УРАН БАРИМАЛЧ Л.БОЛД УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ХОЁР БАЙРЫГ ХУВЬДАА АВСНААР УРАН БҮТЭЭЛЧИД ГУДАМЖИНД ГАРАХ НЬ


Анх Зураг урлалын газар нэртэйгээр 1942 онд байгуулагдаж, Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач уран бүтээлчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилготой, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр уран бүтээл туурвидаг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага бол өнөөдрийн Монголын Урчуудын эвлэл юм. 80 гаруй жилийн түүхийн хугацаанд энэ өрх айлаас Монгол улсын Ардын зураач 18, Төрийн соёрхолт 18 , Урлагийн гавьяат зүтгэлтэн 50 гаруй, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 40 гаруй, Алтан гадас одонтой 100 гаруй уран бүтээлчид төрөн гарч, төр түмэн олны хайр хүндэтгэлийг хүртжээ. Зах зээлийн давалгаанд бусад байгууллагууд ихэнх нь үүд хаалгаа барьж байсан ч дүрслэх урлагийн салбарынхан зургаа зурж, бүтээлээ туурвисаар байсан билээ. Өнөөдөр ч олон уран бүтээлчид Монголын Урчуудын эвлэл гэх дөрвөн давхар байшиндаа эв түнжинтэй, зургаа зурж, баримлаа барьж, урлагтаа үнэнчээр зүтгэсээр байгаа. Гэвч уран бүтээлчдийнхээ төлөө ажиллах үүрэг хүлээсэн үе үеийн удирдах албан тушаалтнууд Урчуудын эвлэлийн газар, байрыг тал талаас нь хумсалсаар байна. Урчуудын эвлэлийн дүрэмд зааснаар, МУЭ , зураач урчуудын холбоод болон харьяа байгууллагуудын үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой газар эзэмших эрх МУЭ-ийн өмчид хамаарна гэж тодоос тод заажээ. Мөн МУЭ-ийн өмчийг хувааж авах, хувьдаа авах, ашиглах, бэлэглэх, барьцаалан зээл авах, өмчийг ашиглан хөрөнгийн баталгаа гаргах зэргийг хоригложээ. Түүгээр ч барахгүй МУЭ-ийн Үл хөдлөх хөрөнгийг худалдах, өөрчлөх асуудлыг зөвхөн Их хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ гэж зааж өгчээ. Ийнхүү дүрэмдээ маш тодорхой зааж өгсөөр байтал Монголын Урчуудын эвлэлийн үе үеийн удирдлагууд газар болон байрыг өөрсдийн нэр дээр шилжүүлсэн болохыг дараахь баримт батлан харуулж байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхжин Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монголын урчуудын эвлэлийн 400 м,кв газрыг өөрийн нэр дээр авсан нь илэрч, шүүхээр орж байсан бол уран барималч Л.Болд Урчуудын эвлэлийн А,Б хоёр байрыг хоёуланг нь өөрийн нэр дээр бүртгүүлжээ. Урдах уран бүтээлээ хэл амгүйхэн хийгээд явдаг уран бүтээлчид энэ талаар саяхан мэдэж, Улсын бүртгэлийн газраас тодруулж, лавлагаа хүсэхэд уран барималч Л.Болд нь аль 2007 онд буюу 20 орчим жилийн өмнө өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, өмчлөлийн гэрчилгээ авсан нь илэрчээ. Дүрэм ёсоороо бол эдгээр хөрөнгө нь МУЭ-ийн өмч байх ёстой атал тэрээр ичих ч үгүй хоёуланг нь өөрийнхөө нэр дээр нэг ч төгрөгийн зардалгүйгээр мэдлэг чадвар муутай улсын бүртгэгчийн толгойг эргүүлж байгаад өөрийн нэр дээр болгочихож. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэрээр энэ зальт үйлдлээ тун чадмаг нууж, үе үеийн удирдлагуудыг уран цэцэн үгээр уярааж, “Удахгүй шилжүүлээд өгчихнө” гэх мэтээр аргацаасаар явна. Ийм л ёс зүйгүй, шуналтай Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой увайгүй нөхөд Урчуудын эвлэлийн байр, газрыг тал талаас нь идсээр байгаад талаар нэг уран бүтээлчдээ тарааж санаагаа амраах бололтой. Өнөөдрийн үнэлгээгээр хотын төвд байрлалтай Урчуудын эвлэлийн байр газар нь хэдэн арван тэрбумаар үнэлэгдэж байгаа бөгөөд өмнөх бүх Ерөнхийлөгч нар Л.Болдын луйврыг мэдэж байсан нь ойлгомжтой. Харин тэд уран бүтээлчдийнхээ төлөө ажиллах ам тангараг өгч сонгогдсон байтал ийнхүү хэл ам хийдэггүй, бүр тас нууцалсан байсныг уран бүтээлчид гайхаж сууна. Бүр аудитын байгууллагыг хүртэл аргалж, Урчуудын эвлэлийн хөрөнгийг увайгүй нөхдийн мэдэлд байлгасаар байжээ. Уран бүтээлчид өнөөдөр сар бүр урлангийнхаа түрээсийг төлдөг бөгөөд Л.Болдын халаасыг зузаатгаж байгаагаа гадарладаг ч үгүй байсан аж. Дэгсдүүлэн хэлэхэд, шүдний махаараа хооллож, шүлсээрээ ундаалах шахуу яваа уран бүтээлчдийнхээ урлангийн өрөөг булааж авч, бузар хэрэг үйлдэж буй түүнийг урлагийн хүний ёс суртахуунгүй, увайгүй нь дэндсэн этгээд болохыг уран бүтээлчид нь баримтаар баталгаажуулаад өнөөдөр цочирдолд орж сууна. Ер нь Л.Болдын хувьд мэргэжлийн уран бүтээлчид дундаа нэр хүнд муутай нэгэн бөгөөд улстөрчдийн нөмөр нөөлөг дор ажилладаг нэгэн гэнэ. Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөг хийсэн гэж бардамнадаг түүний зураг төслийг гаргасан хөшөөг мэргэжлийн уран бүтээлчид нь өвөр зуураа шоолж суудаг бөгөөд ямар ч судалгаа, эрэл хайгуул хийгээгүй, уран бүтээлийн амин сүнсгүй, урд хөршид хийлгэж ирсэн хөшөөнд нь сэтгэл дундуур байдаг аж. Энэхүү хөшөөг хийхэд улсын төсвөөс багагүй мөнгө зарсан бөгөөд тендерт ч оролгүй танил талаараа авсан талаар дараагийн удаа баримттайгаар өгүүлэх болно.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=