
Манай сум нь Сайн ноёны хүрээ байсан газар учир улстөрийн хэлмэгдлийн цуст мөр, хүнд шархыг битүү хадгалан, айдас хүйдэстэйхэн 1960-аад онтой золгосон түүхтэй. Энэ үед лам явсан өвгөдийн ихэнх нь 1938 онд лам Жамцын Чулуундоржийн үүсгэн байгуулсан сумын артельд ажиллаж хэлмэгдлээс аврагдаад насны эрхээр чөлөөнд суусан байлаа. Үлдсэн цөөн хэсэг нь нас арай болоогүй учир тэтгэвэрт гарах өдрөө хүлээн , дунгийн дуунаар ажилдаа шогшсоор байв. Тэр үед артелийн ажил цуглах, тараах дохиог дун үлээж өгдөг байсан учир манай сумын бүтээн байгуулалтын нэг дуудлага нь дунгийн дуу байсан гэж болно. Харин хүүхэд бид нар дунгийн дууг сонсоход нэг л уйтай мэт сөөнгөтөөд, гансарч цөхөрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг сэн. Лам явсан өвгөд хэвчлэн жижиг бор гэрт амьдрах бөгөөд зуух, тогоо шанага, авдар сав нь түүндээ тохирсон байхын хэрдээ тансаг. Ороход гэр нь дулаан тухтайн дээр хоймортоо залсан бурхан шүтээн нь сүрлэг, байнга арц хүжийн үнэр анхилан, ер бусын сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Шүтээндээ гүнгэрваатай шуумал, зурмал бурхдыг эгнүүлэн тавьж, өмнө нь өлзийт найман тахил юмуу хаан долоон эрдэнийг өрж, зул өргөсөн байх нь олон сон. Дээр нь бидний мэдэхгүй олон судрыг таван өнгийн хадагтай залсан байх. Гэрийн зүүн талд нь зузаан бамбай, гудастай намхан модон ор , өмнө нь судрын эвхдэг тавиур, галын хаалт зэрэг зүйл байна. Орны нь дээд талд дэр шүүгээ, хөлд нь жижиг эргэнэг байх. Гэрийн баруун талд нь дээлийн том модон авдар, хувин савны тавиур зэрэгхэн байдаг сан. Эд хогшил нь ердөө энэ. Гэр нь бороо, цаснаас хамгаалсан төмөр дээвэртэй байсны дээр гэрийн үүднээс хашааны хаалга хүртэл голдуу хөх тоосгон замтай байлаа. Хашаан дотор нь өнжмөл өвс халиурч байхын дээр элдэв хог хаягдалгүй цэмцгэр. Гэрийн ард жижиг модон байшин, аргал түлшний саравч нь зэрэгцэн харагддаг сан.
Эхнэр хүүхэдтэй өвгөдийн аж амьдралын хэв шинж арай өөр бөгөөд цаг үеийнхээ өнгө төрхийг хадгалсан шинжтэй байлаа. 1960-аад он гарангуут “Соёлын довтолгоон”- ы он жилүүд эхэлж, шашингүйн суртал нэвтрүүлгийн ажил дахин хүчээ авч, лам явсан өвгөдөд бас нэг түгшүүр нэмэгдэв. Элдэв хяналт шалгалт олширч, сайд дарга нар, аймгийн аюулаас хамгаалахын төлөөлөгч нар сүлжилдэж эхэллээ. Элдэв үнэн худал мэдээ, мэдээлэл дээшээ доошоо нисэж, жижиг хэлмэгдлийн салхи хөгжиж эхлэх нь тэр. “Ногоон хэмээх Жимээ өвгөнөөр дамжин Түндэв гуайнд шүтэгдэж байсан Сайн ноёны хүрээний гол шүтээн, есөн эрдэнээр бүтээсэн Ногоон Дарь Эхийг аймгийн дотоодыг хамгаалахын төлөөлөгч, нэлээд ховор хэд хэдэн судрын хамт хураан авч одов. Хэд хэдэн өвгөдийг аймаг руу “ачиж”, асууж байцаан олон цөөн хоногоор саатуулах нь тэр. Иймд лам явсан өвгөд зүг чиг хардаг, буяны ерөөл тавьдаг, сан тавьж даллага авдаг зан үйлээ арга буюу орхиж эхэллээ. Ихэнх өвгөд, их хэлмэгдлийн жилүүд шиг бурхан шүтээн, ном судраа байшингийн дээврийн хонгил , хээгүйхэн авдар саванд нуух болов. Зун цагийн өвгөдийн айраг цөөрч, хөл хөдөлгөөнөөс дайжих өвгөд олшров. Тэр үед аранжамба Дамдиндорж гуай төвийн хойд дэнжид, шавь “өндөр” Жамбалынхтайгаа хоёр гэрээрээ суурьшиж, хутагтын Санжмятав гуай ганц гэр, сумын төвийн баруун хойд Жаргалант хайрханы өвөрт дөрвөн цагийн эргэлтэнд байдаг боллоо. Ринчинсаш гүний хүү Шийрэвнямбуу лам хотоос ирж суурьшсанаа гэрээ орхин, нэг л хэсэг хөдөөгүүр явдаг болчихож билээ. Ингэж монгол хүний үндсэн хуулиар баталгаажсан биширч шүтэх эрх чөлөө гэгч зөвхөн цаасан дээр дээр бичээстэй хуурай лоозон болж үлдсэн юм. Ийм л нэг сандралтайгаар манай нутгийн лам явсан цөөн өвгөд 1960, 1970-аад оныг туулсан билээ. Тэдний гар дээр байсан, нууж байсан бурхан шүтээн, ном судрууд нь хэнд өвлөгдсөн , хэрхэн устаж үгүй болсон нь өнөө хэрнээ тодорхойгүй. Гэхдээ 1990 онд хэсэг сэхээтнүүд “Сүсэгтний холбоо “ ТББ байгуулж Ганданцэмпэлин хийдийг байгуулахад нэлээд зурмал , шуумал бурханууд, ховор ном судрууд, тахил шүтээний хэрэглэл дорхноо цуглаж билээ. Мөн “Сүсэгтний холбоо”-ны гишүүн М.Шийлэгмаа , С.Төгсжаргал нар аймгийн намын хорооны товчооны гишүүн, ХАА -н удирдах газрын дарга Ц. Охинтогтохоор уламжлуулан хөөцөлдөж Сайн ноёны хүрээний гол шүтээн Ногоон Дарь эх бурханыг аймгийн музейн сан хөмрөгөөс авчруулж, дуганд залан сүсэгтэн олныг баярлуулж билээ. Ийм маягаар Өвөрхангай аймгийн Уянга суманд ард олны бишрэн шүтэх эрх чөлөөний үүд нээгдсэн түүхтэй.
Зохиолч Н.Даваадаш