“У.ХҮРЭЛСҮХ”-ЭЭР ОВОГЛОДОГ АЛИАЛАГЧИД ХУУЛИЙН ДЭЭР САНДАЙЛСАН ЮМ БИШ БИЗ!


/Оюуны өмчийн хулгайн хэргээр цагдаад шалгагдаж байхдаа зохиолчийн бүтээлд дахин гар дүржээ/

“Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин И.Одончимэг, Н.Онон, Л.Баттулга нар бүлэглэн, үгсэн хуйвалдан, давтан үйлдлээр Төрийн шагналт, СГЗ, нэрт зохиолч Ц.Доржготовын зохиол бүтээлийг удаа дараа хулгайлан их хэмжээний ашиг орлого олсон хэрэгтээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгагдаад хоёр дахь жил рүүгээ орж явна. И.Одончимэг нь нэрт зохиолчийн 1980 онд зохиосон “Цагийн өнгө” туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй ашиглаж, “Базарваань” нэртэй хошин шоу үзүүлбэр болгон СТӨ, МҮЭСТО, хөдөө орон нутагт тоглож, хожим нь телевизийн контент болгон ашиг орлого олсон. И.Одончимэг нь хамтлагийн залуу жүжигчидтэй нийлж уг зохиолыг хулгайлсан гэмт үйлдлийг жүжигчин Н.Онон нь гэрчилж, “Тэр бол яах аргагүй Доржготов гуайн зохиолыг Одончимэг зөвшөөрөлгүй аваад контент хийчихсэн, хулгайлсан нь үнэн. Үүнд би хамаагүй шүү” гэж мэдүүлжээ. Үүнээс гадна “Х ТҮЦ” хамтлаг нь зохиолч Ц.Доржготовын “Хөөе дарга хахлаа” 1972 онд бичсэн өгүүллэгийг “Сайдын үхэл” нэртэй контент, хошин үзүүлбэр хийж, өөрсдийн бүтээл мэтээр СD, хуурцаг хийж борлуулсан. Жүжигчин Н.Онон нь нэрт зохиолчийн 1978 онд бичсэн “Эцсийн амлалт” өгүүллэгийг хулгайлан “Залхуу Дондог” нэртэй контент хийж, “Х ТҮЦ”-ийн уран бүтээл болгон нийгэмд таниулж, ашиг орлого олсон. Зохиолч Ц.Доржготовын “Бэлэн Сэнгэ” хошин өгүүллэгийн тэргүүн байранд шалгарсан “Хотын бяцхан найз” өгүүллэгийг Л.Баттулга “Багын найз” болгон тэр чигээр нь хуулбарлан хошин үзүүлбэр болгон тоглож, хожим нь “Атаархуу Аглуу” нэрээр цуврал реклам болгон их хэмжээний ашиг орлого олсон. Мөн Л.Баттулга нь нэрт зохиолчийн 1995 онд бичиж, “Утгын чимэг” өгүүллэгийн дэд байрын шагналт “Улаан хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян” нэртэй өгүүллэгийг зохиолчоос зөвшөөрөл авалгүй “Orange” энтертаймэнтай хамтран “Дэлхий даахгүй баян” нэртэй контент хийсэн. Хулгайн контент 2020 оны намар цацагдах мөчид жүжигчин Л.Баттулга зохиолчийн эхнэр, хүүхдээс уучлал гуйгаад “Дахин Доржготов гуайн зохиолоос хулгай хийхгүй. Энэ удаа намайг өршөөгөөч?” хэмээн амлаад явсан байдаг. Гэхдээ Л.Баттулга нь хэлсэн амандаа өнөөдрийг хүртэл хүрсэнгүй. Хоёр жилийн дараа Л.Баттулга нь зохиолч Ц.Доржготовын “Хөөе дарга хахлаа” өгүүллэг, зохиолч Ж.Барамсай агсаны “Дарга эмнэлэгт хэвтсэн нь” өгүүллэгийг нийлүүлж “Ханиа даргад үнсүүл” нэртэй кино контент болгож нийгэмд түгээсэн. Оюуны өмчийн хуулийг санаатай зөрчсөн эдгээр жүжигчдийн хэрэг өдгөө СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байгаа. Анх хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуусан мөрдөгч ахмад Б нь ажлаасаа халагдсан учир, И.