АРХИНЫ ШАЛТГААНТ НАС БАРАЛТААР МОНГОЛ УЛС ТЭРГҮҮЛЖЭЭ


Архи болон согтууруулах ундааны хэрэглээ манай улсад дэлхийн улс орнуудтай харьцуулахад маш өндөр үзүүлэлттэй гарчээ. Монгол Улс 2007-2008 оны үед 36 орчим сая литр архи согтууруулах ундаа, спирт үйлдвэрлэж байсан бол 2020 оны байдлаар 120 сая литр болж, бараг 4 дахин өссөн байна. 120 сая литр согтууруулах ундааг 21-ээс дээш насны Монгол улсын насанд хүрсэн иргэдэд хуваагаад үзэхээр нэг хүнд 54 литр дарс, согтууруулах ундаа, хатуулаг ихтэй архи 12 литр ноогдож байна. Энэ нь нэг хүнд ногдож буй архины хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн үзүүлэлт болжээ. Мөн  манай улсад архины үйлдвэрүүд хүн амынхаа тоотой харьцуулахад хэтэрхий олон буюу  нийт хэрэглэж байгаа архиныхаа 98 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байна.  Дэлхийн бусад улсууд архины хэрэглээг зохицуулах үүднээс архины үйлдвэрийг цөөн тоогоор барьж, мөн  үнийг нь өндөр тогтоож өгдөг аж. Үйлдвэрлэл нэмэгдэх тусам хэрэглээ нэмэгдээд байгаа шалтгаан нь хатуулаг өндөртэй, хямд үнэтэй архи үйлдвэрлэж байгаад оршиж байгаа гэж мэргэжлийн хүмүүс дүгнэжээ. 20 жилийн өмнө архи талхнаас 70 орчим хувиар үнэтэй байсан бол одоо бараг талхнаас хямд үнээр архи авч уух боломжтой болсон нь архидалт гаарах нэг  шалтгаан болжээ. Архи болон согтууруулах ундааны  хэрэглээ нь 200 гаруй өвчин үүсэх шалтгаан, шалтаг болдог. Үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсад жилд 600-700 хүн шууд нас барж байна. Мөн архинаас хамааралтайгаар эрүүл мэндийн салбарт учирч байгаа хор холбогдол ч өндөр. Оксфордын их сургуулиас гаргадаг судалгаагаар дэлхийн улс орнуудад дунджаар 1,4 хувь нь архинаас хамааралтай эмгэгт өртжээ гэсэн байна. Гэтэл Монгол Улсын хүн амын 5 хувь архины шалтгаант эмгэгт өртсөн. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд нэгдүгээрт явж байна. Мөн архинаас шалтгаалсан 100,000 хүн дахь нас баралтын тоо нь хойд хөрш ОХУ-д 14,5, урд хөрш БНХАУ-д 1,01 хувь байхад Монгол Улс 17,75 буюу дэлхийд хоёрт,  Беларусь улс 21,35 хувиар дэлхийд тэргүүлж байна.  

ЦЕГ-аас 2013-2017 оны хооронд хийсэн судалгаагаар согтуугаар үйлдэж байгаа гэмт хэргийн тоо 8,4 хувь болж өссөн үзүүлэлттэй байжээ. ДЭМБ-ын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр согтууруулах ундаа ноогдож байвал үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирч байна гэж дүгнэдэг. Тухайн судалгаагаар буюу 2017 оны байдлаар жилдээ 100 орчим сая литр архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа нь 18-аас дээш насны Монгол Улсын иргэдэд харьцуулахад хэтэрхий өндөр байна. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар архидалт болон архины эсрэг  арга хэмжээг төр засгийн  түвшинд авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч, хэрэглээ болон үйлдвэрлэл дээр анхаарал хандуулахаар болжээ. Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар, архидалтад өртөх хамгийн эхний асуудал бол  ажилгүйдэл, ядуурал байдаг байна. НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээллээр,  2017 онд манай улсын  38 хувь нь ядууралд өртсөн байсан бол 2020 оны судалгаагаар  44 хувь нь ядууралд өртжээ. Тэр хэрээр архины хэрэглээ нэмэгдсэн гээд бодохоор манай улс архинд живсэн улс болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=