БОРООТОЙ ДУРСАМЖ



Богд уул маань энх амгалангийн билэгдэл. Бэлийн чулуу нь ч өвгөдийн түүхийг өгүүлдэг билгүүн төгөлдөр сайхан Шүтээн дээ. Уулын дээгүүр үүлтэй л байвал унтаа бяцхан янзагууд нь эхийнхээ бөөрөнд ихээ бөх амардаг гэж байгаль хамгаалагч байсан аав минь хангайгаа хайрлахдаа ярьж суудаг сан. Аав минь ууланд явахдаа намрын сэрүүнд нэг жижигхэн орос хүрз байнга аваад явах, тэгээд өнгөрсөн жилиийн шилмүүснүүд өнөө жил овоо ургасан. Хэдэн хүрз шороо ухаад салхиар хийсэж ирсэн улиасны, жимсний, цэцгийн үр тогтохоор хунхуйлчихад тэндээ унаад дээрээс нь хөвд хийсэн нөмөрлөөд, цасан хунгарт нам жим өвөлжөөд хавар соёолж байдаг юм гэж ярьдаг хүн байлаа. Аав маань Эрдэнэтэд нүүж ирээд Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд үйлчилгээнд ажилладаг байснаа , нөгөө бичиг үсэгтэй нь шалгарав гэгчээр Эрдэнэт хотын захиргааны Байгаль орчны газарт Байцаагч, байгаль хамгаалагч болсон юм. Энэ ажилдаа их дуртай. Оросуудтай сайхан найзалж, тэд тэргээрээ ирж аваад байгалийн нөөцийн судалгаа хийхдээ хамтдаа хэмжилт хийдэг байв. Ургуулах, төлжүүлэх, хайрлах бол идэх хүнсээ л эртнээс бэлтгэж байгаа хэрэг шүү дээ, манай хот их том болно, их ч олон инженерүүд төгсөж ирнэ гээд хууч, адал явдал зөндөө ярьж өгдөгсөн . Хээр, байгальд усанд хог хаяж болохгүй гээд орос загасчидтай ярьсаар байгаад " Хогийг мусорние ящик"-даа хийж байгаарай гээд д ойлголцоод л байсан. Сортойтой эр явлаа даа. Хүнтэй нөхөрлөж чаддаг сан аав минь. Нөгөө найз оросууд нь л манай уяагаар явж ухаа азарганы маань зургийг аваад Ташкентэд болсон "Найрамдлын наран дор" фото зургийн үзэсгэлэнд тавьсан байсныг Эрдэнэт хотын МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга Даваагийн Пүрэвдорж олж ирсэн нь өнөө бидэнд үлдсэн энэ зураг шүү дээ. Узбекстаны нийслэл Ташкент бол тэр үеийн монгол залуусын очиж үзэхийг хүсдэг сайхан хот байв. Узбек бол зэс молебдений том уурхайтай нэртэй мастеруудаа манай улс тэнд л бэлтгэж ирснээс хойш дөчин хэдэн жил болжээ. Ийнхүү Могодын Ухаа азарга монголын нэрийг гаргасан Ташкент хотын үзэсгэлэнд Эрдэнэт хотын анхны наадамд түрүүлсэн түүхээрээ гэрэл зургийн үзэсгэлэнд намтар нэмсэн юм. Сампилноровын хожим ухаарлаа гэдэг ч бас зөв л дөө. Сүрэн гуайнх нүүгээсэй тэгвэл манай Түмэн Догийн хүрэн азарга жил бүр Могодын наадамд дандаа нүүрлэнэ дээ гэж боддог банди явлаа гэсэн. Тэгээд аавынх Чулуунцэцэг дүүг маань илгээлтийн эзэн болоод Эрдэнэтэд ажилд ороход дараа жил нүүж очсон юм. Булган аймгийн наадамд 1974 онд түрүүлээд аав маань нутгаа ингэж их санаснаа сая л мэдлээ. Булганы хэмжээнд Цавьдар азарга маань алтан жолоо өргүүлж буянт сүргийнхээ манлай болохоо үзүүллээ. Могодод байхдаа Авзагахайрхан уулаа тойрдог сон. Булганд ирсэн тань сумынхаа олон түмэнтэй бужигнаж явснаа санах юм гээд намайг зуны амралтаар очиход Хужир толгойн баруунтай голынхоо эх хавьд зусаж байсан даа. Бүүр олон жилийн дараа манай уяа жузаг аавын минь гэрийн буйр байсан газарт Манлай сааралын уяа байсан. Цэнгэл гишүүний их нас тэнд түрүүлж Могодынхон цуглаж айргаар мялааж байлаа. Нутаг тун чухал. Өнөө өглөө борооны үүл Богд уулан дээр тогтжээ гэж үүнийг бичиж эхлэхдээ л харж байсан одоо харах нь ээ цайрч байна аа. Нээрээ би хөдөөний хүн юм даа. Бороо үнэртээд, салхи сэвэлзээд таатай сайхан өдөр эх оронд минь айлчиллаа. Сайхан цайрсан энэ хураар цэцгийн дэлбээ амь сэлбэж, Богд уулын бяцхан янзагууд хадан цохионы булгаас ундаалж амьдрал бие биеээ сэлбээд сайхаан.
Би бороонд дуртай. Борооны дараа жиргэлдэх шувуудын дуунд дуртай. Зам харгуй бүрийг мялаадаг монгол ээжийн сэтгэлийн ерөөл нь Алтайгаас Хянган хүртэл, Амар амгалангийн төлөө юм шүү дээ. Энэ дэлхийд монгол ээжүүд шиг уулын янзагыг, усны ангирыг, бэлчээрийн хурга, ишгийг, бэлийнхээ чулууг хайрлаж, хамгаалах, мал болж өсөөсэй, эр болж барилдаасай хэмээн залбирч энэ дэлхий амар амгалан байхыг өглөө бүр ерөөдөг ээжүүд ер байдаг болов уу? МОНГОЛ ЭЭЖүүдийн цацлын ерөөл ЕРТӨНЦийн төлөө байдаг юм шүү. Энх амгалан морилох болтугай.

                                                                                                                Сүрэнгийн ОЮУНЧИМЭГ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=