ШҮҮХЭД ЯЛАГДСАН Ч ТҮҮХЭНД ЯЛЖ ЯВАА ЗОРИГТОН



                                       УУГУУЛ НУТГИЙНХАА ТӨЛӨӨХ ШИНЭ АМЬДРАЛ

   “Торойгоод угтдаг Тост, Тосон бумбын нуруу маань тоосон дундаас харагдахгүй боллоо доо” хэмээн нүднийхээ аяганд дүүрээд ирсэн нулимсаа нэг гараараа шудран арчиж, нүүрсний уурхайгаас нүүгэлтсэн хар тоос хөшиглөн буйг харж зогсонгоо халаглан харамсч буй энэ хүнийг Л.Сүрэнхүү гэдэг. Өлгийтэй нялхаасаа өтлөх насаа хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумандаа амьдарч, ажиллаж яваа эгэл нэгэн монгол эмэгтэй. Ажил, амьдралын зам мөрөө хөөн ажин түжин амьдарч байтал тоглож наадаж өссөн Тост, Тосон бумбын нуруунд нь уул уурхайн ашигт малтмалын лицензийг 10 гаруй компанид өгч, эхнээсээ ухаж төнхөөд эхэлсэн нь Л.Сүрэнхүүгийн сэтгэл зүрхийг сэлмээр сийчиж буй мэт санагджээ. Тост, Тосон бумбын нуруундаа эмэг эхийнхээ хамт ишиг борлонгоо хариулж, их хөдөлмөрийн амт шимтэнд эргэлт буцалтгүй орж байх үедээ тэрээр дөнгөж 15-хан настай байжээ. Хүүхэд ахуй насандаа хайлаас модныхоо сүүдэртээ халууцах бүртээ очиж сэрүүцдэг байсан Хайлаастын аманд нь өдгөө хатаж, өгөрч унасан хэдэн хожуул төдий үлдэж, Хайлаастын амаар цэлэлзэн урсч, хамаг амьтны амны цангааг тайлдаг байсан гол нь ширгэж, хуурай сайрын хатуу ором үргэлжилнэ. Хар багаасаа тоглож наадаж өссөн нутаг нь хариуцлагагүй уул уурхайн балгаар ургах өвсгүй, урсах усгүй, улаан тоосоороо эргэлдсэн газар болжээ.



   Алтан-Уул, Нэмэгт, Гилбэнт, Тост, Бумба, Шарга морьт, Шариг, Хүргэр, Хүрэн хана, Хөгшөө Шугшаа гэх мэт ярих төдийд л яруу найргийн шад мэт сонсогдох, харах төдийд л хүний сэтгэлийг хөвсөлзүүлсэн сүрлэг сайхан уулстай, Тэгшийн гурван гол, Арван гурван даац, Хулангийн хөндий, Шаригийн ганга гэх мэт хүн, мал нь байтугай хулан, зээр нь эцдэг хэдэн арван км үргэлжилсэн хөндий сайхан хоолойнуудтай, Хөвд, Хуршуут, Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Хайлааст, Ногоон чулуу, Нарийн сухайтын шанд, Задгай гашуун, Зүүн хөв, Хуруун ус, Хөх толгой гээд тагнай ташсан цэнгэг устай булаг шанд, баян бүрдтэй, аргаль янгираа гэрийнхээ гаднаас л харж баясдаг, хулан зээрийн сүрэг нь тоолж барамгүй үерлэн давхидаг, ирвэс, цоохондой нь ижлээрээ явж харагддаг ийм л сайхан нутгаа ухаж төнхүүлж байгааг хараад, сонсоод байхыг тэрээр төвдсөнгүй. Хорин жил ажилласан нягтлан бодогчийн ажлаа хүлээлгэж өгөөд уугуул нутаг, ус голынхоо төлөө тэмцэж эхэлснээр Л.Сүрэнхүү байгаль орчны төлөөх дуусашгүй, дундаршгүй шинэ амьдралдаа хөл тавьжээ.

