ЖАРААД ОНД ДУУЛИАН ТАРЬСАН 12 МЯНГЫН ХЭРЭГ


1960-аад оны үед Монголын цагдаад Батсүх хэмээх сүрхий мөрдөн байцаагч байсан тухай эдүгээ зарим хүн дурсдаг. Тэрбээр өөрийн овсгоо самбаа, мэргэжлийн өндөр ур чадвараар олон арван хэрэг илрүүлжээ.  Ингээд түүний илрүүлсэн нэгэн хэргийн тухай өгүүлье.

Түүнийг нэг өглөө ажилдаа иртэл цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Гүнсэн өрөөндөө дуудаж “Завханы Шилүүстэй суманд  нэгдлийн хөдөлмөр өдрийн хөлс 12 мянган  төгрөг алдагдсан тухай мэдээ ирлээ. Чи өнөөдрийн дотор Завхан руу яаралтай яв” гэж үүрэгджээ. Ингээд ахмад Б.Батсүх тэр өдөртөө Завхан руу ниссэн байна. Түүнийг Завхан аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, ахмад Загдсамбар тосч авчээ. Батсүх шууд л хэргийн газар дээр очих гэтэл Загдсамбар ахмад “Нэгэнт ирсэн юм чинь яарах юу байх вэ. Өнөөдөртөө амраад маргааш өглөө оч” гээд түүнийг дагуулаад салхинд гарч тарваганы  боодгоор дайлж цайлсан байна. Тэгээд оройхон тийшээ бороо орсон тул хээр хонохоор болжээ. Мань хоёр маргааш өглөө нь хэргийн газар дээр очихоор Завхан аймгийн Шилүүстэй сум руу зүглэсэн байна. Энэ тухай өгүүлэхээс өмнө Завхан аймгийн Шилүүстэй суманд наадмын урд өдөр буюу 7-р  сарын 10-нд юу болсон талаар цухас өгүүлье. Долдугаар  сарын 10-ны орой сумын төвийн задгай талбайд “Сэрэлт” кино  гарчээ. Сумын төвийнхөн шинээр ирсэн сайхан киног  үзэж сонирхохоор  хөгшин залуугүй, хүүхэд шуухадгүй цуглацгаасан байна. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүд урдуур нь сууж, залуучууд араар нь зогсоцгоож,   наадмын гоёлтой морьтой хүмүүс ч тэнд цөөнгүй байж.  Сум нэгдлийн дарга, намын үүрийн дарга нар ч “Сэрэлт” киног үзэж сонирхжээ. Үүнээс өмнөхөн  Улаанбаатар хотоос сумын ажилчдын цалин ирсэн бөгөөд нярав, нягтлан хоёр  хагасыг нь тарааж өгөөд,  үлдэгдэл мөнгийг  нярав нь жижиг төмөр авдранд хийж цоожлоод түүнийгээ хирийн хүн даахааргүй  том төмөр авдранд хийж цоожилж лацдаад  нэгдлийн  манаач Мархаахүү гэдэг залууд  хүлээлгэн өгчээ. Юмыг яаж мэдэх вэ гээд Мархаахүүд карбин буу үүрүүлэхээ ч мартсангүй. Тэгээд нярав, нягтлан хоёр шинээр ирсэн “Сэрэлт” киног үзэхээр гуяа алгадаад алга болж өгчээ.  Манаач Мархаахүү   эхэндээ сумын конторын үүднээс салахгүй  төмөр авдартай мөнгийг харгалзаж байснаа сүүлдээ кино үзэж буй хүмүүсийн инээж шуугилдахыг сонсоод тэсэлгүй явж очсон байна. Энэ үед нэг залуу түүний мөрөн дээр алгадаад “Манаач гуай, та ингэж хамаагүй явж болж байгаа юм уу. Төмөр авдартай мөнгөө гэртээ аваачаад тавьчихаа юу, эсвэл өвөртөлж явна уу” гэх зэргээр даапаалжээ. Гэсэн ч манаач түүнийг хатуу ч гэсэн үнэн үг хэлж байна гэж ойлгоод