САЙН НОЁН ХАН Т.НАМНАНСҮРЭНГ ЕГҮҮТГЭХИЙН УЧИР ШАЛТГААН ЮУ БАЙВ



Монгол улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 41 насандаа учир битүүлгээр амь насаа алдсан явдал монголчуудыг бүү хэл хөрш зэргэлдээ орнуудыг ч сэртхийлгэсэн эмгэнэлт явдал болсон юм. Түүний амь насыг ямар учир шалтгааны улмаас хэний явуулгаар хэн бүрэлгэсэн бэ гэдэг нь өнөө хүртэл бүрхэг явж ирлээ.  Түүхч эрдэмтэн З.Лонжид “Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оруулсан илтгэлдээ “...Олны ам дамжсан яриагаар бол Т.Намнансүрэн ер бусаар өөд болсон бололтой. Гэвч түүнийг шууд нотлох баримт байхгүй. Гэсэн хэдий ч манай зарим судлаач эрдэмтэд тухайлбал Ц.Пунцагноров “1919 онд... Намнансүрэн хорлогдон алагджээ” гэж 1955 онд хэвлүүлсэн “Монголын автономит үеийн түүх” номынхоо 104 дэх талд бичсэн байдаг. ·Үүнээс арай өмнөхөн 1952 онд зохиолч Б.Ринчин “Үүрийн туяа” түүхэн романдаа “Да лам Г.Цэрэнчимэд Сайн ноён ханы хийсэн хэлэлцээнд дургүйцэж тушаалаас нь огцруулах тухай Богд хаанд айлтгах гэж байж л дээ. Гэтэл Богд Да лам Г.Цэрэнчимэдийг Урианхайн харуулд Гончигдамбатай цуг явуулав /335 дахь талд/ гэж бичсэн байх ба уул номын 356 дахь талд “Хүрээ тойрсон хүрднээс Алаг мянган нүдэт сахиусан Сайн ноён хан Намнансүрэнг хорлосон Сэрээнэн отчийг гэсгээн соёрх, хятадын дарлалаас биднийг авран өршөө, У ма ни бадь ми хум” гэх зэргээр бичсэн үсэг үзэгдэх боллоо гэж өгсүүд энэ бол Үнэн зүйл хэмээн тэмдэглэжээ” гэж сонирхолтой баримтыг Өгүүлсэн билээ. Мөн Сайн ноён хан Намнансүрэнгийн амьдрал үйл хэргийг нэлээд судалж, бичиж тэмдэглэж ном бүтээлдээ тусгаж байсан А.Дашням агсан “Халхын сайн ноён хан Намнансүрэн” /1990 он/ номынхоо 34 дэх талд “...Намнансүрэнгийн амь биеийг бусниулан бүрэлгээд Ерөнхий сайд болох санаа Бадамдоржид байж, нэгэн мянга есөн зуун арван наймдугаар оны өвөл бие сувилах чөлөөгөөр орон нутагтаа очоод байсан Сайн ноён ханыг Богдын зарлигаар яаралтай дуудуулж Нийслэл хүрээнд ирүүлсэн байна. Түүний дараа Намнансүрэн ноёны ойр орчинд шадарлаж байсан уйгар зусарган зант төвд Ринчин гэгчийг талдаа татан, Сайн ноён ханыг тандан туршуулж энд тэнд явсан, үүнтэй түүнтэй ингэж тэнгэж ярилцсан гэх мэтийн худал үнэн хов жив зөөлгөж байсан төдийгүй, ...бие лагшин нэн чилүүр ахуйд бодийг нь хөтлөх нэгэн бор үрлийг Богдын отчоор дамжуулан Бадамждорж, төвд Ринчин хоёр хоорондоо үгсэн хуйвалдаж өгснийг Намнансүрэн хар санасангүй харин ч амь биеийг аюулт өвчнөөс ангижруулан салгах үрэл биз хэмээн хэрэглэснээр хорлогдож, Бадамдорж ч санасандаа хүрч Ерөнхий сайд болсон...” хэмээн өгүүлэн бичжээ.
