Ертөнцөд хүн болж мэндлээд амьдралынхаа дийлэнх хэсгийг өргөст торны цаана өнгөрөөх азгүй тавилантай хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний нэг нь Дорноговь аймгийн цуут атаман Цэвэлийн Ваанчигжамбаа мөнөөс мөн. 1960-аад оны үе нь залуусыг эрдэм боловсрол, ажил хөдөлмөрт уриалан дуудсан, хайр дурлал, баяр баясал, дуу хуур цалгисан “алтан үе” байсан гэнэм. Энэхүү алтан үеийг Ваанчигжамбаа зүгээр нэр тойрч өнгөрсөнгүй. Хэт хөнгөмсөг, омог бардам сэтгэлгээ нь ялан дийлж 7-р ангид байхдаа үеийнхээ хүүхдийг хутгалчихаад “Найзууд минь баяртай” гээд хүүхдийн колони руу ачигджээ. Хүн танихгүй, мэдэхгүй хөдөөх нутгийн эгэл бор хүү хотын хөл хөдөлгөөн, нүргэлсэн их чимээнд хэсэг сатааран, цаашлаад насан туршдаа “Эвдрэхийн хутаг”-ыг олох араатнуудын цугларалтанд очоод сохорын газар сохор, доголонгийн газар доголон явахаар шийдэж хутга зодоон, танхай дээрмийн “хаан” болсон байна. Ийнхүү тэр:
“Засангийн довжооноос шороо атгаад
Залуу насныхаа босгыг алхав”.
Хэрвээ Ваанчигжамбаа: “Замын цэцгээр богцоо дүүргээд. Залуу насныхаа босгыг алхсан” бол түүнд ур ухаан, хүч чадал, авъяас билэг дүүрэн цогцолсон байв. Гэвч хувь тавилан түүнийг буруу чиг рүү нь эргүүлчихжээ. Замын цэцгийг, засангийн шороогоор сольсон Ваанчигжамбаа хүүхдийн колониос томчуудын шоронд шилжиж, цаашлаад чанга, онцгой, гяндан гээд бүхнийг дуусгасан байна. Эгээтэй л “дээд хэмжээ” авсангүй. Ваанчигжамбаа нь Хажуу-Улааны чанга дэглэмтэй колонид очоод бригадын дарга, хянагч нараа дарамтлаад ажил хийж өгдөггүй нилээд танхай байсан гэлцдэг. Хоригдлуудын дунд Ваанчигжамбаагийн тухай “Дорноговийн айхтар хулигаан хүүхэд” гэсэн цуу дэгдэж, түүний өөдөөс хэн ч үг хэлж зүрхлэдэггүй байж. Тэгтэл нэг өдөр 1960-аад оны шоронгийн атаман “Шулга” Сандаг Ваанчигжамбааг банз модоор зодож нүдээд хүчээр ажил хийлгэсэн байна. Толгойлогчийг нь нүдчихсэн тул түүний гал хам “Труба” Пушкин, “Шар” Сандагдорж нар аргагүйн эрхэнд ажил хийж эхэлсэн гэдэг. Гэвч Ваанчигжамбаа бүрэн засал авсангүй. Хутга зодоон, танхай дээрэм нь давамгайлсан тул чанга дэглэмээ онцгой дэглэмээр солиод, тэнд очоод Дашийн Мундаа, Цэвээний “Хар” Лхамсүрэн нартай гал хам болцгоож улам бүр чангарчээ. Мань гурав сав л хийвэл танхайрч, онцгой дэглэмийн шоронгийн хэв журмыг алдагдуулснаар хоёр ч удаа гяндлуулсан байна. Гянданд очоод улам бүр чангарах нь тэр. Ваанчигжамбаа нь янз бүрийн юм хөшиж онгойлгохдоо мэргэжлийн хүн тул хөнгөн цагаан халбагаар түлхүүр хийж гяндангийн өрөөгөө