 
         

                                             

ШҮҮХЭД ЯЛАГДСАН Ч ТҮҮХЭЭ БҮТЭЭЖ ЧАДАВ

    Монгол Улсын шүүхийн практикт 38 удаа болж байсан шүүх хурал үгүй аж. Манай улсын шүүхийн явц маш удаан бөгөөд ихэнх хохирогч хүмүүс шүүхийн үйл явцаас болоод эцсийн зорилгодоо хүрч чаддаггүй. Харин Л.Сүрэнхүү энэ бүхнээс шантарсангүй. Тэтгэврийн мөнгөө бүтэн жилээр нь зээлээд өмгөөлөгчийнхөө хөлсөнд өгчихсөн тэрээр Тост, Тосонбумбынхаа бэлд Хуршуутынхаа баян бүрдийг түшиглэн тарьдаг төмс, хүнсний ногоогоо зарж борлуулан, ойр зуурын амьжиргаагаа залгуулдаг байжээ. Хаа байгаа 1000 км-ийн цаанаас шүүх хурал зарлагдангуут өөрийн биеэр зорьж ирнэ. Хүүхдүүдээсээ ээлжлэн, замын зардлаа гуйж нэг авна, зээлж нэг авна. Тост, Тосон бумбынхаа нурууг хамгаалж үлдэхээр явж буй тэмцэлд нь тав арван төгрөг илүүчлэх нутаг орны нинжин сэтгэлтэй хүмүүс ч бас байжээ. “Тост, Тосонбумбын нуруугаа хамгаалах тэмцэл маань өнөөг хүртэл зогсоогүй гол шалтгаан бол энэ олон хүмүүсийн итгэл найдвар байсан даа”  хэмээн тэрээр даруухнаар өгүүлнэ. Анх хорь, гучуулаа хоёр, гурван машинд суугаад хот хүрээнд ирж, шүүх хуралдаа оролцдог байсан ч цагийн шүүлтүүрээр цөөрсөөр цөөрсөөр сүүлдээ ганцаараа ирдэг болжээ. Улаанбаатар-Гурвантэс сумынхаа хооронд ирэх, очихын 2000 км замыг шүүх хуралд оролцохоор 38 удаа нааш цаашаа явсан ч харамсалтай нь тэрээр шүүхийн шийдвэрээр ялагджээ. Гэвч шүүхийн шийдвэрт ялагдлаа гээд тэмцлээ зогсоосонгүй. Таван удаа хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд үнэн бодит байдлыг илчилснээр төр, засгийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэж чадав. 2002 онд байгаль хамгаалах нөхөрлөлөө байгуулж, тэмцэж эхэлснээр бүхэл бүтэн найман жилийн дараа үр дүнд хүрч, 2010 онд Өмнөговь аймгийн ИТХ-аас Тост, Тосон бумбын нурууны 668912 га талбайг байгалийн нөөц газрын хамгаалалтанд авсан бол тухайн ондоо Гурвантэс сумын ИТХ-аас дахин 10 орчим мянган га-г нэмж, 671180 га талбайгаар хилийг заагийг тогтоожээ. Хэдийгээр энэ шийдвэр нь байгаль хамгаалагчдын тэмцлийн үр дүнд бий болсон ч тэдний хувьд хангалтгүй байлаа. Учир нь зөвхөн Тост, Тосонбумбын нурууны хэсгийг л байгалийн нөөц газрын хамгаалалтанд авсан байв. Гэтэл тус нуруунд амьдардаг хулан, зээр, хар сүүлт төдийгүй аргаль, янгир, ирвэс зэрэг нь зөвхөн ууландаа амьдрах бус ус уухаар бэлд орших баян бүрд, булаг шандыг зорьж ирдэг аж. Мөн идэш тэжээлээ хайх, орооны улирлын үед дор хаяж 70-80 км газар, цаашлаад бүр өөр аймаг сумын нутаг дэвсгэр рүү шилжин нүүдэллэдэг учир уулын бэлийн газрыг ч улсын хамгаалалтад авах шаардлагатай байжээ. Иймд Л.Сүрэнхүү тэмцлээ зогсоосонгүй, “Тэсийн ирээдүй” ТББ-аа байгуулж, төрийн байгууллагууд руу бичиг цаас илгээж, биеэр очиж уулзсанаар 2019 оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай тогтоол гаргаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг 153482,37 га талбайгаар нэмэгдүүлэн нийт 896540,37 га талбайгаар хилийн заагийг шинэчлэн тогтоожээ. Энэхүү талбайг улсын хамгаалалтад авснаар Тост, Тосон бумбын нурууны 896540,47 га газарт буюу бүхэлд нь ямар ч компани уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.  