Эдгээр баримтуудаас үзэхэд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн амь насыг хөнөөх бусармаг үйлдэл Богд ханы ордны орчинд, Богд хаант Монгол улсын төр засгийн шадар хүмүүс хуйвалдан тун нарийн бэлтгэн хийжээ гэх үндэс байна. Энэ үед Богд эзний бие ойр ойрхон чилээрхэж, нүдний нь хараа муудаж байсан зэргээс улбаалан дараагийн хаан хэн болох вэ гэсэн асуудал сэмхэн тавигдав. Сайн ноён хан Намнансүрэнг зуурдаар эндсэнийг дуулсан Монгол хүн болгон тэр дундаа төрсөн нутаг хошууны хамжлагат ардууд ихээхэн цочирдож, ихээсэн эмгэнэн гашуудсан тухай бичигдсэн буюу ам дамжсан баримтууд бий.  Богд хааны бие элч өдөр шөнөгүй довтолгон ирж Сайн ноёны хошууны тамгын газар “Намнансүрэн хан таалал төгсөв” хэмээн бэлбэсрэл илэрхийлэн мэдээлсэнд тамгын эрх баригч түшмэдүүд хуран чуулж уй гашуудлын ёслолыг тамга барьсан туслагч түшмэл Шийлэг, залан Ганжинцоо, бичээч Баяр нар ахлан гүйцэтгэхээр болжээ. Мөн ханы шарилыг нутаг хошуунд нь авчирч Сайн ноёны хүрээнд тусгай дуганд занданшуулан оршуулахаар ший­двэрлэсэн байна. Дээрх нэр бүхий түшмэдүүд заан хавчиг Галсан, бойдаа сайхан Даргиа, Уудай хиа, Адъяа хиа зэрэг бие чац сайтай, бяр чадалтай 10 гаруй хүнийг бүрэлдэхүүндээ оруулан авч явсан байна. А.Дашням гуай “Халхын сайн ноён Намнансүрэн” номдоо /35-р талд/ “...Тэд арван хэдэн хиа дагалт, галч, хөтчийн хамт тэмээн хөсөгний харчин аяллаар явж Нийслэл хүрээнээ хүрэлцэн ирээд, Хан ноёны хатан Магсаржав ахайтанд бараалхан эмгэнэл хүргэж гашуудсанд ахайтан ийн хэлрүүн:
-Цагаан сарын шинэдээр Богд хааны баяр ёслолын цаг хязгааргүй найр цайллаганд ноётон морилж очоод янз бүрийн нанчид зооглосон байдалтай тун их согтуу хөлчүү ирсэн юм.
...Богдын их отгоос эм тан залж хүртээсэн боловч огт засрал авсангүй. ...Заяа буян мөхөс биднийг үлэмжийн их гашуу, бэрхшээл зовлон дайрлаа хэмээн огцорсон сувд эрдэнийн дусал унаган хайлав” гэж болсон явдлыг Баяр бичээч нарын өгүүлэн ярьснаар бичсэн байдаг. Шийлэг туслагч тэргүүнтэй дээрх баг хүмүүс ийнхүү ёс журмаа баримтлан бүхнийг үгүйцэлдүүлж Сайн ноён ханы шарилыг морин дамнуургаар авч явсаар Сайн ноёны хүрээнд авчирчээ. Харин гэр өргөө бусад эдлэл хэрэгслийг тэмээн хөсгөөр авчирсан байна. Анх шийдвэрлэснээр тусгай дуганыг яаравчлан бариулж, хуруу зузаан зэсээр авсандай /сав/ бэлтгүүлсэн байжээ.  ´Өндөр мяндагтай лам нар ном уншиж, сан тавин ариулж элдэв эрдэнийн эм, бусад түрхлэг зэргийг хэрэглэн шарил занданших бүх нөхцлийг бүрдүүлэн хадаг, торгоор бүх эрхтэнг нь ороон ариулж мөнх ногоон навч шилмүүсээр хучин зэс савандаа битүүмжлэн, зассан дугандаа байрлуулж салах ёсыг нутаг хошуугаараа гүйцэтгэсэн аж.  Энэ үеэс ноёны шарилын дуганыг нутгийн олон дээдлэн хүндэлж зул Өргөж, гороо хийн буян Үйлдэн хэдэн жилийн нүүр үзжээ. Удалгүй ардын засгийн хувьсгалт он жилүүд ч эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд шахам Ринчинсаш гүн ноёны хамжлагууд сайн ноёны хүрээ буюу Онгийн хүрээг “Хүүрт хүрээ” гэж хочлон “бузар муухай юм үүрлэсэн газар” гэх болсон нь сүсэгтэн олны дургүйцлийг төрүүлж байв. Ринчинсаш гүн нь Намнансүрэн ханы эх тусгаар дүү боловч буруу үйлийнхээ төлөө цаазаар авагдсаныг хүмүүс мэднэ. “Хүүрт хүрээ” гэсэн хийрхэл хувьсгалт засгийн үзэл сурталтай  нийлж “феодалын шарил хадгалдаг газар” хэмээн өргөжин гүнзгийрчээ. Энэ хийрхлийг анх өдөөсөн хүмүүс нь  гүн ноёны мэдэлд байсан, одоогоор “Сайн ноён хан Намнансүрэн энд төрсөн” гэсэн хөшөө пайлуур босгосон нутгийнхан байсан аж. Тэдний энэ шахалтыг орон нутгийн хувьсгалт байгууллага анхааран үзэж Сайн ноёны шарилыг 1927 онд Арслан магнайд оршуулсан байна. Эндээс үзэхэд Намнансүрэн хан нь одоогоор тогтоогоод байгаа Өшгөгийн нурууны зүүн үзүүрийн өвөр Ёочамай, Чүү чамайн хормойд төрөөгүй гэх үндэс байна. Учир нь Сайн ноён хан Намнансүрэн үнэхээр тэр газар төрсөн бол Гүн ноёны нутгийн тэр үеийн хүмүүс ноёны алтан шарил оршсон газрыг “Хүүрт хүрээ”, “Феодалын шарил хадгалдаг хүрээ” зэргээр нэрлэж ясыг нь өндөлзүүлэхгүй байсан. Энэ хийрхлийн төгсгөл хаа хүрснийг мэдэхгүй. Ямартаа ч Сайн ноён хан Намнансүрэнгийн үйл хэрэг 1990 оноос үнэн зөвөөр бичигдэж, яригдаж эхэлсэн буюу.
                                                                                                                  Зохиолч Н.Даваадаш /МУСГЗ/


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=