СОЦ ҮЕД УЛСЫН ЦИРКТ ГАРСАН УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРЭГ



Наяад оны дундуур Улсын циркт нэгэн томоохон хэрэг дэгдсэн билээ. Тухайн үед хүмүүс цирк их үздэг. Тасалбар 100 хувь зарагдана. Хэрвээ циркийн үзвэрийн төлөвлөгөө биелэхгүй бол цэрэг армийнхныг хоороор нь хүчээр үзүүлээд санхүүгээ нөхдөг байлаа. Тиймээс санхүүгийн ажилтан Цэнд гэгч авгай циркийн билетийг олон удаа хуурамчаар үйлдэж, маш их ашиг олсон аж. Тэрбээр улсаас авсан орон сууцнаасаа гадна бүрэн тавилгатай, таван ханатай гэр бариулж найр хийсэн гээд бод. Өмсөж эдлэх нь хүртэл тухайн үедээ үеийнхнээсээ хол илүү тасарчээ. Урьд өмнө нэг муу хавар намрын пальтоноос салдаггүй байсан авгай гэв гэнэт хоёр гурван ээлжийн булган шуб, нэхий дээл өмсөн, гар хуруундаа “Александр” шигтгээтэй бөгж зүүн, австри гутал хөлдөө жийх болсон байна. Түүгээр ч үл барам өдөр бүр “Улаанбаатар”, “Баянгол” ресторанд хооллож, үнэтэй архи зооглох болов. Тухайн үед Монголын баячууд дээрхи ресторанд орж чамирхах дуртай байсан. Цэнд авгай ч бас мөчөөгөө өгөлгүй сав л хийвэл “Улаанбаатар” ресторанд орж тансаглан, машин тэрэгтэй цөөн тооны баячуудтай наймаа панз ярьдаг болжээ. Гэхдээ түүнд наймаа хийх шаардлага байсангүй. Хамгийн гол нь өөрийгөө мөнгө төгрөгтэй баян авгай гэдгээ таниулахын тулд ингэдэг байсан бөгөөд үүнийхээ ачаар өөрөөсөө арав гаруй дүү царайлаг залууг уургалжээ. Цэнд авгайн гэмт үйлдэл гурав дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Орос, Чех, Унгар руу хэд хэдэн удаа зугаалснаас гадна Каспийн тэнгист очиж бүдүүн цулцгар биеэ бүтэн сарын турш наранд шарж тансаглав. Нэгэн найз эмэгтэй нь түүнээс “Танайх яагаад ингэж гэнэт баяжчихваа” гэж асуухад Цэнд авгай “Чи битгий хүнд хэлээрэй. Өвөг эцэг минь надад хэдэн сайхан алтан бурхан үлдээсэн юм. Үүнийг би хорь гаруй жил хадгалсан. Зарж үрэх гэхээр цагдаа нарт баригдчих байх гэж айгаад болж өгдөггүй байлаа. Харин уржнан жил манай циркт ирж тоглосон Польшийн амьтан сургагч Лех Пливскийтэй би дотно танилцсанаар алтан бурхадаа гадаад руу гаргах боломж олдсон юм. Эхлээд би түүнд нэг бурхан өгч явуулсан. Анхандаа зальдуулчихлаа гэж л бодож байлаа. Гэтэл ноднин тоглолтоор дахин ирэхдээ надад 500 америк доллар, 2000 рубль авчирч өгсөн. Нэгэнт итгэл хүлээсэн болохоор нь би түүнд бурхадаа өгч явуулсан. Тэгээд л тэр намайг Каспийн тэнгист амраасан байхгүй юү. Өвөг эцэг минь ийм л буянтай сайхан лам хүн байсан юм шүү дээ. Ум маани бад ми хум” гэж залбиран хуучилсан байна. Гэвч сүүлдээ түүний шунал улам ихэсч циркийн нэг тоглолтонд зуун хуурамч билет зардаг байснаа хоёр зуу болгожээ. Тухайн үед насанд хүрсэн хүн цирк үзэхдээ 3 төгрөг, хүүхэд 1 төгрөг, тусгай суудал 5 төгрөг байсан юмсанж. Тэгж бодохоор нэг өдрийн тоглолтноос Цэнд авгай дор хаяж 500 төгрөг сул цохидог байсан гэж бодохоор соц нийгмийн үед хамгийн баян нь байхаас яахав. Кассных нь билет зарагдаж дуусаагүй байхад