сумын конторт ирж  авдартай мөнгөө харвал цоож, лац нь яг л хэвээрээ байж. Тэрбээр  авдартай мөнгөө манаад жаахан суусан боловч бас л тэссэнгүй. Хориодхон алхамын цаана хүмүүс сайхан кино  үзээд инээлдэж  шуугилдаад байсан тул  Мархаахүү “Энүүхэн хооронд яав л гэж дээ. Тэгээд ч энэ сайхан киноны хажуугаар хэн л мөнгө хулгайлах гээд явж байхав дээ. Ерөөсөө кино үздэг хэрэг” гээд дахиад л тийшээ зүглэсэн байна. Тэгээд хөөрхий золгүй Сүрэн  умгар хар гэрт  нас барж буй, хайртай залуу Жамц нь  морины хурдаар давхин ирж буй хэсгийг шимтэн үзжээ. “Нойрноос морио, чөмөгнөөс хутгаа” гэдэг үг хэзээний ортой үг. Мархаахүүгийн хувьд гэвэл киноноос мөнгөө гэдэгтэй утга дүйх бөгөөд мань эр  бас манаа хийж буй юм гэсэндээ  кино үзэхийн хажуугаар конторын зүг байн байн хараа бэлчээж байсан байна. Тэгээд нэг хэсэг кино руу шимтэж байгаад конторын зүг харвал  харанхуйд нэг хүн сүүтэгнэх шиг болжээ.  Тиймээс юун нөгөө Сүрэн, Жамц, Бумааг үзэхтэй манатай шууд л конторын зүг ухасхийжээ. Түүнийг конторын үүдэнд явж очтол хажуугаар нь Содхүү хэмээх гуч гаруй  насны эр зөрж өнгөрсөн байна. Мархаахүү дотогш ортол мөнгөний авдар онгорхой байх нь тэр. Түүний зүрх палхийгээд л явчихаж. Мөнгөний авдрыг  онгичиж үзтэл дотор нь юу ч байсангүй. Нэг ёсондоо жижиг авдартай мөнгийг тэр чигт нь аваад явчихсан байж. Мархаахүүгийн хоёр нүд духан дээрээ үсэрч гараад  контороос гүйж гармагцаа “Хүмүүсээ, мөнгө алга болчихлоо” гэж байдгаараа хашгирчээ.  Гэвч “Сэрэлт” кино руу хамаг ухаанаа тавьчихсан байсан хүмүүс түүний дууг тэгтлээ анзаарсангүй. Нэг ёсондоо Мархаахүүгийн хашгирах, ловон ламын хясаа руу морио үргээж унагадаг хоёр давхацсан байна. Тиймээс Мархаахүү агаарт хий буудаад “Хүмүүс ээ, ажилчдын цалинг хулгайч аваад явчихлаа” гэж хашгирсан бөгөөд хүмүүс  нэрт жүжигчний орилох дуу, манаачийн  бархирах хоёрыг сая л нэг юм ялгаж салгахтайгаа болж дор бүрнээ босон харайцгаажээ.  Тэгээд юун “Сэрэлт” үзэх манатай болж бүгд л сумын конторын зүг хуйларцгаасан байна. Нэгдлийн дарга хамгийн түрүүнд Мархаахүү дээр гүйж ирээд “Юу болов оо. Мөнгөө алдчихсан гэж үү.  Хэн авсан бэ” гэж амьсгаадахад Мархаахүү  юу ч бодож саналгүйгээр “Содхүү авсан”  гэж хэлжээ. Мархаахүүгийн үгэнд итгээгүй зарим нь онгойсон  хар авдрыг хараад алмайрч орхижээ. Мархаахүү  хөлсөө салбархай ханцуйгаараа шудраад “Содхүү энд сая надтай зөрсөн. Тэрнээс зайлахгүй”  хэмээн бувтнаж дуусаагүй байтал мөнөөх Содхүү нь улаан галзуу юм давхиж ирээд “Би яахаараа авдаг юм бэ. Тэр их мөнгийг би хаанаа хийх юм бэ. Чамайг ална аа”  гэж хашгираад түүнийг заамдан авчээ. Тэгээд тэр замын хайсны нарийхан төмрийг ховх татаж