
Мемфис дахь дуу бичлэгийн “Sun” студийн эзэн Сэм Филлипс гэгч “Надад ритм энд блюз” дуулж чадах цагаан хөвгүүн олоод ирээч, тэгвэл би Америк орныг эргүүлчихье” хэмээн ярьдаг байж. Филлипсийн энэ мөрөөдөл нь биелэх хувьтай байжээ. Ачааны тэрэгний жолооч Элвис Пресли ээждээ зориулсан дуугаа бичүүлэх гэж студид орж ирсэн нь өнөөх “хөвгүүн” нь мөн байлаа. Элвис Аарон Пресли 1935 оны 1-р сарын 8-нд Миссисипи мужийн Тьюпело хотод мэндэлсэн байна. Тэр эхлээд жолооч, дараа нь уянгын дууль, рок-н-ролл дуулах, эцэст нь жүжигчин болох заяатай байжээ. Энэ бүхэн нь түүний нэрийг дэлхийд зарлаж, хэмжээгүй их эд баялгийг авчирсан юм. Пресли хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байдаг тийм л жүжигчин байжээ. Түүний эхлэлийг Сэм Филлипс тавьсан нь ойлгомжтой. 1956 оны 1-р сард Элвис, “Heartbreak hotel” (“Шархалсан зүрх”-зочид буудал) дуугаа бичүүлж, телевизээр гарснаар нэрд гарч эхэлсэн байна. Нэртэй фирмүүдийн менежерүүд Элвисийг ихэд сонирхох болж, бүр дуучнаа “зарчих” гэсэн саналыг ч Филлипст тавьж байсан ч тэр татгалзсаар байжээ. Тэдний нэг болох Том Паркер, Элвис болоод түүний эцэг, гэр бүлийнхэнд нь залуугийн авьяас ямар их хувь заяа авчрахыг илүү идэвхтэйгээр ятгах болсон байна. Эцэст нь Филлипс, Паркерийн саналыг хүлээн авч, 1956 оны зунаас эхлэн Элвис Пресли дуу бичлэгийн “RCA records” фирмийн ивээлд очжээ. Үүнийхээ төлөө Филлипс 35 мянган доллар хүртсэн гэдэг. Элвис Преслийн нэр алдар тун хурдан Америк орноор түгэн тархаж, шинэ дуучныг Холливуд ч сонирхож эхэлсэн байна. Анхны гэрээгээрээ л Элвис 3 кинонд тоглох болжээ, Жүжигчний хувьд тэр дунд зэрэг ч гэлээ үзэгчдийн сонирхолыг татсаар байсан нь продюсерүүдэд нь ихээхэн таалагдаж байв. Кинондоо Элвис Пресли дуунуудаа дуулж үзэгчдийг байлдан дагуулж байсны нэг жишээ нь эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг татсан “Love me tender” дуу нь байлаа. Тэр ч бүү хэл Преслийн үсний засалт, урт пиджак, нэгэн дууных нь нэр болох “Хөх илгэн гутал” моод болсон байна. Хүүхнүүд Элвис Преслийн хамтран тоглогчийг дууриан цагаан цамц, гоёмсог банзлаар гангарч эхэлжээ. 1957 он гэхэд Элвис Пресли ид нэр алдрын оргилд гарч, нэлээд олон “алтан пянз”-ны эзэн болсон түүнийг “рок-н-роллын хаан” гэцгээх болсон юм. Түүний өөрийнх нь ярьснаар, хүүхнүүд “кадиллак” машин дээр нь утасныхаа дугаарыг бичих болж, Элвис ч машин цуглуулах хоббитой болжээ. 1957 онд Элвис 2 ч кинонд тоглосон нь “Үнсгэлжингийн үлгэр”-ийн хувилбарууд байлаа. Жишээ нь, “Loving boy” кино нь, тосгоны жирийн нэг залуу эстрадын од болж байгаа тухай, нөгөө кино “Jailhouse Rock” нь хэрэгтнийг засан хүмүүжүүлж тайзнаа гаргаж байгааг үзүүлсэн байв. Бүх кинонууд нь орлогоороо өмнөх дээд амжилтуудыг эвдэж, жагсаалтын эхэнд бичигдэх болжээ. 1956 онд гарсан “Elvis” нэртэй 2 дахь цомогтоо шилдэг дуунуудаа оруулсан байв. Энэ цомог нь тэр жилийнхээ олон улсын бестселлер болж, Элвисийн сул тал ч тэр үед дээд зэргээр илэрсэн байна. Түүний боловсролгүй, мунхаг харанхуй, бүдүүлэг байдал нь үзэгчдийн эгдүүцлийг маш ихээр хүргэж байлаа. Нэгэн ярилцлагад түүнээс: “Моцартын хөгжим танд таалагддаг уу?” гэж асуухад тэр “Моцарт гэнээ? Тэр чинь аль мужийнх вэ?” гэж хариу асуужээ. Ингэж тэнэглэснийх нь дараахан “Битлз” хамтлагийнхан хэвлэлийн бага хурал дээр “айхтар, айхтар” асуултуудыг “тун сүрхий” хариулж байлаа. Элвисийг яаж тэдэнтэй зүйрлэхэв. Тэр зөвхөн хүүхнүүдийн тухай л “сүрхий ихийг” бодож чадах байлаа. Кино, пянзнууд нь үнэхээр их орлого оруулж байсан ч дуучныг цэргийн албанаас юу ч хаацайлж чадсангүй. Тэр 1958 онд цэрэгт татагдсан юм. “Paramount” кино компани “King Creole” киногоо дуустал түүнийг 2 сар л цэргийн албанаас нь хойшлуулж чаджээ. 1958 оны 3-р сард зураг авалт дуусч, Элвис Пресли цэргийн албаа Баруун Германд хаахаар явжээ. Тэнд байхад нь 1958 оны 8-р сард эх нь элэгний өвчнөөр нас барсан байна. Дуучин маань асар их нэр хүндээ ашиглаж аав, эмээ, ойр дотныхоо хүмүүсийг дэргэдээ авчрахаар дарга нараа ч ятгаж. Германд байхдаа Элвис, Присцилла Болье гэгч хүүхэнтэй танилцаж эргүүлэх болжээ.