хүмүүс пиг дүүрч, тэр байтугай суудалгүй болж шатан дээр сууж үздэг болов. Циркийн удирдлага эхэндээ билет таслагч нарыг таньдаг хүнээ “туулайдаж” оруулаад байна хэмээн сэрдэв. Гэтэл бүх л хүмүүс тасалбартай гэхдээ гол гол суудал дээр тасалбарыг давхар бичсэн байх нь тэр. Тасалсан тэр тасал­барыг тоолж үзэхэд 200 орчим илүү гарсан байна. Цагдаа нар хэд хоногийн турш мөрдлөг явуулаад хуурамч билет зарагдаад байгааг олж тогтоожээ. Гэвч чухам хэн гээч хүн хуурамчаар үйлдвэрлээд байгааг нь олж чадсангүй. Хуурамч билетээр орсон хүмүүсийг байцаахад “Хэн мэддэг юм бэ. Танай ажилтнууд л зарсан байлгүй. Билет зарж байгаа хүнийг анзаараагүй. Ямар ч байсан эмэгтэй хүн л байсан” гэхээс өөр үг хэлсэнгүй. Цагдаа нар 1980-аад оны дундуур төрийн тамга хуурамчаар үйлдсэн этгээдийг бүртгэж үзжээ. Гэвч Чойргийн Дүгэрээ, “Сансар” Нацагдорж хоёулаа шоронд байв. Хуурамч билетээр орсон хүмүүсийг тусад нь ялгаж байгаад циркийн тасалбар зарагчдын дунд таниулах арга хэмжээ авсан боловч эзэн нь тогтоогдсонгүй. Энэ үед Цэнд авгай хуурамч тасалбараа шужигнуулан мөнгө тоншсоор байлаа. Шунал ихэдвэл шулам болдог гэгчээр гэнэт баяжсан Цэнд авгай хамгийн түрүүнд цагдаа нарын хараанд өртсөн аж. Өдрийн цагаар түүний үйлдэл бүхнийг нууцаар хянахаас гадна шөнө оройн цагаар гэрээр нь ямар хүмүүс эргэлдэх, юу хийхийг нь тагнасаар байлаа.
Нэгэн орой Цэнд авгай учиргүй гангалаад гэрээсээ гарчээ. Тэгж явсаар Их дэлгүүрийн ойролцоо иртэл түүнийг хоёр гурван хүүхэн хүлээгээд зогсч байв. Тэрбээр цүнхээ уудалж хуурамч тасалбар гаргаж өгөөд эргэтэл ард нь Эрүүгийн цагдан сэргийлэх газрын “Социалист өмчийн хэрэг”-ийн энгийн хувцастай төлөөлөгчид хап хийтэл гарджээ. Урьд өмнө ял шийтгэл эдэлж яваагүй болохоор энэ авгай шууд хэргээ хүлээн Ганцхудагийн мөрдөн рүү маршилжээ. Хуучин нийгэмд социалист өмчийг шамшигдуулсан хэрэг 2 дахин хүнд ял шийтгэлтэй байсан юм. Ухаандаа нэгдлийн нэг адуу хулгайлсан бол амины 2-3 адуу хулгайлсан хэрэгтээ тэнцэж шийтгүүлдэг байлаа. Тиймээс Цэнд авгайг Ганцхудагийн мөрдөнд ёстой үс, яс хоёрыг нь цайтал суулгаж идэж шамшигдуулсан хөрөнгийг нь хураан авчээ. Нэг удаа хүү нь эргэж очтол луйварчин эх нь аймшигтай турчихсан нүднээс гарчихсан сууж байсан гэдэг. Хүүгийнхээ нулимсыг харсан ээж “Юун сүртэй юм бэ миний хүү. Чи минь сайн сайхан амьдарч байвал боллоо. Надад санаа зовоод хэрэггүй” хэмээн хэлж байсан гэдэг. Үүнээс хойш хэдэн жилийн дараа 1988 онд циркийг хуйхаар нь мөрдөн рүү ачсан хэрэг гарчээ. Санхүүгийн албыг хашдаг Х гэгч эмэгтэй касснаасаа их хэмжээний мөнгө алдсан байна. Хэргийг мөн л ЭЦСГ-ын “Социалист өмчийн хэрэг”-ийнхэн шалгаж эхлэв. Билет шалгадаг Х-г үдийн цайндаа гарсан хойгуур өмнөх өдрийн 12, 16, 20 цагийн нийт орлого болох 10 гаруй мянган төгрөг хулгайд алдагджээ. Зүүн Германы арслантай циркийн баг бүрэлдэхүүн ирсэн тул хотын хөлтэй болгон л циркээр холхиж байхад энэ хэрэг болсон байна. Өмчийн