хялбархан онгойлгоод жирийн камеруудаар явж мөнгө төгрөг журамладаг байж. Тэгээд гяндангийн хэв журмыг зөрчиж архи ууж танхайран, хянагч дарга нартай үг сөргөлдөж сүүлдээ бүр дийлдэхээ байсан гэлцдэг. Арга хэмжээ аваад ч засрахгүй. Гяндангаас дээшхи албан тушаал гэвэл “дээд хэмжээ” юм л даа. Гэвч хүн алаагүй болохоор түүнийг ямар цаазлалтай нь биш. Ингээд Ваанчигжамбааг зөнд нь хаясан гэдэг. Гянданд байхдаа Дарханы цуут атаман Нямсүрэнгийн Өлзийхишигийн удирдлагаар танхайрсан гэж зарим хүмүүс ярьдаг л юм. “Дорноговийн Ваанчигжамбаа бол аймшигтай хүн” гэсэн цуу яриа жирийн камеруудаар тархаж шинээр орж ирсэн олон ч хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулжээ. Түүний гал хам байсан Цэвээний “Хар” Лхамсүрэн ярихдаа: “Ваанчигжамбаа бол ер нь жаахан хөнгөмсөг, хэт дэвэлзүүр, хурц сэтгэлтэй. Шоронд байхдаа бол бүтэхгүй янз янзын юм сэтгэнэ. Би бол зарим юман дээр зүрх алдана. Харин Ваанчигжамбаа аль хэдийн л амжуулчихсан явж байна. Сүүлийн үеийн хүүхдүүд биднийг бараг л Тоорой Банди мэтээр яриад байдаг. Орчин үеийн хүмүүст бол эрт цагийн шилийн сайн эрийн шинж чанар байхгүй шүү дээ. Тэр шилийн эрчүүд чинь бол агуу амьтад байсан юм билээ” хэмээсэн юм. Тэгэхдээ яс цоожны хүмүүс гэхэд хэт хөдөлгөөнтэй байсан нь ойлгогддог. Орой ажил тарж, хорихын том дарга нар гэр лүүгээ явсан хойгуур “Яс цоожны” Ваанчигжамбаа хянагч нарыг сэнсэртэл нь панаалдаад чөлөөтэй сэлгүүцдэг байсныг олон хүн нотолдог. Ямар сайндаа л
“Гяндангийн атаман Ваанчигжамбаа
Ганц худагийн хашаагаар сэлгүүцнэ
Гар бөмбөг тоглож зугаацсанаа
Гал зууханд орж бааварлана” гэсэн дөрвөн мөрт жирийн камеруудад тархах билээ. Тэрээр гянданд байхдаа зүүн далан дээрээ хамгийн сонгодог шивээс хийлгэсэн гэдэг. Ямар ч хүн хараад зогтусахуйц тэрхүү шивээс нь саран дээр суусан нүцгэн хүүхэн ажээ. Түүнийг төрийн тамга сийлдэг Чойрогийн Дүгэрээ шивсэн байна. Онцгой дэглэмийн шоронд байхдаа Ваанчигжамбаа, Мундаа, Лхамсүрэн гурав хоёр шил архи уучихаад, дахиад хоёр шил архи захичихаад байтал Болд гэдэг ахлагч ирээд: “Та нарын бүх замыг чинь хаачихсан. Архи уух хөг чинь өнгөрсөн” гэхэд нь Ваанчигжамбаа түүнийг панаалдахаар дагуулан гадагш гарчээ. Гэтэл Болд Ваанчигжамбаагийн хөл рүү буудчихаж. Хөлөө бариад сууж байсан нөхрөө хараад Мундаа уурлаж “Чи яагаад хүн бууддаг новш вэ” гээд өөдөөс нь явтал хоёр удаа хий буудаад гурав дахь дээр нь бас л хөл рүү нь буудчихажээ. Болд ахлагчийг цаана нь машинтай хүлээгээд зогсож байсан тул шууд машинд суугаад