1960 оны 3-р сард Элвис цэргээс халагдаж ирээд эстрадын “од”-ын амьдралдаа эргэн орсон байна. Элвисийн бүх зүйл амжилттай байж, Фрэнк Синатрын телевизийн шоунд оролцож, шинэ пянзаа ч бичүүлж эхэлжээ. Пянз нь маш богино хугацаанд хит болж, АНУ-д 1-р байр, Их Британийн хитэд 2-р байранд орж, Элвис ч шинэ кинонд тоглож эхэлсэн байна. Гэвч Элвис Преслийн нэр алдар уналтанд орж эхэлжээ. Гол шалтгаан нь Том Паркер дэндүү олон кинонд тоглуулсан байлаа. Харин Пресли дунд зэргийн жүжигчин. Цэргээс халагдаж ирсэн тэр үед нь түүний дууг сонсох хүрээ маш хумигдсан байв. Хүмүүс гэр зуураа л түүний дууг сонсдог болсон байлаа. Элвис ч бууж өгсөнгүй, сонсогчдынхоо хүрээг тэлэхийг хичээж “O sole mio” неаполитан дууг англиар дуулж бичүүлжээ. Ингэж “It’s Now or Never” нэртэй болсон энэ дуу Атлантын хоёр эрэгт хитүүдийг тэргүүлэх болсон байна. Гэвч ажил хэрэг ерөнхийдөө урагшгүй л байлаа. Саяхан л Преслийг шүтэн биширч байсан залуучууд түүнийг эгнээнээсээ түрэн шахаж, тэдэнтэй өрсөлдөх нь Преслид тийм ч амар байсангүй. Энэ нь юун түрүүн “Битлз”, “Роллинг Стоунз”-ыг ярьж буй хэрэг. Юутай ч 60-аад оны дунд үе гэхэд Элвис Пресли дуугаа дуулж, кинондоо тоглохоо үргэлжлүүлсээр байсан ч залуу рок хамтлагуудтай нэр алдрын тавцанд зэрэгцэж чадахаа нэгэнт больсон байв. Гэсэн ч Элвисийн хувийн амьдралд баярт үйл явдал тохиож, 7 жил эргүүлсний эцэст 1967 онд Присцилла Больетэй гэр бүл болжээ. Урам зориг нь сэргэсэн Элвис 1969 оноос уран бүтээлээ дахин эхэлж АНУ-аар тоглолтоо хийж эхэлсэн байна. Гэвч Присцилла Болье дэндүү хатуу шаардлага тавих болж, нөхрийнхөө үй олон шүтэн бишрэгчдийг гэртээ цуглуулахаас эрс татгалзжээ. Yүнээс болж тэдний гэр бүлд маргаан дэгддэг байлаа. 1972 онд гэр бүл нь бараг салж, 1973 онд албан ёсоор цуцлуулсан байна. Хувийн амьдралын бүтэлгүйтэл нь Элвист хүчтэй цохилт өгч, тэр кантри маягийн гунигийн дууль дуулах болж сэтгэлээр бүрэн унасан байлаа. Энэ бүгд нь “рок-н-роллын хаан”-ы гадаад дүр төрхөд, царай алдаж, хэт таргалж эхэлснээр илэрч байв. Үүнээс болж тэр, сэтгэл санаа тавгүй байна гэдэг шалтгаанаар тоглолтоо хойшлуулах, бичлэгийн студид очихгүй байх нь ердийн үзэгдэл болсон байлаа. Энэ нь эрүүл мэндэд нь ч, уран бүтээлд нь ч муугаар нөлөөлсөөр байлаа. Сэтгэлээр унамтгай Элвис, өөрийгөө тайвшруулдаг гэх уул овоо шиг их гамбургер, согтууруулах ундааг хэмжээ хязгааргүй хэрэглэж, янз бүрийн эмийг ч хүчээр ууж эхэлжээ. Зарим эх сурвалжуудад Элвис, тусгай албаны мэдээлэгч байсан тухай бичсэн байдаг. Юутай ч 1970 оны 12-р сарын 31-нд тэр ХМТ-нд хандаж, өөрийн өрсөлдөгч гэж үздэг Жон Ленноныг Америкаас хөөн гаргахад туслаач гэж хүссэн байлаа. Ленноны тухай Пресли “Жон залуучуудын оюун ухааныг хордуулж, нийтэд хандсан мэдэгдэл, тэрс үйл ажиллагаагаараа АНУ-ыг гутааж байна” хэмээн ярьсан юм. Гэсэн ч гутрал, доройтол, сэтгэлээр уналт нь ямар ч сайн зүйлд хүргэсэнгүй. “Рок-н-роллын хаан” маань улам бүр доошилсоор, 1976 оны 8-р сарын 15-нд зүрхний өвчнөөр насан эцэслэсэн юм.