хэргийн төлөөлөгчид /Одоогийн эрүүгийн мөрдөгчид/ хоёр өдрийн гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 10 мянган төгрөгийг циркийн хамт олны нэг үйлдсэн болох сэжүүр олдов. Хэрэг гардаг үед циркийн алиалагч Цээеэ, Латиф нар зуун грамм татчихсан явсан нь хэргийн сэжигтэнд тооцогдох үндэс болов. Тэднийг шалгах явцад Латифийн хувийн номертоо тоглодог домбор хөгжим дотроос нь 9500 төгрөг гараад ирэх нь тэр. Ингээд нэрт алиалагч маань Ганцхудагт хоригдсон ба түүнээс гадна нябо, санхүүч, билетийн кассны ажилтан, жижүүр, сантехникч, мөн амьтан сургагчийн туслах хүртэл халхын жихүүн шоронд хоёр сар гаруй яс суусан байна. Амьтан сургагчийн туслахын хувьд тэрбээр Циркийн доод хонгилд амьдардаг бөгөөд чоно, үнэг, хярс гэх мэт амьтдаа хооллодог нэгэн цөлх эр явжээ. Ядаж байхад амьтан сургагчийн туслах тэр өдөр хоёр алиалагч, жижүүр өвгөнтэй нийлж хоёр гурван шил юмны ард гарсан байлаа. Цирк даяар домбор дотроос касснаас алдсан мөнгө гэнэт гарч ирсэн гэсэн шуугиан дэгдэв. Циркийн дарга, намын хорооны дарга нарын хүсэлтээр “Энэ хэргийг алиалагч Латиф хийх үндэслэлгүй тул та бүхэн дахин сайн шалгаж өгөөч” гэсэн өргөдлийг УСЦГ-д өгч байв. Үнэхээр энэ хэргийг эрүүгийн ажилтнууд шуурхай шалгаж Х гэгч эмэгтэй, шоронгоос суллагдсан төрсөн дүү “Ямаа” хочит Батнасангийн хамт үйлдсэн болохыг нь илрүүлсэн байна. Циркээс мөнгө алдсан үед алиалагч Батсүх, бас бус хүмүүс хөдөөгүүр тоглолт хийхээр явсан байсан тулдаа энэ хэргээс холуур өнгөрчээ. Гэнэн цайлган, хүүхэд шиг зантай бас гашуун идээнд дуртай нэрт алиалагч Латифийг ийнхүү олзлон хулгайн хэрэг рүү түлхсэн хэрэг төгсгөл болсон юм. Х гэгч тэр эмэгтэй төрсөн дүүгээ урд шөнө нь Циркийн хонгилд нуужээ. Тэгээд цайндаа орсон хойгуур Батнасан нь сэмхэн хулгайлаад үзэгчид дунд орох ёстой байв. Тэр үед хулгай гарч цирк үзсэн үзэгчдийг эрүүгийнхэн зургаан хаалган дээр нарийвчлан нэгжлэг хийж гаргах болсон аж. Тиймээс эгч дүү хоёр алиалагчийн өрөөнд орж хулгайлсан мөнгөө домбор дотор хийсэн түүх энэ юмсанж. Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэгчээр энэ хэрэг 2 сарын дараа эзэн холбогдогч нь баригдаж Т.Латиф эргэж ажилдаа орж ард түмнээ баясган инээлгэж байсан юм. Хэрвээ одоо үед ийм гүтгэлгийн золиос болон мөрдөн шоронд хоригдсон бол хэн нэгэн хэвлэлийн хурал зарлаж, нөхөн олговор, нэр төрөө сэргээлгэх гээд бөөн ажил мундах байсан биз. Захиргаадалтын нийгэмд уран бүтээлчид хэлмэгдээд цаашаа шоронд явчихаагүйдээ баярлаж явдаг байжээ. Тэгээд ч НАХЯ-наас Т.Латифыг дуудаж, энэ хэргийн талаар элдэв юм яривал, улсын нууц задруулсан хэрэгт орно гэдгийг анхааруулсан. Нэрт алиалагч Т.Латиф Ганцхудагийн мөрдөнд 2 сар гаруй суусан тухайгаа соц үед ярих тун дургүй байжээ. Хожим Ардчилсан хувьсгал Монголд ялсан ерэн оны үед тэрбээр хэлмэгдэж явсан тухайгаа чөлөөтэй ярьж, амьтан хүн инээлгэж явсан гэдэг.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=