пархийтэл зугтаасан байна. Мань гуравыг дарж авахын тулд зохион байгуулалттай арга хэмжээ авсан нь энэ байж. Мундаа цусаа гоожуулаад онцгой дэглэмийн шоронгоор нэг цамнаж гарсан гэдэг. Харин Ваанчигжамбаагийн гутлыг буудсан тул хөлийг нь шүргээд өнгөрчээ. Онцгой дэглэмийн шоронд жаахан зөрчил гаргасан хулгайчийг буудаад алчихсан байхад дайснаа дарсан гэж үзээд 10 хоногийн чөлөөгөөр шагнуулдаг байсан хэмээн Дашийн Мундаа ярьсан юм. Мөн тэрбээр Ваанчигжамбаагийн тухай доорхи зүйлийг хуучилж билээ. “Найз маань шоронгоос суллагдаад амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бие нь их тааруу байсан. Олон жил шоронгоор явсны гай ч юмуу, элэг цөс, уушиг зүрх бүх юм нь муудсан. Өөрийн хөнгөмсөг сэтгэлийн харгайгаар захиргаадалтын үед ядлих шалихгүй будлианаар даанч олон жил шоронд суусан. Уг нь нарны амьдрал, ардчилсан нийгэм хоёрыг хослуулсан боловч ардчиллын ач буяныг үзэлгүй таалал төгслөө. Яруу найрагч Данзанравжаагийн 190 жилийн ойн баяраар би Дорноговь явж сайн найзтайгаа сүүлчийн удаа уулзсан. Надад нэг авдар архи авч өгчихөөд өөрөө уухгүй, цагаан ямааны сүү ууж хоёр хоносон. “За, Мундаа найз минь уугаарай” л гэдэг. Би ганцаараа хичнээн хороох билээ. Ваанчигжамбаа гурав дахь хоног дээрээ даанч тэвчилгүй надтай хамт ууж эхэлсэн. Сүүлдээ авдар архиа дуусаад нэрмэл авч уулаа. За, чи Дорноговийн атаман гэж шоронд байхдаа олон жил хуцсан. Үнэхээр атаман юм бол чи одоо харуулаадах гэж би үгээр идлээ. Гэтэл Ваанчигжамбаа: “Би жижиг хүмүүстэй уулзаж өөрийгөө доош нь хийхгүй” гээд шууд аймгийнхаа даргын хаалгыг тогших нь тэр. Тэр үеийн аймгийн дарга нь Улаан загалмайн нийгэмлэгийн дарга, яруу найрагч Одончимэд байсан юм. Яриа хөөрөөтэй сайхан хүн байлаа. Гэртээ байсан нэг шил архийг бидэнд өгөөд үйлдвэрээс “Авдар архи ав!” гэсэн бичиг хийж өгч бид тэр архийг нь авч ууцгаагаад хоёр тийш салсан. Жилийн дараа найзын минь бие муудаж нас барчихлаа гэсэн сураг дуулдсан. Би оршуулганд нь очиж чадаагүйдээ одоо болтол харамсдаг юм” хэмээв. Түүнийг Мааньтын чангад ял эдэлж байхад эхнэр нь хотод ирж төржээ. Хамт төрсөн хүмүүстээ эхнэр нь “Манай нөхөр цэрэгт байдаг” гэж худлаа хэлсэн байж. Тэгтэл Ваанчигжамбаа хүүхдээ үзэх гээд Мааньтын шоронгоос оргоод эмнэлэг рүү палхийтэл давхиад орчихсон байна. Сандарч тэвдсэн эхнэр нь “Миний хөгшин чөлөөгөөр ирэв үү? Эр цэргийн алба чинь сайн биз дээ” гэтэл “Шоронгийн хулгайчид юуных нь чөлөө байдаг юм” гэж хэлээд факталсан гэдэг. Тэгээд чанга дэглэмээс оргосон хэргээр онцгой дэглэмд очжээ. Ихэнх насаа шоронд өнгөрөөсөн цуут Ваанчигжамбаагийн туулж өнгөрүүлсэн амьдралын зөвхөн өнгөцхөн хэсэг нь энэ билээ. Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Одончимэд агсан нутгийнхаа дуулиант эр Ваанчигжамбаагийн талаар ийм нэгэн ярилцлага өгч байжээ. Түүний яриаг өгүүлбээс:
Социалист нийгмийн дошны атаман гэхэд л сайн эрийн хэлтэрхий байлаа. Тэд дош дошоо хамгаалдаг байлаа. Жишээ нь Үйлдвэр комбинатад “18-ын хонхор” гэж байсан. Энэ “18-ын хонхор”-оос хамгийн сайн боксчид гарсан шүү дээ. Одоо боксын шүүгч, дасгалжуулагч хийгээд явж байгаа “Сахал” Батмөнх, “Цахилгаан” Гомбо, Түвдэн нар бүгд л Үйлдвэр комбинатын “18-ын хонхор”-ын атаманууд явлаа шүү дээ. Манай Дорноговиос гэхэд л Ваанчигжамбаа гэж атаман байсан. Ваанчиг бол манай сум. Миний дараагийн дараагийн дүүтэй нэг ангид сурч байсан юм. Тэгээд дөрөвдүгээр ангиа төгсөөд аймгийн сургуульд ирээд л замарсан. Энэ хүүхдийг багш нар нь дээрэлхээд, үүнд гомдоод, эцэст нь хуулинд биш өөртөө итгэж амьдарсан. Би л өөрийгөө хамгаалахгүй бол намайг хэн ч хамгаалахгүй юм байна гээд хар багаасаа биеэ даасан байдаг. Гэхдээ хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, харин хүн дээрэлхсэн хүнийг хэзээ ч өршөөхгүй. Тэрнээсээ болоод шоронд ороод, Халхын шоронгийн атаман л гэх юм даа, тэр Дашийн Мундаа, Цэвээний “Хар” Лхамсүрэн нартай нийлсэн байдаг. Энэ гурав бол халхын шоронд нэг үе магнайлж байсан юм билээ. Нэг удаа Ваанчигжамбаа намайг Дорноговийн Анагаахын захирал байхад шоронгоос гараад очсон. Нийтийн ахуй үйлчилгээний дарга Маналжав гэж хүн байсан. Бас манай сумынх. Бид хоёр ярилцаж байгаад Ваанчигжамбаад нэг өрөө байр олж өгөөд уурын зууханд галчаар оруулж, амьдралд нь анх удаа ажил хийлгэж үзүүлж байгаа юм. Тэгээд мань хүн авгай хүүхэдтэй болж нэг үе сайхан амьдарсан шүү дээ. Тэгж байтал Маналжав хөдөө сум руу явж, би Чех улсад аспирантурт явсан. Тэр хооронд Ваанчигжамбаа дахиж хэрэг хийгээд шоронд орсон. 1992 онд намайг Дорноговь аймгийн даргаар очиход Ваанчигжамбаа шоронгоос суллагдаад хоёр хүүхэдтэй, гэр бүлтэй, хоёр өрөө байртай, хачин гоё амьдарч байсан. Архи ууна. Гэхдээ хүний архийг уухгүй, өөрийнхөө архийг л ууна. Би тэр үед ээждээ хэлдэг байсан юм. Манай гэрт орж ирээд хэдийд ч архи уух хоёр хүн байгаа шүү. Нэг нь хөгжмийн зохиолч Жагдал гуай. Нөгөө нь Ваанчигжамбаа. Жагдал гуайг орж ирэхэд та стакан архи хийгээд өгөөрэй. Ваанчигжамбааг орж ирэхэд та нэг шил архи өгөөрэй гэж захидаг байлаа. Жагдал