
Коминтерны яргачид 1922-1940 оны хооронд ойролцоогоор 42 мянган гэмгүй номхон иргэдийг хэлмэгдүүлэн геноцид үйлдсэн байдаг. Энэ нь Улаан Кхмерийн толгойлогч Пол Потын хөнөөсөн 2 сая иргэн, Сталины хэлмэгдүүлэлтийн махны машинд өртсөн 20 сая иргэн, Маогийн соёлын хувьсгалын ачаар цааш харуулсан 12 сая хүний амь насны дэргэд цөөхөн тоо биш юм. Яагаад гэвэл тухайн үед Монгол улс ердөө 800 мянган хүн амтай байсан гэж бодохоор 18-20 хүний нэг нь л улаан оросуудад нохой шиг буудуулж үхсэн гэсэн үг. Хэлмэгдүүлэлтийг ихэвчлэн шилдэг сэхээтэн, лам хуврагуудыг хөнөөсөн гэж түүхчид бичдэг. Гэхдээ монголын гүн, хан, “Алтан ураг”-ын удмынхныг Коминтерн хамгийн тэргүүн эгнээнд хядсан байдаг. Жишээ нь Егүзэр хутагт Ж.Галсандашийг олон удаа байцааж, тайж Рэгдэндагва гэгчийн хэрэгт хамаатуулан баривчлав. Тайж Рэгдэндагва нь ерөөсөө “Алтан ураг”-ийн хүн байжээ. Далай лам, Ванчинбогдод өргөх бичгийг Рэгдэндагва өгөхийн тулд Егүзэр хутагт Галсандашаар зохиолгосон хэмээн гөрджээ. Тийнхүү Егүзэр хутагтыг 1930 онд тайж Рэгдэндагвын эсэргүү бүлгийн толгойлогч хэмээн баривчлан егүүтгэн буудан хороосон юм. Тэр үед зүүн хязгаарт цэрэг удирдаж явсан Г.Бумцэнд хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ч.Сүрэнжавт дурсан ярихдаа:
-Егүзэр юу нь эсэргүү байхав дээ. Тэр бол дайсантай буудалцаж, бидэнд туслаж байсан юм шүү дээ гэсэн гэдэг. Үүний дараа 1622 онд алтан ургийн Батмөнх даян хааны угсааны Соном хунтайжийн хөвгүүн Агваангончиг нь Халхын Ноён хутагтын анхдугаар дүрээр тодорчээ. Түүний Y дүр нь говийн догшин Ноён хутагт Данзанравжаа бөгөөд “Үлэмжийн чанар”, “Ертөнц авхайн жам”, “Саран хөхөө” дуулалт жүжиг зэрэг олон уран бүтээлээр нь эрхэм уншигч олон мэдэх буй заа. Халхын Ноён хутагтуудын ҮII дүр Агваанлувсандамбий жанцан нь 1875 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн Амгаабазарын хошууны нутагт төржээ. 1899 онд Манжийн хаан түүнд шавь захирах тамга олгосон боловч, 1908 онд хэргийн учир Хүрээ сайдын газраас зарлигаар цол, тамгыг татгалзуулжээ. XYI-XX зууны эхэн үед Түшээт хан аймгийн хутагт хувилгаад бүгд-21, тэдгээрийн удаа дараа хувилсан нь 64 байжээ. Эдний нэг нь Халхын Ноён хутагт бөгөөд Манжийн хааны үед шавь захирах тамга, цолоо хураалгасан хэдий ч 1915 онд Шашин төрд туслах сайдуудын газраас YII Ноён хутагтад “Аграмба цорж” цолыг олгосон байна. Удалгүй Монгол орноо үндэсний ардчилсан хувьсгал ялж, 1921 оны оны 11 дүгээр сарын 1-нд Ардын Засгийн газрын тогтоолоор Богдын эрхийг зааглан тогтоосон “Тангаргийн гэрээ” хэмээх хуульчилсан дүрэм батлав. Энэхүү гэрээнд Жавзундамба хутагтыг төрийн хэргээс тусгаарлаж шашны тэргүүн болгож, 1923 онд “Шавийн захиргааны дүрэм”-ийг батлан, шавийн захиргааг өөрчилжээ. 1924 оноос орон нутаг дахь шавь, хамжлага бүхий хутагт хувилгаадын хуучин захиргааг халж 10 өрх, баг, отог, дараа нь хошуу, аймаг болгон зохион байгуулжээ. Бидний өгүүлэн буй Ноён хутагт тухайн үед Мэргэн вангийн хошуунд захирагдаж байв. Энэ хошууны талаар товч дурдвал, Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Ардын засгийн жилүүдэд Богд хан уулын аймгийн Хутаг уулын хошуу нэртэй болж уг хошуу нь дотроо Хутаг уулын хошуу, Их дулаан уулын хошуу гэсэн хоёр хошуу болон тусгаарлагджээ. Хутаг уулын хошуу нь Баян, Галба, Цээл, Ухаа уулын 4 сумтай, Их дулаан уулын хошуу нь Баян, Дэлгэрэх, Сайхан, Сүмбэр-Цагаан, Сууж, Чандмань, Эрдэнэ зэрэг 7 сумтай байв. Одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Сулинхээр, Улаанбадрах, Өмнөговь аймгийн Ханбогд сумд нь Хутаг уулын хошуунаас, Дорноговь аймгийн Алтанширээ, Сайхандулаан, Өргөн сумдууд Их Дулаан уулын хошуунаас тус тус үүсэн байгуулагджээ. Их Дулаан уулын хошуу нь 1923 онд Хан-Хэнтий уулын аймгийн захиргаанд шилжсэн байна. YII Ноён хутагт нь Их Дулаан уулын хошуу буюу одоогийн Өргөн суманд харьяалагдаж байжээ. 1929 онд “Хутагт хувилгаадыг тодорхойлон бүртгэсэн маягт”-д, “Алдаршсан нэр: Ноён хутагт, өөрийн нэр: Наваанлувсан (Агваанлувсан). Урьд эрх мэдэлтэй байсангүй гагцхүү долоон удаа залагдсан. 55 настай, эхнэргүй. Бусдаас тэжээсэн 10-аад настай охин хүүхэд хоёр.
