СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД 274 МОНГОЛ ХҮҮХДИЙГ ГАДААДЫН ИРГЭД ҮРЧИЛЖ АВЧЭЭ



Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээр 2017 оноос 2022 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 7596 хүүхэд дотоодод үрчлүүлсэн бол Монгол Улсын харьяат нийт 274 хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдсэн байна.

Монгол Улсаас хамгийн их хүүхэд үрчилж авдаг улс бол АНУ. Өнгөрсөн хугацаанд АНУ, Герман, Солонгос, Франц , Нидерландын Вант Улс, Канад, Итали, Австрали, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, Орос, Шинэ Зеланд зэрэг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд монгол хүүхдүүдийг үрчлүүлжээ. Үүнээс АНУ-д 156, Германд 36, Италид 22, Францад 20, Нидерландын Вант Улсад 7, Солонгост  6, бусад улсад 25 хүүхэд үрчлэгдсэн байна. Энэ нь хүн амын тоо бага манай улсын хувьд өндөр үзүүлэлт бөгөөд хүүхэд үрчлэлтийн асуудалд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гадаад, дотоод үрчлэлтийн асуудлыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэж байгаа нь цаашид хүүхдийн эрх ашиг зөрчигдөх эрсдэлтэй байна. Бусад улс орны жишгээс үзэхэд хүүхдийг үрчлэх эсэх асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэдэг байна. Иймд хүүхдийн аливаа эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үрчлэх эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.Ингэснээр тухайн хүүхэд аль улсад ямар айлд үрчлэгдэж, хэрхэн өсч торниж, боловсорч байгаа зэргийг эргэн мэдээлж байх эрх зүйн орчин үүсч байгаа юм. Түүгээр ч барахгүй үрчлэлтийн гэрээгээ зөрчиж, хүүхдийн эрхийг хөсөрдүүлбэл үрчлэлтийг буцаах боломжтой болох гэнэ. 

Одоогийн мөрдөж буй дүрэм журмаар, Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн гэр бүлд үрчлүүлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улс 1990 онд нэгдэн орсон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенц, 1998 онд нэгдэн орсон “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенц, 1999 оны Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, 2010 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалаар батлагдсан  “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам; Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2010 оны А/396 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам”-ыг мөрдлөг болгон ажилладаг байна. “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг аж.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=