Монгол оронд ардчилал өрнөсөн он жилүүдээс хамгийн даацтай, зорилготой улстөрийн өлсгөлөн бол 20 жилийн тэртээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төв талбайд болсон өлсгөлөн юм. Тухайн үед МоАх болон ардчилсан хүчнүүдээс улс оронд ардчилсан сонгууль явуулах эрх зүйн үндэс бий болгох талаар БНМАУ-ын АИХ, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, эрх баригч МАХН-нд өгсөн шаардлагын хэрэгжилт удааширч төрийн эрх барих дээд байгууллага АИХ-ыг сонгон хугацаа хаяанд тулж ирээд байлаа. Жагсаал цуглаан хийх үйл ажиллагааг зохицуулах тухай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 86 дугаар зарлиг гарсан бөгөөд тухайн үеийн аймаг нийслэлийн удирдлагууд жагсаал цуглаан хийх зөвшөөрөл өгөх нэрийн дор улстөрийн жагсаал цуглаан хийх хугацааг ямар нэг хэлбэрээр удаашруулахыг оролдох болов.
Ардчилсан хүчнүүдээс БНМАУ-ын АИХ, Сайд нарын Зөвлөл, МАХН-д тавьж байсан нэг гол шаардлага бол Ардын түр хурал байгуулах асуудал байсан юм. Ардын түр хурлын зорилго нь БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Сонгуулийн зарчмыг өөрчлөн шударга, ардчилсан сонгууль явуулах эрхзүйн үндсийг бүрдүүлээд тарах ёстой байлаа. 1990 оны гуравдугаар сарын 7-ны улстөрийн өлсгөлөнгийн дараахан болсон БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн YIII чуулганаас ардчилсан хүчнүүд ардчилсан хувьсгалын эрх зүйн үндсийг тавих ямар нэгэн шийдвэр гарахыг хүлээж байсан боловч дорвитой шийдвэр гаргасангүй, харин АИХ-ын депатутуудын төлөөлөл ардчилсан хүчнүүдийн удирдагчдыг хүлээн авч уулзан “сургаал” өгөх төдийхнөөр өндөрлөсөн юм. Хэрвээ цаашид байдал иймэрхүү байдлаар үргэлжилбэл хуучин сонгуулийн хуулиар БНМАУ-ын АИХ-ын сонгууль явагдахад хүрэх байв. Энэ тохиолдолд ардчилсан хувьсгалын явц удааширч улстөрийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй байлаа.
1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өглөө БНМАУ-ын Засгийн газрыг ордныг цэрэг цагдаагаар битүү бүслүүлсэн байв. Гэвч Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнүүдээс цуглаан зохион байгуулж, эрх баригчдаас өмнө нь өгсөн шаардлагынхаа хариуг шаардсан юм. Хөвсгөл аймгийн Ардчилсан холбооноос 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны 11 цагт Мөрөн хотын Даваадоржийн талбайд эрх баригчдаас өмнө өгсөн шаардлагын хариуг нэхэх цуглаан зохион байгуулсан байна. Уг цуглаан цаг гаруй үргэлжилсэн бөгөөд цуглаан дээр аймгийн цагдаагийн хэлтсийн цагдаа, офицерууд олноороо ирсэн байсан боловч цуглааныг зогсоох тараах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй юм. Цуглаан тарсны дараа МоАХ-ноос ирсэн төлөөлөгч Төмөр-Очирыг гаргаж өгөхөөр аймгийн Ардчилсан холбооны зохицуулах зөвлөлийн дөрвөн гишүүн нисэх онгоцны буудал явсан бөгөөд тэднийг буудал дээрээс цагдаа нар баривчлан цагдаагийн хэлтэс дээр авчирчээ. Аймгийн Ардчилсан холбооны удирдлагууд баригдсан тул үлдсэн гишүүд нь ямар үйл ажиллагаа явуулах талаарзөвлөгөө чиглэлд өгөхийн тулд харанхуй болтол нуугдаж байгаад зарим гишүүдтэйгээ уулзаж ярилцсаны дараа 20 цагт цагдаагийн хэлтэс дээр аймгийн АХ-ны ерөнхий зохицуулагч Д.