аваад шовх үзүүрээр нь  Мархаахүүгийн цээж рүү дүрэхээр дайрчээ. Харин энэ үед сүйхээтэй нэг нь манаачийн цээжинд шаагдах байсан төмрийг  булааж авснаар Мархаахүү аврагдсан байна. Гэсэн ч Содхүүгийн нүд улаанаар эргэлдээд “Хүн гүтгэсэн муу солиотыг ална аа” гэж давшилсаар байсан бөгөөд түүнийг сумын бүл чадалтай хоёр залуу барьж аваад арай ядан тогтоожээ. Сум нэгдлийн дарга асуудлыг халуун дээр нь  шийдэхээр хүмүүсийн чимээ шуугианыг зогсоогоод Мархаахүү, Содхүү хоёр луу  ээлжлэн харж “За та хоёр сайн сонсч бай. Мархаахүү чи яг одоо үнэнийг хэл. Энэ Содхүү   авдран дахь мөнгийг авсан уу” гэхэд Мархаахүү духаараа харж хэсэг зогссоноо “Үгүй, аваагүй” гэж гонгиножээ. Хүмүүс ч шуугилдаад явчихаж.  Ихэнх нь Содхүүг мөнгө аваагүй гэж итгэж шуугисан ажээ. “Тэгвэл тэр мөнгийг хэн авсан юм бэ” гэж даргыг асуухад  Мархаахүү “Мэдэхгүй” хэмээжээ. Нэгдлийн дарга дэмий л Содхүүгийн хамаг хувцасыг нэгжиж үзээд “Энэ хүн аваагүй бололтой. Тэгээд ч  мөнгө жижиг төмөр авдартайгаа алга болсон байна. Морьтой хүмүүс авч яваад л зугтаачихлаа. Ерөөсөө аймгийн сэргийлэхэд мэдэгдье. Хотоос туршлагатай мөрдөн байцаагч дуудуулъя” хэмээжээ. Ахмад Батсүхийн Шилүүстэй суманд уригдаж ирсэн учир явдал ийм ажээ.  Мөрдөн байцаагч Батсүх, Загдсамбар хоёрыг  хөдөөний эль хульхан сумын төвийнхөн үлгэрийн баатрууд морилоод ирчих­сэн юм шиг л сонир­хоцгоосон байна. Сумын төвөөр “Хотоос мундаг мөрдөн байцаагч ирж гэнэ. Өнөө хулгайчийг ганц хараад л барих юм байх” гэсэн яриа тархжээ.  Ахмад Батсүх мөнгө алдагдсан бүхий л байдлыг нарийвчлан судалжээ. Контор, кино гарч буй газар хоёрын  хоорондын зайг хэмжиж, Мархаахүүг явуулж хүртэл үзсэн байна. Авдрыг төмрөөр хялбархан хөшиж онгойлгосныг бодоход нэлээд хүч тэнхээтэй, энэ мэтийн  ажилд дадлагатай хүн байж болох байв. Шилүүстэй суманд энэ мэтийн том хулгай  хийчих ямар хүн байна,  хэрэг гардаг өдөр гаднаас ямар хүн ирсэн, ямар хүн гадагшаа явсан, тэр шөнө ямар хүмүүс согтуу байсан гээд  олон чиглэлээр судалгаа явуулжээ. Тэрбээр Мархаа­хүүг өмнөө суулгаад “Чамайг кино үзэж байгаад контор луу гүйж ирэхэд Содхүү үнэхээр тааралдсан уу” гэж асуухад тэрбээр “Үгүй” гэж итгэлтэй хэлжээ. Нэг ёсондоо Содхүү түүнийг алж хядахаас наагуур загнаад зүрхэнд нь орчихсон хэрэг. Ахмад Батсүх “Манаач хэн бэ”  гэдгийг судалтал  сэтгэц нь эрүүл бус болохыг мэдэж авчээ. Содхүүгийн хувьд гэвэл өмнө нь хулгайн хэргээр шоронд орж байсан, ер нь юу л бол юу хийчихээр догширсон этгээд байсан бөгөөд хамгийн гол нь түүнийг үнэнээр гэрчлэх ёстой Мархаахүүгийн “Үгүй” гэдэг үг бүхнийг чөдөрлөж орхижээ. Хэрвээ Мархаахүү “Содхүү надтай конторын үүдэн дээр тааралдсан” гээд