Ойр төрлийн садан үгүй, 86 бодтой. Жил бүр татварт төгрөг гурвыг хураалгамой. Сүмбэрцагаан сумын 6 дугаар арван, Өвөрхамарын хийдийн газар дувтам (байнга) суумой. Ойр үед захирагдаж явсан шавь үгүй. Ноён цорж хутагт цолыг устгуулан гагцхүү бандийн сэтэртэй үлдсэн” хэмээн өөрийн тухай мэдүүлжээ. 1925 онд Улсын Бага Хурлаас хутагт хувилгаадын шавь нар гэдэг нэрийг халахаар шийдвэрлэсэн байна. 1928 онд хуралдсан МАХН-ын YII, Улсын Y их хурлуудаас YIII Богд Жавзундамба хутагтын зэрэг бусад хутагт хувилгаадын хойд дүрийг залж тодруулахыг хуулиар бүрмөсөн хориглосон юм. Энэ үед YII Ноён хутагт “Аграмба ноён цорж” цолоо хураалгажээ. Мөн Богдын шавийн зохион байгуулалтыг дахин өөрчлөн 80 отог байгуулагдахад Баттулга уулын отгийг Мэргэн вангийн хошуунд нутаглаж байсан Аграмба Ноён цоржийн, мөн Жаран шавийн, Эх Дагины Сант сүмийн, Говийн тайж Ананд-Очирын хамжлага отгуудаар байгуулжээ. 1924 онд Баттулга уулын отгийн бүгд өрх-137, бүх амын тоо-1770, бүх бодын тоо-14172 байжээ. 1929 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн Газрын Эрхлэх товчооны гишүүдийн хамтран хуралдсан Y хурлын тогтоолоор, олон ардыг дарлан боолчилсон шар, хар феодал нарын зэрэг этгээдүүдийн хөрөнгийг хурааж үгээгүй хоосон ядуусыг тэтгэх туслах нийтийн хөрөнгө болгох бодлогыг хэрэгжүүлэх үйл явц Ноён хутагтыг тойрсонгүй бусад хутагтын адил хөрөнгө малаа хураалгажээ. 1929 онд түүний 192 агт, 132 тэмээ бусад эд хөрөнгийг хурааж, 1931 онд хөрөнгөө нуун дарсан хэргээр баривчлан хорьсон байна. 1930 оны 9 дүгээр сарын 29-нд Хэнтий аймгийн Шүүхээс Их Дулаан уулын Шүүхэд илгээсэн бичигт, 169 тоот бичгээр хүргүүлэн ирсэн
Наваан-Лувсан Дамбийжанцанг хүлээн авсан тухайгаа мэдэгджээ. Улмаар мөн оны 12 дугаар сарын 25-нд Хэнтий аймгийн Шүүхээс Эрүүгийн хэргийн 47 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 217 дугаарыг баримтлан 5 жилийн ял төлөвлөсөн байна. Ингээд 1930 оны 12 дугаар сарын 29-нд Шүүх Таслах Газраас 867 тоот бичгээр Төв засан сайжруулах газарт 5 жил хорих ял эдлүүлэхээр тогтоожээ. Анх түүнд цаазын ял оноож байсан ч ийнхүү хэрэг хэлэлцэх явцад 5 жилийн ял болсон гэдэг. Ноён хутагтыг цагаатгах ажлын судалгааны явцад Агваанлувсандамбий жанцан буюу Цэрэндэжидийн Лувсанбалдан нь 1910-аад онд 2 охин өргөж авсны нэг нь Ганжуур овогтой Цэцэгмаа мөн бөгөөд нэхэмжлэгч С.Одсүрэн түүний төрсөн хүү болох нь гэрч С.Зоригтбаатар, З.Алтангэрэл нарын мэдүүлгүүд, ТЕГ-ын архивын лавлагаа, судалгааны материал, дуртгал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2001 оны 6 дугаар сарын 22-ны 5/28 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгагдсан байна. Энэ тухай судлаач, доктор С.Хөвсгөл судалгааны бүтээлдээ тэмдэглэжээ. Түүнчлэн VII хутагтын өөрийнх нь бичсэн “Ноён хутагтын сургаал оршвой” зэрэг олон сургаалын зохиолууд байдаг нь тухайн үеийн эрдэмтэн мэргэдийн нэгэн байсныг илтгэх буй заа.