ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭН ДЭХ ЦУС УРСГАСАН ТУЛААН



Английн хөл бөмбөг­ийн түүхэнд  тас хар­аар бич­иг­дэх хэд хэдэн үйл явдал байдгийн хоёр нь алдарт “Ливерпуль” багтай холбоотой. Саяхан “Арсенал”-“Ливерпуль” баг Английн Премьер лигийн 33 дугаар тойрогт тоглоход 22 жилийн өмнө болсон “Хиллсборо”-гийн айм­шигт явдалд амь үрэгдсэн 96 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн 1 минут дуугүй зогссоныг хөлбөмбөг сонирхогчид харсан байх. Ингээд “Ливерпуль”-тэй хол­боотой хоёр эмгэ­нэлт явдлын түүхийг хүүрнэе. “Ливерпуль”-ийн түүх хөлбөмбөгийн амжилт, аз жаргалыг өгүүлэхээс гадна бас аймшигт үхэлтэй сүлэлдсэн байдаг. 1985 онд Бельгийн “Эйзель”, 1989 онд “Хиллсборо”-д болсон гэмгүй балиашгуудын үхэлд “Ливерпуль”-ийг тэр дундаа балиашгуудыг нь буруутгах нь бий. Англи улс хөлбөмбөгийг үндэслэгчийнхээ ади­л­аар бас хөлбөмбөгт хүчирхийлэл, эмх замба­раагүй байдлыг үүсгэгч болон тэм­дэг­лэгдсэн. Дор “Ливер­пуль”-тэй хол­боотой хоёр аймшигт явдлын талаар товч дурслаа.


1985 оны тавдугаар сарын 29-нд Бельгийн нийслэл Брюссель хотын “Эйзель” стадионд “Ливерпуль”-“Ювентус” Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтод таарчээ. Ливерпулиэс 60 мянга балиашиг ирсний ихэнх нь халамцуу байлаа. Тоглолт эхлэхээс цагийн өмнө стадионы уур амьс­гал дайн дажинг санагдуулам байв. Хаш­­­ги­ралдан орил­ол­­­дож, туг дарцгаа дэрвүүлэхийн сацуу галт пуужин байн байн буудуулна. Цагдаа нар хөөрсөн балиашгуудыг хэвийн байдалд нь оруулж чадахгүй байлаа. Английн галзуурсан мэт балиашгууд Италийн балиашгууд руу арслан мэт хүрхэрч, алуурчин мэт дайрахад бэлэн байгаа нь тодорхой харагдана. Азаар тэдний дунд тор тусгаарлаж байв. Гэвч хоёр багийн балиашгуудыг тусгаарлаж байсан Z хэсгийн тор нурснаар английн танхай фанат­ууд галзуурсан мэт италичууд руу дайрав. Аюул ирж буйг хараад сандарсан италичууд авралаа хайн зах руу гүйхдээ унасан нэгэн дээрээ гишгэн зүтгэв. Ийнхүү 38 итали, 1 бельги хүн стадионд амь насаа алдлаа. Тэднийг зүгээр л гишгэчихсэн юм. Хоёр багийнхан тоглолтыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч шүглээ үлээлээ. Мишель Платини торгуулийн цохилтоор хожлын ганц гоолыг оруулжээ. Агуу франц эр баярлан дэвхцэн гүйснийг хожим хэвлэлээр ихэд шүүмжилсэн. Хэвлэл­ийнхний бодлоор “Платини 39 хүний авсан дээгүүр харайн баярласантай ялгаагүй хэрэг” гэнэ. Энэ явдлын дараа Платини зодог тайлна гэж шийдсэн гэдэг. Платиниг орхиё. Ливерпулийн зарим балиашгууд “Италичууд өөрсдөө л бидэн рүү хараал урсгаж, чулуу шидээд байсан шүү дээ” гэж өөрсдийгөө дараа нь өмөөрч байлаа. Зарим нь тоглолтыг зохион байгуулагчдыг буруут­гаж байв. Цагдаа нарын тоо хангалттай байгаагүйг ч олонтаа дурьдлаа. UEFA хэрэг явдлын гол буруутан Английн балиашгуудыг хэрхэн шийтгэхээ бодож олжээ. Энэ бол таван жилийн турш Европын цомын гурван тэмцээнд Английн ямар ч багийг оролцуулахгүй байх тухай шийдвэр байв. Харин хэргийн эзэн “Ливерпуль”-д шийтгэлийн хугацааг долоон жилээр тогтоосон юм. Харин “Эйзель” стадионыг бүрмөсөн нурааж, буурин дээр нь Бодуэн хааны стадионыг босгожээ. Мөн шинэ стадиондоо хэзээ ч клубүүдийн хоорондын тоглолтыг хүлээж авахгүй гэсэн хатуу шийдвэр гаргасан байна. 