Одончимэг, Н.Онон, Л.Баттулга нарын оюуны өмчийн хулгайн хэргийг тусад нь салгаж, гурван өөр байцаагчид шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа, эксперт дүгнэлтээр сэжигтэн И.Одончимэг, Н.Онон, Л.Баттулга нар нь хохирогч Ц.Доржготовын зохиол бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдчихсон. Зохиолчийн өгүүллэг, туужийг хошин үзүүлбэр, кино контент болгон хичнээн төгрөгний ашиг орлого олсон, үүнээс хичнээн хувийг нөхөн төлбөрт авах явц дээр удааширч байгааг мөрдөгчид тайлбарладаг. Хяналт тавьж буй прокурорын зүгээс 2026 оны 4 дүгээр сард багтаж мөрдөн байцаалтыг дуусгахыг шаардаж буй. Гэтэл 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр буюу шинийн нэгний 18 цагт маргаан үүсгэж буй Ц.Доржготовын “Хотын бяцхан найз” өгүүллэгийг “Атаархуу Аглуу” нэрээр дахин Оюутолгойн хөрөнгө оруулалтыг магтан дуулсан контент хийж нийгэмд хүргэсэн. Хохирогчдын ар гэрийн төлөөлөл жүжигчин Л.Баттулгатай утсаар ярьсны дараа тэрбээр энэхүү контентоо сошиалаас устгажээ. Хулгайн хэрэг нь цагдаад шалгагдаж байхдаа Л.Баттулга тэсэлгүй ахиад хохирогчийн бүтээл рүү гараа шургуулан хулгай хийв. Цайчихсан хулгайч гэж монголчууд бид ярьдаг даа. Ийм л нэг алиалагчид “ялсан баатар” мэт дур зоргоороо аашилж явна. Хэдэн жилийн өмнө ХЗДХ-ийн дэд сайд, өнөөгийн УИХ-ын гишүүн П.Сайнзориг Н.Онон тэргүүтэй “Х ТҮЦ” хамтлагийнханг “Хамраа сөхсөн алиалагчид” хэмээн хэлсэн. “Биднийг алиалагчид гэж доромжиллоо” хэмээн Н.Онон лайв хийхэд нийгэм тэр аяараа “Хүрэлсүхийн алиалагчид аятайхан байгаарай” гэцгээсэн. Н.Онон нь өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Зүүний хүчний” холбоо гэгчийг байгуулахад хажуу бөөрөнд нь наалдаж явсан. Тэрбээр хоёр төрд нүүртэй алиалагч гэгчээр “Эрдэнэс Монгол” ХК-ны Олон нийтийн зөвлөлийн гишүүн, өдгөө МОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн хийж явна. Тэгэхээр олны үг ортой. У.Хүрэлсүхийн алиалагчид хуулийн дээр сандайлж, хэрэг нь цагдаад шалгагдаад дуусаагүй байхад дахин 85 настай, хөгшин хонины насгүй болсон зохиолч Ц.Доржготовын зохиолыг дахин хулгайлан ашиглаж, Оюу толгойг рекламдаж, “долоож” явааг юу гэх вэ. Хааны салбадай нарт хууль хэзээ ч үйлчлэхгүй гэх үү? Монголчууд авлигачдыг шийтгэж, авлигачдыг шоронд хорьж, авлигачдын хөрөнгийг хурааж төр нийгмээ цэвэрлэж, хөгжил дэвшил руу орно гэдэгт итгэдэг. Гэтэл хуулийн байгууллага нь авилгачид байтугай алиалагчдынхаа хэргийг шийдэх чадамжгүй болжээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=