          
    Ийнхүү хорь орчим жил хугарч нугаралгүй тэмцсэнээр өсч төрсөн өлзий хишгээ хайрласан Тост, Тосон бумбын нуруугаа байгалийн нөөц газраар баталгаажуулж чадсан байгаль орчны салбарын зүтгэлтэн Л.Сүрэнхүүг баярлуулсан бас нэгэн үйл явдал болжээ. Хэдийгээр байгалийн нөөц газраар улс хамгаалалтад авсан ч тухайн газрыг хариуцсан захиргаа байгуулах эсэх нь орон нутгийн мэдлийн асуудал болдог аж. Харин энэ хүртэл явсан Л.Сүрэнхүү уул усныхаа “эзэн” болсон ан, амьтан, ургамлаа хайрлаж, хамгаалах хариуцлагатай эзэнтэй болгохоор зүтгэснээр Өмнөговь аймгийн ИТХ-аас тогтоол гарч, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааг 2020 онд байгуулжээ. Ингээд тус захиргаанаас Тост, Тосон бумбын нурууны ойр орчимд нутагладаг малчидтай хариуцлагын гэрээ байгуулж, байгаль хамгаалагчийн сургалтанд сургаж, малаа маллахын зэрэгцээ байгалиа хамгаалах ажилтай, орлоготой болгожээ. Өдгөө Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа нь 6 байгаль хамгаалагч, 4 аж ахуйн ажилтан гээд нийт 11 ажлын байртай товхийсэн байгууллага болжээ. Тэд өдгөө жил бүр аргаль, янгираа тоолж,  идэш тэжээл, амьдрах орчны судалгааг нь хийдэг байна. Тост, Тосон бумбын нуруу нь дэлхийд ховордож буй цоохор ирвэсийн гол түшиц нутаг бөгөөд Ирвэс хамгаалах сангийн суурин судалгааны төв байгуулагдаж, судалгаа, шинжилгээний ажлаа хийдэг болжээ. Байгаль хамгаалагч Б.Армийн хэлснээр, уул уурхайн нөлөөллөөс болоод ус ховордсон учир зэрлэг ан амьтны сүргийн бүтцэд өөрчлөлт гарчээ. Сүүлийн таван жил цаг уурын өөрчлөлт болон уул уурхайн нөлөөллөөс болоод Тост, Тосон бумбын нуруунд дусал бороо ороогүй байна. Таван жил үргэлжилж буй гангийн улмаас аргаль, янгир харангадаж үхсэн харамсалтай тохиолдол хүртэл гарчээ. Тост, Тосон бумбын нурууны бэлд орших  зэрлэг ан амьтны гол ундаалдаг байсан 18 гол горхи, булаг шанд хариуцлагагүй уул уурхайн компанийн харалган байдлаас болж хатаж ширгэсэн учир ийнхүү харангадаж хорогдоход хүрсэн байна. Харин байгаль хамгааллын зүтгэлтнүүдийн тэмцлийн үр дүнд бий болсон Байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаатай болсноор, зэрлэг ан амьтдад зориулсан хөв цөөрөм байгуулж, сүүлийн хоёр жилийн турш харангадаж хорогдсон тохиолдол гараагүй төдийгүй энэ жилийн тооллогоор аргаль, янгирын тоо өсч буй сайн мэдээ нь сэтгэл баясгав. Мөн хяналтын камеруудыг суурилуулснаар ховор ан амьтдынхаа зураг, дүрс бичлэгийг баталгаажуулдаг болжээ. Ингэснээр өмнө жилүүдэд мэр сэр гардаг байсан ховор ан амьтныг агнадаг хулгайн анчдын үйлдлийг ч бүрмөсөн зогсоож чадсан байна. 

                                       /Хамгаалалтын захиргааны хяналтын камерт бичигдсэн ховор ан амьтад/


 

                                ХЭРВЭЭ БИ АЙХ ЮМ БОЛ, ХЭРВЭЭ БИ ШАНТРАХ Л ЮМ БОЛ...