1985 онд болсон тэрхүү аймшигт явдлын гэрч болон нэг л зүйл үлдсэн нь стадионы гол хаалга. “Эйзель”-д болсон явдлыг өөрийн нүдээр үзсэн “Ливерпуль”-ийн балиашиг Жеральд Маккинли ийн дурсжээ “Тэр хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг ямар ч хүчээр зогсоох боломжгүй мэт санагдаж байсан. Европ, Англид эмх замбараагүй танхай балмад явдлууд хөлбөмбөгийн үеэр газар авч байсан. Энэ эмх замбараагүй байдал, танхайрлыг хэзээ нэгэн цагт заавал зогсоох ёстой байлаа. Гэвч үүнийг зогсоохын тулд тийм их үнэ төлсөн нь эмгэнэлтэй.  “Эйзель”-д болсон тэр аймшигт явдал надад машинистгүй хурдалж яваа галт тэрэг шиг л санагддаг” гэжээ. Ник Хорнби “Fever Pitch” хэмээх номдоо “Эйзель”-ийн талаар ингэж бичжээ “1985 оны хавраас байдал нэг л таагүй тийшээ салхилаад эхэлсэн. Эхлээд Лутонд “Миллоул”-ын балиашгууд тан­хайрч, цагтаа нар ичгүүртэйгээр зугтаасан. Эмх замбараагүй байдал үүнээс болж газар авсан. Үүнээс л болж хатагтай Маргарет Тэтчер балиашгийн үнэмлэх гээчийг сэдсэн юм шүү дээ. Дараа нь “Челси”-“Сандерленд”-ын тоглолын үеэр танхай балиашгууд талбайд гарч тоглогчид руу дайрсан. Энэ хоёр явдал ердөө хэдхэн долоо хоногийн л зайтай болсон. Зөвхөн энэ хоёроор ч тогтохгүй. Энэ бүхэн “Эйзель”-ийн аймшигт явдлын эх үндэс нь болж өгсөн. Хамгийн хачирхалтай нь хүмүүсийн үхлийг “зугтаалт” гэж дүгнэсэн явдал. Фанатууд өрсөлдөгчдөө айдас хүйдэс төрүүлж, тэднийг айж зугтаахыг харан доромжлон шоолох л гэсэн бодол тээж явдаг. Гэтэл нийгмийн дунджаас дээгүүр дав­харгын италичууд энэ байдлыг нь сайтар ойлгоогүй. Яаж ч ойлгох билээ дээ. Тэд урьд нь Английн стадионд болдог явдлуудыг хараагүй байсан юм чинь. Тэд английн танхай фанатуудыг хараад хурдхан хол­хон зугтаахын тулд хэсгийнхээ хамгийн зах руу хамаг хүчээ шавхан гүйлдсэн. Торон хана нурж, балиашгууд ямар аймшигтай байдалд байгааг зурагтаар үзүүлж байлаа. Павароттитой төстэй бүдүүн, сахалтай эр тэндээс зайлах гэж гараа сунган тусламж гуйж байхыг зурагтаар их тод харуулсан. Гэвч хэн ч түүнд туслахаар очоогүй. Түүнийг огт мартаж чаддаггүй юм. Тэр оны арванхоёрдугаар сард “Арсенал”-ын балиашгууд “Ливер­пуль”-ийн балиашгууд руу “Алуурчид! Алуурчид!” гэж хашгиралдаж байсан. Гэхдээ миний бодлоор Английн ямар ч багийн фанатууд тийм нөхцөл байдалд адилхан л байх байсан болов уу. Цагдаа нар маш муу ажилласан. Тэд танхай фанатуудыг хараад өөрсдөө алмайрчихсан байх” хэмээн бичжээ.