гуай сардаа нэг орж ирээд стакан архи уугаад гарна. Харин Ваанчигжамбаа миний ээжийг хүндлээд, намайг аймгийн дарга гэдгээр нь хүндлээд манайд архи нэхэж ганц ч удаа орж ирээгүй. Харин цагаан сараар орж ирж ээжтэй золгоно. Энэ хүнийг тэгэхээр муу хэлэх үндэс байна уу. Нэг удаа би Ваанчигжамбаад авдар архи цохож өгч байсан түүхтэй. Нөгөө алдарт Дашийн Мундаа нь Дорноговьд очсон юм. Нэг шөнө унтаж байсан чинь манай тагтны доор хоёр хүн яриад л байх юм. Тагтан дээрээ гараад чагнаад байтал Ваанчигжамбаа л нэг хүнтэй яриад байна. Тэгээд маргааш өглөө нь би Ваанчигжамбаа руу утасдаад асуутал “Дашийн Мундаа ирчихээд байна” гэсэн. “Юу хэрэгтэй байна” гэсэн чинь “Та ерөөсөө авдар архи явуулчих” гэлээ. Тэгээд би аймгийн хүнсний комбинат руу утасдаад авдар архи өгүүлсэн. “Та хоёр гадагшаа гарч болохгүй, хэрэг тарьж болохгүй. Наад архиа нам жимхэн уугаад, наад Мундаагаа хурдхан явуулаарай, энд битгий олон хонуулаарай” гэж Ваанчигжамбаад хэлсэн. Мань хоёр авдар архийг дор нь ууж дуусгаад, маргааш нь гэхэд Мундаа хот руу явсан байлаа. Тэгэхдээ би ээжийг хүндэлсэн хүндлэлийг нь бодоод л Ваанчигжамбаад авдар архи өгсөн. Өдөр болгон орж ирээд архи нэхээд байвал би уурлана шүү дээ. Ийм л юм болсон. Би Ваанчигжамбаагаас шоронгийн тухай их олон юм асуудаг байлаа. Жишээ нь шоронд хүн ер нь яаж нэр хүнд олдог юм бэ, яаж атаман болдог юм бэ гэдгийг яриулдаг байхгүй юу. Тэгэхэд Ваанчигжамбаа “Ядруу хүнийг дээрэлхээд байгаа хүнийг хашраагаад байхад шууд дээд наар луу гараад явчихна. Мөн дэг хийгээд байгаа хянагч нарыг нам цохиод унагачих зоригтой, чадалтай байх хэрэгтэй” гэж ярина. Ийм хүн чинь дэглэм дээшлээд гянданд орохоос ч айдаггүй юм байна л даа. Ваанчигжамбаа чинь хэд хэдэн удаа гяндлуулж байсан хүн. Дээр үед Авдрантын хорих, Мааньтын хорих, Зүүнхараагийн хорих гээд бүгд нүдэнд үл үзэгдэх холбоо сүлбээтэй байж. Жишээ нь Ваанчигжамбаа өнөөдөр шоронгоос суллагдлаа гэхэд Халхын бүх шорон мэднэ. Шоронгийн амьдралын онцлог чанарын тухай би бас түүгээр яриулдаг байлаа. Нэг ширхэг орос чүдэнзийг хурц хутгаар зүсээд дөрвөн чүдэнз болгох жишээтэй. Шоронд нэг талхыг хэдэн хүн идэж болох вэ? Юугаар хутга хийж болох вэ? Килограмм махаар юу хийж болох вэ? гэх мэтийн хэн хүний мэдэхгүй жор үйлчилдэг байж. Тэгээд өлсөхгүй байх арга, цангахгүй байх арга, ядрахгүй байх арга гээд олон арга байдаг юм байна. Баавар цай хийж ууна гэдэг чинь шоронгийн бүхэл бүтэн амьдрал, том шинжлэх ухаан байж. Одоо чухам ямар болж байгааг мэдэхгүй.