   Шүүхэд ялагдсан ч түүхэнд ялж яваа байгаль орчны төлөөх тэмцэгч, зоригтон Л.Сүрэнхүүгийн тэмцэл өнөөдөр ч, ирээдүйд ч дуусахгүй. Анх тэмцлээ эхэлж байхдаа олуулаа байсан болохоор айдаггүй байжээ. Зарим нь залхаад, зарим нь зам мөрөө хөөгөөд явахад үр хүүхдүүд нь хүртэл “Та одоо боль, өөр хүн явна биз” хэмээн хориглож эхэлсэн ч хожмын ирээдүйгээ бодоод хүүхдүүдийнхээ үгнээс зөрж, тэмцсээр л, зүтгэсээр л байлаа. “Нэг удаа охин минь “Та ингэж яваад хүн амьтанд алуулчихвал яах юм, уул уурхай руу орж байгаа хүмүүс чинь эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүмүүс, таныг яаж л бол яаж ч чадна” гэж хэлэхэд нь дотроо айж байсан ч гаднаа бол ил гаргаагүй ээ. Хэрвээ би айх юм бол, хэрвээ би тэмцлээ зогсоох юм бол энэ хүртэл яах гэж явсан билээ гэж бодоод эргэлт буцалтгүй яваад л байсан, хөгшин хүн болохоор арай ч алчихаагүй байх” хэмээн инээмсэглэв. Түүний энэ даруухан инээмсэглэл бол төгс ялалтын мишээл байлаа. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар байгаль хамгаалах ажил нь олон хүнд хүрч байгаад тэрээр тун баяртай байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд Ирвэс хамгаалах олон улсын өдрөөр /10 дугаар сарын 23/ тус хамгаалалтын захиргаанаас санаачлан, сурагчдын дунд цоохор ирвэсийг гарын доорх материал ашиглан хийх уралдаан зарлаж, сурагчид тун идэвхтэй оролцож, олон янзын ирвэсийн бүтээлээ ирүүлжээ. Ингэснээр хүүхэд бүр байгаль орчны талаар, тэр тусмаа өөрсдийн амьдарч буй орон нутгийнхаа ан амьтан, газарзүйн онцлог, уул ус, ургамлын талаар мэдээлэлтэй болж, улмаар бяцхан зүрхэнд нь “Хүн бүр байгаль хамгаалагч болж болох юм байна” гэсэн итгэлийн галыг  өрдөж өгч байгаа аж. Одоо Гурвантэс сумын сурагчдын хичээлээ тараад хамгийн түрүүнд гүйж ирж, цагаа өнгөрөөдөг газар бол Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үзэсгэлэнгийн танхим болсон гэнэ.

        

 Л.Сүрэнхүү ч энэ үеэр зүгээр суусангүй, сумын төвийнхөө байгаль орчны нөхөрлөлүүдээ нэгтгэж, байгаль орчныхоо төлөө хамтдаа тэмцэж, дуу хоолойгоо хүргэдэг болжээ. Тэд тэмээний хөөвөр, хонины ноос, эсгий ашиглаж, Тост, Тосон бумбын нурууны амьтдаа дүрсэлсэн бэлэг дурсгалын зүйлс, гэрийн шаахай, гэрийн тэжээмэл амьтдын тоглоом зэргийг урлан бүтээж, олсон орлогынхоо тодорхой хувийг эргээд байгаль хамгаалах баатарлаг үйлсдээ зориулдаг байна.

/Тост, Тосон бумбын нуруу нь цоохор ирвэсийн гол нутаг бөгөөд ирвэсийн мөртэй гэрийн шаахайг малчид хонины ноос, эсгий ашиглан өөрсдөө хийж, зарж борлуулдаг/

