. Тэрбум модоо ногоон шугуй болтол ургуулж, нефть, хүнсээ бусдын гар харахгүй өөрсдөө хангаж, авилгаа устгаж, цахилгаан станцуудаа барьж, хэн болохоо үсрэнгүй хөгжлөөр үзүүлж, төр засгийн толгойд балиартаж гарсан базаахгүй намтраа цайруул. Тэгвэл хүн ам чинь та нарыг хайрлахад бэлэн байна. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй. Ардчиллаа гялалзтал хөгжүүлэх залуусыг би яасан их хүснэм бэ. Тэдний нэгийг гэж харж явсан Ч.Отгочулуу ялтан болов. Харамсалтай.

                                                                                                            2023-11-12

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=