хэлчихсэн бол асуудал өөр тийшээ эргэх байлаа. “Кино гарч байх үед Содхүү хаана байв, Мархаахүү анх Содхүүг яагаад хардах болов” гэдэг асуулт ахмад Батсүхийн тархийг гашилгаж эхэлжээ. Төдөлгүй Батсүх Содхүүг мөнгө хулгайлсан байж магадгүй  гэсэн таамаг дэвшүүлээд түүнийг дуудаж уулзахад  тэрбээр  их л итгэлтэй ярьж  өөрийгөө гэмгүй гэдгээ үнэмшүүлж чаджээ. Гэсэн ч ахмад Батсүх “Та гэмгүй хүн байна” гэж зориуд хэлж түүнийг явуулсны дараа нэг итгэлтэй хүнээр битүүхэн мөрдүүлжээ. Гэвч Содхүү сэжигтэй зүйл  гаргасангүй. Ахмад Батсүх тэднийд ирээд буцсан зэргэлдээ сумын нэг эрийг замд нь саатуулж нэгжээд  юу ч олсонгүй.  Мэдээж догширсон хулгайч хэн ч байлаа гэсэн  хажуухан талд нь мөрдөн байцаагч мөрдлөгө явуулж байхад юу боллоо гэж сэжигтэй зүйл хийж өөрийгөө барьж өгөх билээ дээ. Мөрдөн байцаагчийг сумаасаа яван явтал огт гэм зэмгүй, цайлган цагаан хүний дүрд хувирч таарна шүү дээ. Ахмад Батсүх  Шилүүстэй суманд долоо хоног ажиллаад буцахынхаа өмнөх өдөр Мархаахүүг дуудаж уулзаад “За чи яг үнэнийг хэл. Хэрэг гардаг өдөр Содхүү  чамтай конторын үүдэнд таарсан уу, үгүй юу” гэхэд бас л “Үгүй” гэж хариулжээ. “Тэгвэл чи яагаад анх хардах болсон юм бэ” гэж асуухад “Санаандгүй хэлчихсэн юм. Содхүү намайг алах гэж дайрсан. Түүнээс би үхтэлээ айж байна” хэмээжээ. Ахмад Батсүх Содхүүг яавч зүгээргүй гэж дүгнээд хот руу буцахдаа түүнийг баривчлаад Улиастайн шоронд суулгажээ. Тэгээд хотод ирээд Гүнсэн хурандаад байдлыг танилцуулаад “Мөнгө хулгайлсан хүн Содхүү мөн гэдгийг нотлох юм одоохондоо алга” гэж учирласан байна. Маргааш нь  хурандаа Гүнсэн, ахмад Батсүх хоёр  Улсын ерөнхий прокурор Ёндондүйчирт  байдлыг танилцуулжээ. Тэгтэл прокурор учиргүй уурлаж “Ямар ч баримт нотолгоогүй хүн хорилоо, хууль гажуудууллаа, одоохон өөрийнхөө мөнгөөр Завхан руу  цахилгаан явуулж гэм зэмгүй тэр хүнийг сулла” гэж үүрэгджээ. Ингээд Содхүү суллагдсан байна. Үүнээс болж ахмад Батсүх эгээтэй л цолоо авахуул­чихсангүй.  Харин хойтон жил нь хэргийн учир тайлагдсан бөгөөд ахмад Батсүхийн сэжиглээд байсан Содхүү  чийг даасан газрын үнэр шингэсэн  аравтын дэвсгэртүүдээр наймаа хийж эхэлсэн байна.  Үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэгч нь л энэ дээ. Завханы сэргийлэх  түүнийг тэр дор нь баривчилж хорьсон бөгөөд гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр төрөлхийн хулгайч Содхүү тун ядах юмгүй хэргээ хүлээгээд зогсохгүй  сумын контороос холгүйхэн булсан жижигхэн төмөр авдартай мөнгөө гаргаж өгсөн гэдэг. Тэгээд тэрээр энэ хэрэгтээ олон жилийн ял шийтгүүлэн халхын шоронд насаа барсан гэдэг.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=