“Хиллсборо”-гийн аймшиг
1989 оны дөрөв­дүгээр сарын 15-нд Шеффилдийн “Хил­лсборо” стадионд бас аймшигт явдал боллоо. Английн цомын хагас шигшээ тоглолтод оролцохоор “Ливерпуль” тэр өдөр тэнд очсон юм. Өрсөлдөгч нь “Ноттингем Форест” байлаа. Балиашгуудын танхай явдлаас сэр­гийлж хөлбөмбөгийн талбайг тойруулан торон хана босгосон нь хүний амь эрсдэх нэгэн хүчин зүйл болсон. Мөн босоо үзэгчдийн хэсэг байсан нь байдлыг улам дордоход хүргэсэн юм. Тоглолт 15.00 цагт эхлэх ёстой байв. Замын бөглөрөл зэрэг асуудлаас болоод маш олон тооны балиашгууд стадионы гадаа хоцорч иржээ. 14.00-14.45 хоор­онд жижиг төмрөөр хашилт хийсэн стадионы хаалга дээр балиашгууд багтаж ядан тэмцэлдэж байв. Стадионд цөөхөн нь орж гадаа маш олон хүн орохоор зүтгэж, хоорондоо нудрал­цан нөхцөл байдал хяналтаас гарах шинжтэй болж ирлээ. Энэ үед цагдаа нар асуудлыг шийдэх арга олжээ. Энэ C хаалгыг онгойлгож балиашгуудыг зэрэг оруулах явдал байв. Хамгийн харамсалтай нь тэр хаалганы өмнө зааглагч хашилт төмөр байсангүй. Хаалгыг нээмэгц цугларсан олон хашилт төмөргүй хаалга руу улайран дайрав. Нарийхан хонгилоор стадионд дамжиж хүрдэг байж. Хэдэн зуу бараг мянган хүн тэрхүү хаалгаар зүтгэсээр оржээ. Босоо үзэгчдийн хэсгийн хамгийн урд зогсож байсан хүмүүс хойноос ямар ч бодлогогүй оруулчихсан олон хүний түлхэлтэд дайрагдан, урд хананд наалдаж амьтай голтой байж ядаж байв. Гэтэл гаднаас орогчид болон цагдаа нар стадион дотор байдал ямар байгааг огт төсөөлөлгүй хүмүүс нэмж оруулсаар байжээ. Жижигхэн зайд чихэлдэн тэмцэлдсэн хүмүүсээс олон нь ухаан алдан унаж, бүр амиа алдаж эхэллээ. Дөнгөж 15.06 минутад тоглолтыг зохион байгуулагчид байдлыг анзаарч, шүүгч тоглолтыг зогсоолоо. Торон хананы жижиг хаалгыг тэр даруй нээж, бас зарим хүмүүс ханыг даван “махан овоо”-ноос гарахаар зүтгэж, заримыг нь дээд хэсгийнхэн татаж авч байлаа. Амьсгал бачуурсан, ухаан алд­сан, бүр амиа алдсан хүмүүс хүн шингэрэх үед газраар нэг байгаа нь ил боллоо. Цагдаа, эмч нар тийм олон тооны гэмтэж, шархтсан хүмүүст анхны тусламж хүргэж чадахгүй байсан тул зарим үзэгчид тус болов. Зарим хүмүүс рекламын жижиг самбарыг нураан авч носилк хийн хүмүүсийг зөөнө. Энэ аймшигт явдал 96 хүний алтан аминд хүрсэн бөгөөд 766 хүн бэртэл авчээ. Тоглолтыг зурагтаар шууд үзүүлж байсан тул Английн сая сая хүн аймшигт явдлын гэрч болсон юм. Цагдаа нар, стадионы зохион байгуулагч, ажилчид энэ явдлын гол буруутан байсан нь мэдээж. “Хиллсборо” дахь аймшигт явдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэлж “Энфилд”-ийн Шенклийн хаалганы өмнө дурсгалын хөшөө босгосон байдаг. Мөн хэрэг гарсан “Хиллсборо”-д хөшөө босгожээ. Энэ явдлаас хойш босоо үзэгчдийн хэсгийг үгүй хийж, стадион бүр үзэгчдийн суудалтай байх тухай шийдвэрийг Английн хөлбөмбөгийн холбоо гаргасан юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=