
XIII зуунаас монголчууд хүчирхэгжин Солонгосын хойгоос Зүүн Европ хүртэлх өргөн уудам газар нутгийг эзлэн эзэнт улсуудаа байгуулж байсан билээ. Тиймээс ч Чингис хааныг монгол бус түрэг, тэр дундаа казак хүн байсан, мөн Юань улсыг Хятадын төрт улс гэхчилэн түүхийг илт гуйвуулан бичих явдал цөөнгүй байдаг. Гэтэл сүүлийн үед Орост Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй, энэ бол хэн нэгэн этгээд уран зөгнөлөөрөө зохиосон зүйл, Монголын нууц товчоо бол ямар ч үнэ цэнгүй зохиол гэх үзэл гарч байна. Жишээлбэл, Оросын Чингис хаан-Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат кинонд Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй хэмээн дүгнэсэн байна. Ингэхдээ 200 гаруй жил Оросыг колончилсон атал яагаад одоогийн орос хүмүүст монгол төрх үлдсэнгүй вэ? Түүнчлэн монголчуудын ДНК яагаад оросуудаас илрэхгүй байна вэ? Монголчууд ямар зорилготой Русь буюу Орос руу халдан довтолсон бэ? Үнэн хэрэгтээ монгол морьд, цэргүүд энэ хол замыг туулаад ирлээ гэхэд цааш аялан байлдах чадваргүй болтлоо ядрах байсан. Ямар ч газрын зураггүйгээр, таньж мэдэхгүй газраар монголчууд давшин ирэх ямар ч боломжгүй. Монголчуудын төрийн бодлого нь бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн гаргаж чадах бодлого биш, Монголын нууц товчоо үнэ цэнэтэй зохиол бус, Монголчуудын түүх зөвхөн харь орны хэл дээр бичигдсэн гэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн авч үзжээ. Энэхүү баримтат киног ЕTV телевиз монгол хэлээр орчуулан хүргэсэн билээ. Энэ мэтчилэн түүхээ буруу ойлгох, үл итгэх явдал хүмүүсийн дунд гарч болзошгүй. Тэгвэл эдгээр асуудлууд нь Шинжлэх ухааны үндэстэй няцаалт болж Монголын эзэнт гүрэн байгаагүй гэдгийг баталж чадах уу, няцаалт олдохгүй гэж үү? Мэдээж хэрэг олдоно. Генетикчид 2000 оноос Монгол хаадын буюу Чингис хааны У-ДНК судалгааг хийх болсон. 2003 онд Их Британи, Итали, Хятад, Узбекистан болон Монголын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол улсыг тойрсон Азийн 16 улс үндэстний 26 угсаатны бүлгээс У-ДНК шинжилгээг авч тэр дунд 15 маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ийнх нь У-ДНК кодыг Чингис хааных гэж The American journal of human genetic сэтгүүлд нийтэлжээ. Эндээс харахад дэлхий дээр Чингис хааны угсааны 16 сая орчим хүн амьдарч байгаа нь тодорхой байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны наркологийн судалгааны төвийн ажилтан Владимир Нужный Москва хотын бор дарсанд дурлагсдын 50%-иас илүү нь Монгол ген агуулсан байсныг судалгаагаар тогтоожээ. Генетикийн судалгаагаар Монголчуудын удам угсаа олон улс оронд оршин амьдарсаар байгаа нь тогтоогдсон. Гэтэл оросуудад Монгол ген огт байхгүй гэсэн атал бор дарсанд дурлагсдыг судлахад монгол гентэй хүмүүс байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бор дарсанд донтогсдоо монголчуудын хойчис гээд бусад зүйл дээр монголчуудаас огт хамааралгүй гээд байдаг нь ямар учир байна вэ? Мөн өөрсдийгөө Монгол гаралтай гэдэг орос хүмүүс ч цөөнгүй бий гэдгийг бодож үзсэн ч энэ асуудлын хариулт амархан олдох болов уу? Монголчуудын хүсэл эрмэлзэл бол энх тайвнаар орших тогтнох явдал байв. Тиймдээ ч Чингис хаан овог аймгаа нэгтгэсний дараа оргож боссон босуулуудыг дарах зорилгоор цэрэг илгээж байв. Ингэж явахдаа шинэ газар нутгийг таньж, олон шинэ дайсантай ч болж байв. Тиймдээ ч байгуулсан эзэнт гүрнээ аюулаас хамгаалахын үүднээс хөрш зэргэлдээх улс гүрнүүдтэйгээ дипломат харилцаа тогтоож, эс болбол байлдан дагуулж байв. Бусад өөр олон шалтгаан байсан нь ч лавтай. Унгарын Томас Архидиакон Спалато хотын түүхэнд монгол морийг гурван өдрийн турш тасралтгүй унасны дараа өчүүхэн өвс тэжээлд цаддаг хэмээн өгүүлжээ. Гэвч ийнхүү бичсэн нь монголчуудын морьдоо дайн тулаанд бэлдэх аргыг гадныхан мэддэггүй байсантай холбоотой юм. XIV зууны үед бичигдсэн Сү Жигаогийн И-юй бичигт “Монголчууд уулгалан дайрахаасаа өмнө морио нэгэн газар уяж, огт тэжээл өгдөггүй. Үүнийгээ сойх гэж хэлдэг. Морь тарган бол өөх мах нь зузаараад, уналгад тохиромжгүй. Ийнхүү уяж сойхоор дамжуулан тарга хүчийг нь тэнцүүлдэг. Морийг уяж сойхдоо бага төдий өвс ногоо идүүлж, морь унаа өлдөж сульдахаас сэргийлдэг байна” хэмээн өгүүлжээ. Монголчууд агт морьдоо таргалуулсны дараа өл хоолыг нь сойж, тааруулан байлдаанд унадаг байжээ. Түүгээр ч барахгүй морьдыг дааган цагаас нь эхлэн дайн байлдаанд бэлтгэн тэсвэр тэвчээрт сургаж зэвийн буюу байлдааны морь болгон сургаж байсан юм.