Чилхаажавыг явж очиход жижүүрийн офицер маргааш өглөө 8 цагт шүүх дээр очихыг үүрэг болгожээ. Ингээд маргааш нь АХ-ны гишүүдийг аймгийн шүүх дээр ирэхэд АХ-ны гишүүд, дэмжигчид аймгийн шүүх, прокурор, цагдаагий үүдэн дээр цугларсан байна. Аймгийн шүүхийн дарга Галсанпунцаг өрөөндөө оруулж байгаад Ардчилсан холбооны гишүүдийг зогсоож байгаад шүүхийн шийдвэр уншиж сонсгожээ. Уг шийдвэрээр зөвшөөрөлгүй жгасаал хийсэн хэмээн ерөнхий зохицуулагч Д.Чилхаажавыг 25 хоног, Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Батсуурь, багш Л.Жамбалдорж, геологич Олзбаатар нарыг 20 хоногоор, Холбооны инженер Т.Баяржаргал, музейн ажилтан Ч.Ганхүү, Д.Бохьшарга нарыг 500 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Цагдаагийн урьдчилан хорих байранд хоригдож байсан Д.Чилхаажав, Л.Батсуурь, Олзбаатар, Жамбалдорж нар ярилцаад улстөрийн өлсгөлөн зарлахаар шийдэн шаардлага бичин аймгийн цагдаагийн хэлтсийн даргад гардуулах гэсэн боловч шаардлагыг хүлээн авахаас эрс татгалзсан тул шууд өлсгөлөн зарлажээ. Дараахан нь 500 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авагдсан зохицуулах зөвлөлийн дөрвөн гишүүн Т.Баяржаргал, Д.Цогбадрах, Ч.Ганхүү, Л.Жамбалдорж нар мөн өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэн 1990 оны дөрөвдүгээр сарын 28-ны оройноос Даваадоржийн талбайд сууж эхэлсэн юм. Өлсгөлөн зарлагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, Дархан, Дорнод аймгаас ч хүмүүс ирж өлсгөлөнд нэмэгдсэнээр нийт өлсгөлөн зарлагчдын тоо 18-д хүрсэн байна. Өлсгөлөн зарлагчид АИХ-ын тэргүүлэгчдийн 86 дугаар зарлигийг хүчингүй болгох Ардын түр хурал байгуулах, Ард түмний онц зөвлөл байгуулах, АИХ-ын Тэргүүлэгчдийн 86 дугаар зарлигийг хэрэгжүүлэхээр гаргасан аймгийн АДХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгох зэрэг шаардлагуудыг тавьсан юм. Ес хоног үргэлжилж, монголчуудын анхаарлыг зүй ёсоор татаж байсан Хөвсгөлийн өлсгөлөн Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн улстөрийн тэмцэл болсон байна. Дашрамд сонирхуулахад, Хөвсгөлийн өлсгөлөнг цэрэг зэвсгийн хүчээр дарах нууц төлөвлөгөө хийж, Мөрөн хотоос холгүйхэн байдаг Оросын цэргийн ангиас цэрэг зэвсэг дайчлахаар ярилцаж байсан ч энэ өлсгөлөн орон даяар маш их шуугиан тарьж, олны анхааралд орсон учраас хийж зүрхлээгүй гэдэг. Шөнийн цагаар өлсгөлөн зарлагчдыг танкаар дайрч, эсэргүүцсэн хүмүүсийг буудахаар төлөвлөсөн байсан бөгөөд оросын цэргүүд Монголын талаас “Дайр” гэсэн ганцхан шийдвэрийг хүлээж байжээ. Тэр үед Мөрөн хотын Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлагчдыг дэмжиж, хүмүүс шөнө хүртэл тэднийг манаж хонож, талбай дээр тэдний тооцоолж байснаас олон хүн байнга шахуу хөлхөж байснаас энэ төлөвлөгөөг хэрэгжиж амжаагүй гэдэг. Энэхүү өлсгөлөнгийн үр дүнд Ардчилсан хувьсгалын эрхзүйн үндсийг тавих нөхцөл бололцоо бүрдэж, 1990 оны тавдугаар сарын 4-нд БНМАУ-ын АИХ, Сайд нарын Зөвлөл, улстөрийн намууд, олон нийтийн зарим байгууллагын төлөөлөл оролцсон олон талт яриа хэлэлцээр эхэлсэн байна. Ингээд маргааш нь буюу тавдугаар сарын 6-нд Хөвсгөлийн улстөрийн өлсгөлөн зогссон түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.