Домогт дуучин Пресли 1977 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зочид буудлын нойлийн өрөөнд мансууруулах бодис хэрэглэсний улмаас нас барсан байдалтай олджээ. Сонин хэвлэлүүд ч энэ талаар нэлээд шуугиж байсан юм. Гэхдээ Пресли ХМТ-ны тагнуул, тэр бүү хэл “Мансууруулах бодистой тэмцэх” хэлтсийн сайн дурын ажилтан байсан гэсэн цоо шинэ баримт гарган ирсэн. Нэг хэсэг нь Элвис Преслиг наркотик их хэмжээгээр хэрэглэснээс болж нас барсан гэдэг бол мансууруулах бодис, мафийнхны гарт амиа алдсан гэсэн яриа бий. Гурав дахь эх сурвалж нь өөрийнх нь дууг хүмүүс төдийлөн сонсохоо байснаас болж амиа егүүтгэлээ гэж үздэг. Дөрөв дэх хэсэг нь домогт дуучин өнөөдөр ч амьд байгаа бөгөөд өөрийнхөө үхлээр сенсааци дэгдээж, борлогдохгүй үлдсэн хэдэн сая цомгоо борлуулах нэг арга нь байсан гэдэг. Элвис Преслигийн үхлийг зарласнаас хойш 2 цагийн дараа Мемфис хотын онгоцны буудлын 2000 гаруй зорчигч Элвис Пресли хоёр үл таних хүний хамт Буэнос-Айрес орох тасалбар аваад онгоцонд суусан гэж баталжээ. Шүтэн бишрэгчид нь Элвис Преслигийн араас гүйлдэн очиход хамгаалагч нар нь түүнийг арын хаалгаар оруулчихаад зугтаасан баримт ч бий. Элвис Преслигийн сууж явсан нисэх онгоцонд Жон Берроуз гэх үл таних этгээдийн нэр бүртгэгдсэн бөгөөд энэ нэр нь Элвисийн нууц нэр байсныг бас тогтоосон юм. Үхэхээсээ өмнө сүүлийн арван жил рокийн хаан Элвис Америкийн олон хотоор аялан тоглохдоо зочид буудалд Жон Берроуз нэрээр бүртгүүлж байсан ажээ. 1979 онд 5 бие даасан криманалистик шинжээч Жон Берроузын Буэнос-Айрес явахдаа зурсан гарын үсгийг нарийн шинжилж үзэхэд Элвис Преслигийн гарын үсэг болохыг нь тогтоожээ. Рок-н роллын хааны үхсэн газрын үзлэгээр авсан гэрэл зураг, бусад нотлох баримт гурав хоногийн дараа алга болсон бол Элвисийг нойлийн өрөөндөө үхсэн байхыг хамгийн анх харсан зочид буудлын үйлчлэгч гурван сарын дараа ор мөргүй алга болжээ. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхэд түүний биеийн жинг 72 кг гэж бичсэн байв. Элвис Пресли бол амьд сэрүүндээ 100 гаруй жинтэй эр байсныг бүх америкчууд мэдэж байсан нь бас нэгэн гайхлыг төрүүлсэн юм. Элвис Пресли өөрийн эд хөрөнгөнөөсөө илүү 1800 оны эхээр хэвлэгдсэн Библийн “Хуучин Гэрээ” судартаа ухаангүй хайртай байжээ. Гэтэл зочид буудалд үхсэний дараахан Элвисийн “Хуучин Гэрээ” судар цагдаагийн мөрдөгчийн сейфнээс гэнэт алга болсон байжээ.