Монголчууд ямарваа аян дайнд мордохын урьд туршуул цэргийг илгээж байв. Түүгээр ч барахгүй 1235 онд Орост довтлоход Сүбээдэй жанжин удирдан оролцсон. Сүбээдэй жанжин өмнө нь Зэв жанжны хамтаар 1221-1223 онд Хибчагийн тал нутгаар дайран өнгөрчээ. Тиймээс монголчууд Орост довтлоход газар мэдэхгүйн зовлон, саад тотгор учрахгүй нь лавтай. Монгол хүний байгалиас заяасан газар нутгаа танин мэдэх, тандах арга ухааныг суурин соёл иргэншилтэй ард түмэн ойлгохгүй нь лавтай. Тус баримтат кинонд өгүүлснээр Монголчуудын төрийн бүтэц зохион байгуулалт нь нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмний гаргаж ирж чадахгүй зүйл хэмээн дүгнэсэн байна. Магадгүй тийм байж ч болох юм. Тэгвэл монголчууд эдгээрийг хаанаас суралцсан бэ? Энэ асуултын хариулт маш энгийн бөгөөд тодорхой. Монголчууд төрдөө харь гаралтай эрдэмтэн мэргэдээс дэмжлэгийг авч байв. Жишээлбэл, Елүй Чуцай, Елүй Ахай, Махмуд Ялавач, Масуд бег, Марко Поло, Ахмад Фанакати, Сангха гэх зэрэг олон арван эрдэмтэн мэргэдийг төр засахдаа ашиглаж байлаа. Түүгээр ч барахгүй Шинжлэх ухааны салбарт Насир ал-Дин ал-Туси зэрэг эрдэмтдийг тэтгэж байсан байдаг. Монголын нууц товчоог анх судалгааны эргэлтэнд оруулснаас хойш Япон, Хятад, Орос, Америк, Франц, Монголын олон эрдэмтэд судалж шинжилсээр өдийг хүрчээ. Тэгвэл эдгээр судлаачдын насан туршийн судалгаа нь ямар ч үнэ цэнгүй зүйл болж таарах уу? Монголчуудын өөрсдийн түүхийг бичиж тэмдэглэн авдарт хадгалдаг байсан бөгөөд тэдгээрийг зөвхөн алтан ургийн язгууртнууд л үзэх эрхтэй байсан хэмээн Рашид ал-Дин Судрын чуулгандаа дурдсан байдаг. Үүнээс үзвэл монголчууд түүхээ олон хувь хувилан бичиж тэмдэглэдэггүй магадгүй цор ганц үгүй юм аа гэхэд хэдхэн ширхэг л хувилдаг байсан бололтой. Тэрхүү цор ганц хувиуд устаж үгүй болсон тул монголчуудын түүх монгол бичгээр уламжлагдан ирээгүй нь бололтой.
Монголын түүх дан ганц орос хэл дээр бус өөр олон хэл дээр буйг дурдвал Монголчуудын түүх зохиомол гэдгийг үгүйсгэх боломжтой. Рашид ал-Дины Судрын чуулган, Жувейнигийн Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Жао хуны Монгол татарын тэмдэглэл, Жан Дэ Хугийн Давааны араар жуулчилсан тэмдэглэл зэрэг олон бүтээл Монголын эзэнт гүрэн бодитоор оршин тогтнож байсныг илтгэнэ. Хэрэв Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй бол Плано Карпини, Гийом де Рубрук, Раббан Саума, Ибн Баттута зэрэг аялагчид чухам хаанаас Монголын эзэнт гүрний тухай мэдээлэл олж тэмдэглэн үлдээв? Юуны учир Ромын пап хүртэл Монголын эзэнт гүрний гэх “үлгэр”-т итгэж элч төлөөлөгчөө илгээх болов гэсэн асуултад хариулт гарч ирэхгүй. Учир нь Монголчууд хоёр зууны туршид дэлхийн олон улс орныг нэгтгэн захирч Орос хэмээх улсын үндэс суурийг нь тавьж өгсөн юм.
Түүхч С.Ууганбаяр