Зургаа хоногийн өмнө Турк, Сири улсын 10 гаруй хотыг хамран үргэлжилсэн 7,8 баллын газар хөдлөлт болж, өнөөдрийн байдлаар 21000 гаруй хүн амь үрэгдэж, 70 мянга гаруй хүнийг нурангин дороос эсэн мэнд гаргаж аваад байна. Нас барсан хүний тоо цаашид ч нэмэгдэх шинжтэй байгаа бөгөөд энэхүү газар хөдлөлт нь хамгийн олон хүний амь насыг авч одсон гэдгээрээ түүхэнд бичигдэх бололтой.
Тэгвэл манай улс ч гэсэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг бөгөөд хамгийн хүчтэй газар хөдлөлт манай улсад болж байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. 1957 оны 12 дугаар 4-нд Алтайн нурууны Их Богдод хүчтэй газар хөдөлж, газар дор 30 км байсан голомтод 11-12 балл хүрчээ. Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолдох бөгөөд 80 км үргэлжилсэн уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн байна. 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ юм. 10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүсгэж, Бахар уулын орой хэсэг нурахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур бий болсон түүхтэй. Газар 300 км уртаар хагарахад олон мал ангал руу унаж үхсэнээс гадна хагархайн хоёр тал дээш доош зөрж, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан байдаг. Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарч, дахин газар хөдлөхөд барилга байшингууд нурснаар хүн, мал хөл дээрээ тогтож чадахгүй өнхөрч байсныг нутгийнхан дурссан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрч, 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдан, 10 сая төгрөгийн /тухайн нийгмийн ханшаар/ хохирол учирчээ. Эхлээд газар хөдлөхдөө бүгтхэн дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарч, тэнгэрт тулсан шороо тоос хормын зуур босч, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхгүй, 2 хоногийн дараа агаар цэвэршиж байсан тухай нүдээр харсан гэрчүүд өнөө хэр ярьдаг. Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол үүссэн ч дөрвөн жилийн дараа татарчээ. 5 сая ам км нутаг буюу гурван улсад газар хөдлөлт мэдрэгдсэн бөгөөд 300 000 ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан. Голомтоос 700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл хүчтэй мэдрэгдэн, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарчээ. Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байна. Энэ газар хөдлөлт нь ОХУ-ын Улаан-Үд, Читад 4 балл, Эрхүүд 5 баллын хүчтэй доргижээ. Барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан ч Эрхүүгийн УЦС-ын шороон далан нягтарч, ус шүүрэх магадлалыг үгүй болгосон нь газар хөдлөлт барилга байгууламжид сайнаар нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол аж.