БНСУ-аас ХАЛДВАРТАЙ ИРСЭН СУВИЛАГЧИЙГ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ИЛРҮҮЛЖ ЧАДААГҮЙ ГЭЖ ҮҮ?


Өнгөрсөн жилийн сүүлээс БНХАУ-ын Ухань хотоос анх эхэлсэн, коронавирусийн халдвар дэлхийн бүх улсад тархаж, өнөө хэр тархалт нь намдахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд  50 сая өвчлөл бүртгэгдэж, 1,2 сая хүн нас бараад байна.  Одоогоор Европын улс орнууд сарын хугацаатай хөл хорионы дэглэмээ дахин үргэлжлүүлж, сургууль цэцэрлэгээс бусад үйлчилгээний газруудыг хаахаар болсон билээ. Гэвч коронавирусийн   тархалт төдийлөн буурахгүй байна.  Хамгийн сүүлийн мэдээгээр, манай хойд хөрш болох ОХУ-д тархалт асар хурдацтай тархаж байгаа бөгөөд ялангуяа манай улстай хиллэдэг хот, тосгоноор өвчлөл маш өндөр байгаа юм. Зөвхөн энэ сар гарсаар Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-аас ирж буй ачаа тээврийн 9 жолоочоос коронавирус илэрсэн гэхээр Орос хяналтаа аль хэдийнэ алдсан гэдгийг баталж байгаа юм. Иймд Улсын онцгой комисс болон Сэлэнгэ аймгийн онцгой комисс хуралдаж, Алтанбулаг боомтоор ачаа бараа тээвэрлэх асуудлыг түр зогсоох талаар ярилцаад байгаа. Өнөөдрийг хүртэл манай улс коронавирусийн тархалтыг дотооддоо алдаагүй цор ганц улс болоод байсан. Гэвч ХӨСҮТ-д тусгаарлалтад ажиллаж байсан сувилагчаас коронавирусийн халдвар илэрч, манай улс  дотооддоо анх удаа илрэв. Ер нь коронавирус анх тархаж байхад эмнэлгийн ажилчдад тархах магадлал өндөр хэмээн үзэж, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлахыг сануулж байсан. Ганцхан жишээ дурьдахад, Казахстан улсын нэгэн эмнэлгийн 200 гаруй сувилагч халдвар авч, өөр эмнэлгийн сувилагч нарыг татан авчирч байсан. Тэгвэл энэ талаар  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Тухайн сувилагч ХӨСҮТ-ийн дотор халдвар авсан гэхээс илүүтэй наймдугаар сард Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн, тусгаарлалтад ороод гарсан. Ажилдаа ороод нэг сар болж байгаа юм билээ.  Тиймээс бид түүнийг үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдвар авсан уу үгүй юу, эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байгаа эсэхэд шинжилгээ судалгаа хийж байна. Бид ХӨСҮТ-д ирсэн өдрүүдийнх нь бүх камерыг бичлэгт шалгалт хийх ажиллагаа явагдаж байна” гэсэн тайлбарыг өглөө. Хэрвээ үнэхээр тэрээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, эмнэлгийн орчноос аваагүй юм бол  байдал бүр илүү ноцтой болно. Одоогоор өөрсдийгөө өмөөрөх гэсэн ЭМЯ-ныхан сувилагч бүсгүйг БНСУ-д байхдаа халдвар авсан хэмээн “чичрэх” бололтой. Гэтэл тэдний өгч буй мэдээллээр, сувилагч бүсгүй БНСУ-д халдвар авсан байх юм бол тусгаарлалтанд байх хугацаанд нь яагаад илрүүлээгүй, мөн гарснаасаа хойш тэрээр ажилдаа орж, 14 хоног ажиллаад 14 хоног тусгаарлалтанд байж байгаад гэртээ харьсан байж таарах нь. Тэгэхээр энэ хугацаанд тэрээр хичнээн хүнд тараасан байхыг таахын арга алга. Өөрсдийгөө сайн ажиллаж байгаа хэмээн рекламдаж байсан ЭМЯ-ныхан ийнхүү сувилагч бүсгүйн асуудлаас болж, үнэнд гүйцэгдэж эхэллээ. Аль 8 дугаар сард ирэхэд нь оношилж чадаагүйг бодоход өмнөх бүх оношилгоо ар араасаа эргэлзээ дагуулж эхлэх нь ойлгомжтой. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=