СЭМҮТ-ИЙН ӨВЧТӨН ГАДУУР СУЛ БАЙСАНД ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ЗӨВ БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ТОГТООНО


Энэ сарын 4-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-эхэд сэтгэцийн өвчтэй 48 настай Б гэгч этгээд хөрш айлынхаа 30 настай хөл хүнд бүсгүй, түүний 4 настай охиныг зэрлэг балмадаар хөнөөж, 3 настай охиныг маш хүнд гэмтээсэн билээ. Нийгмийг цочроосон энэхүү гэмт хэргийн талаар өнөөдөр холбогдох албан тушаалтнууд олон нийтэд мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр, энэхүү аймшигт хэргийг үйлдсэн этгээдэд авсан эмнэлгийн албадлагын арга хэмжээ өнөөгийн Эрүүгийн хуулийн дагуу явагдсан эсэх, мөн шинжээчийн дүгнэлт үнэн зөв байсан эсэхийг шалгахаар болжээ. СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой өвчтөн гадуур ийнхүү сул чөлөөтэй явж, нийгмийн харилцаанд орж байсан эсэхийг нарийвчлан шалгах юм байна. Энэхүү ноцтой гэмт хэргийг ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч, шалгаж байгаа аж. Дахин энэ төрлийн харамсалтай хэрэг гарч, нийгмийг цочирдуулах ёсгүй гээд сэтгэцийн өвчтэй хүмүүстэй холбоотой эрх зүйн хүрээнд засч залруулах шаардлага байгаа тул хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Харин ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга П.Очбадрах прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд хэргийн талаар мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллагын тусгай 102 утсанд 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр 10:54 цагт хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл нийслэлийн БЗД-ийн цагдаагийн хэлтэст ирсэн. Хэргийн газар дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Хэрэг БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гарч, 07:55-10:52 цагийн хооронд 30 настай эмэгтэй М, дөрвөн настай А нар хутгалуулсан байдалтай нас барсан байсан. Мөн түүнчлэн гурван настай охин А гар сарвуу, нуруундаа хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Охинд анхан шатны тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд охин гурван удаагийн хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна. Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн шалгах алба хамтран шуурхай ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Бид иргэн Б-г цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногийн хугацаанд авсан байна. Уг хэрэгт талийгаачийн нөхөр холбогдолгүй бөгөөд сэжигтэн этгээдийг баривчилсан байгаа гэлээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=