Энэхүү ноцтой хэрэг одоогоос олон жилийн өмнө болсон гэлээ ч “Хэрэг хуучрахгүй” буландаа нийтэлж байна.
“Алтан дорнод Монгол” компанитай холбоотой 2,1 кг алт хулгайлсан хэрэг 2007 оны зургадугаар сард гарчээ. Тус компанид аюулгүйн албаны байцаагч И.В.Батурин, гүйцээн баяжуулагч Д.С.Онишенко, О.С.Кочерго, гагнуурчин В.С.Базурнои нар нь компаниасаа 2 килограмм 118 грамм алтыг зохион байгуулалттай, бүлэглэн хулгайлсан байдаг. Энэ нь тухайн үеийн ханшаар 80 мянган ам.доллар буюу 200 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний алт аж. Тэд энэхүү алтыг хулгайлах операцийг эртнээс зохион байгуулалттайгаар бэлтгэсэн төдийгүй алтыг шорооноос нь угааж цэвэрлэсний дараа сэмхэн “туусан” байдаг. Энэ хэргийг үйлдсэн Батурин, Онишенко, Кочерго нар нь албан үүргийнхээ хувьд харилцан холбоотой ажилладаг байв. Холбогдох хүмүүсийн ярьж буйгаар Онишенко, Кочерго нар нь Батурины шууд хяналтан дор угааж цэвэрлэгдсэн алтыг авч байсан нь мөрдөн байцаалтанд монгол гэрчүүд мэдүүлжээ. Тэгэхээр Батурины бүлэглэл “Алтан дорнод” компанид ажиллаж байхдаа урд өмнө хичнээн удаа алт хулгайлсныг тооцоолох аргагүй. Тэд эгзэг нь таараад нэг үйлдэл дээр баригдсан нь дээрх хэрэг байлаа. Алт хулгайлсан оросуудын хэргийг анх Төв аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нягтлан шалгаад зохион байгуулалттай, бүлэглэн хулгай хийсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 145.4 дүгээр зүйл ангиар анх эрүүгийн хэрэг үүсгэж. Сэжигтэн Батурин, Ошиненко, Кочерго нарыг Төв аймгийн мөрдөнд цагдан хорих гэж байхад нь Оросын Элчин сайдын яамнаас манай цагдаагийн томчуудыг дарамтлаад шууд батлан даалтанд гаргасан гэдэг. Үүгээр ч зогсохгүй үлэмж хэмжээний хулгайн гэмт хэрэг үйлдсэн оросуудын хэргийг Улаанбаатар хот, Цагдаагийн хэлтэс рүү татуулжээ. Ингэхдээ хулгай хийгээд гардуулсан, хэргээ хүлээсэн Д.С.Ошиненко, О.С.Кочерго, И.В.Батурин, В.С..Базурнои нарын зохион байгуулалттай, бүлэглэн үйлдсэн хулгайн онц хүнд гэмт хэргийг зүгээр л санамсар болгоомжгүй үйлдлээр хулгайн эд зүйл зарж борлуулахыг завдсан гэсэн зүйл ангиар өөрчилжээ. Энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч Л.Төгс-Ухаан, прокурор Д.Нэргүй нар нь сэжигтнүүдииг батлан даалтад гаргасан төдийгүй зүйл ангийг нь өөрчилсөн нь нийгэмд ихээхэн бухимдал төрүүлсэн байдаг. Гэмт хэргийн толгойлогч, гардан гүйцэтгэгч И.В.Батурин манай хууль цагдаагийнханг доромжилж “Монголчууд та нар оросуудыг шийтгэж шорондоо хийж барах уу? Орос хүнээр оролдож байж ажил, талхнаасаа салав даа” хэмээн тавлажээ. Мөн алт хулгайлсан орос эхний мэдүүлгээсээ буцаж “Бид алт хулгайлаагүй, Алтан дорнодын гадуур ажилладаг танай нинжанууд чинь 2 кг 118 грамм алтыг авчирч өгсөн. Түүнийг нь бид худалдаж авах гэж байсан” гэцгээсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад, дүн шинжилгээ хийж үзэхэд хоёр кг гаруй алтыг нинжа нараас цуглуулан авах боломж тун бага юм байна. Тэгээд ч тус компанийн Ар наймганы уурхайн карьераас нинжа нар үйлдвэрийн бус аргаар алт хулгайлаад баригдах явдал гарч байсангүй. Нинжа нарын хувьд ийм хэмжээний алтыг гаргаж авахад багагүй хугацаа, хөдөлмөр шаардагдана. Тэд нэг метр куб элсийг бүтэн өдөржин угаахад 05.-1 гр алт гаргаж авдаг гэсэн тооцоо гарчээ. Бүтэн нэг жил мөрдөн байцаалтад байгаа энэ хэргийн талаар Төв аймгийн цагдаа, прокурорынхан төдийгүй УЕП байсан Б.Алтанхуягт ч хандсан аж. Гэвч энэ хэрэг сунжирсаар жилийн дараа УМБГ-ын ахлах мөрдөн байцаагч Түвдэндоржид шилжжээ. Түүнээс цааш алт хулгайлсан оросуудын хэрэг таг чиг болсон юм. Хэрэвзээ нэг муу ядарсан нинжа, Алтан дорнодын монгол ажилчид хулгайлсан бол ЭХ-ийн 145-ын 4-өөр дор хаяж 10 жилийн ял өвөртлөөд шорон луу маршлах байсан нь ойлгомжтой. Гэвч манай эрүүгийн хууль гадныханд хүчин мөхөсдөж байдаг бөгөөд төрийн хатуу чанга хуулийн дор орос хүн бөхийж байсан түүх бараг үгүйг энэ хэрэг харуулж байна.