/Хулганы дүрстэй эсгий тоглоом нь муурын эко тоглоом/

/Нохой, муурыг эрхлүүлж тоглуулдаг эсгий бөмбөлгүүд/


/Нохойнд зориулсан яс хэлбэртэй эсгий тоглоом/


  Хүрээлэн буй орчин, газар шороо, шударгаар шүүлгэх эрх зэрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалж тайван замаар тэмцэж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, Засгийн газар, хууль тогтоогч нарт хандсан нөлөөллийн болон олон нийтэд танин мэдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг дангаараа болон бусадтай хамтран зохион байгуулж, тэмцэж буй хүмүүсийг ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ  хэмээн дэлхий дахинаа тунхагласан байдаг. Хүний эрх хамгаалагч нь аль ч давхаргын, ямар ч мэргэжлийн,  хүйс хамаарахгүй хийж болдог хүмүүнлэг ажил. Гэвч эргээд тэдний эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчин манай улсад төдийлөн шаардлага хангахгүй байдаг аж. Ялангуяа байгаль орчны эрхийн төлөөх тэмцэгчдийг айлган сүрдүүлж, амь насанд нь халдах тохиолдол дэлхий нийтэд өссөөр байгаа нь  эдгээр тэмцэгчдийн эрхийг хамгаалах хуулийг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг Л.Сүрэнхүү яриандаа онцолсон юм. Гэхдээ тэрээр заавал хууль хүлээгээд байх шаардлагагүй, хууль зүйн мэдлэгтэй байх нь өөрийнхөө эрхийг хамгаалах чухал алхам болно гэж үзэж, цаг заваараа хуулиа уншиж, судлан, өөрт тохирсон гарц гаргалгаа олдог аж. Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэсийг агнавал хорих ялтай хэрнээ тухайн амьтдыг хамгаалж, тэмцэж буй байгаль орчны төлөөх зүтгэлтнүүдийг хамгаалах эрх зүйн заалтыг хуульд нарийн зааж өгөөгүйгээс байгаль хамгаалагчид хохироод үлддэг гэнэ. “Глобал витнесс” хүний эрхийг хамгаалах олон улсын төрийн бус байгууллага 2020 онд дэлхий даяар маш олон байгаль хамгаалагч, эко идвэхтэн амь насаа алдсан гэж мэдэгдэж байжээ. Тус газраас гаргасан тайланд дурьдсанаар, байгаль орчны төлөө тэмцэгч 227 хүн амь насаа алдсан бөгөөд долоо хоног тутамд дөрвөөс дээш тооны байгаль орчны төлөөх тэмцэгч ой мод, ус, байгалийн нөөц, хүрээлэн буй орчноо хамгаалан тэмцэж байх үедээ амь насаа алдсан байна. Амь насаа алдсан байгаль хамгаалагч идэвхтнүүдийн 3/2 хувь нь ой мод огтлох, ашигт малтмал олборлох, далан, усан цахилгаан станцын барилгын ажил гэх мэт экологид сөргөөр нөлөөлөх асуудлыг эсэргүүцэж байжээ. Тайлангаас үзэхэд, Никарагуа, Гондурас, Колумб, Гватемал, Филиппин улс эко идэвхтнүүдийг хамгийн ихээр хөнөөдөг улс орнуудыг тэргүүлж байна. Тухайлбал, газар нутаг, ой мод, кокайны ургацаа хамгаалсан 65 нутгийн уугуул иргэн Колумбт амиа алдсан бол Мексикт халдлагад өртсөн хүмүүсийн 30 орчим хувь нь ой мод огтлохтой тэмцсэн аж. Энэ улсад байгаль хамгаалагч 30 идэвхтэнийг хороожээ. Харин Филиппинд ашигт малтмалын олборлолт, ой мод бэлтгэл, далангийн төслийг зогсоохоор тэмцсэн 29 хүн бусдын гарт амиа алджээ. 2020 онд амиа алдсан, арван эко тэмцэгчийн нэг нь эмэгтэйчүүд байна. Энэ нь эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулан сүрдүүлдэг, олон оронд эмэгтэйчүүд өөрийн эрх ашгийн төлөө дуугарч тэмцэх боломж байдаггүйтэй холбоотой гэж “Глобал Витнесс” тайландаа бичжээ. 

   Харамсалтай нь 2021 онд “Тэргүүн шугамын хамгаалагчид” байгууллагын судалгаагаар 35 улс оронд хамгийн багадаа 358 хүний эрх хамгаалагч амь насаа алдаж, өмнөх жилээс 100 гаруй хүнээр нэмэгдсэн сэтгэл өвтгөм тоо баримтыг ил болгожээ. Тэдний 59% нь хүрээлэн буй орчин, газар нутаг, уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцэж байсан бол, 18% нь эмэгтэй хүний эрх хамгаалагчид байжээ. Ийнхүү жилээс жилд байгаль орчны төлөөх зүтгэлтнүүдийн амь нас, эрүүл мэндэд нь халдах тохиолдол эрс өсч байгаа тул Хүний эрх хамгаалагчдын, хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн эрхийг нэн даруй хуульчлах шаардлагатай байгааг Л.Сүрэнхүү яриандаа онцоллоо.


Буйдхан сумын төвөөсөө биднийг үдэж өгөхдөө “Тост, Тосон бумбын нуруундаа хийх ажил их байна, хэдэн амьтныхаа эрхийг хамгаалж, тэмцэж явахад хэтдээ миний эрхийг хамгаалах хууль нь гарах байлгүй дээ” хэмээн ирээдүйгээ итгэл төгс төсөөлж, инээмсэглэл нүүрэндээ тодруулан гараа даллан хоцорсон жижигхэн биетэй ч жинтэйхэн сэтгэлтэй тэрээр зэрлэг ан амьтанд зориулсан мэдрэгчтэй усан сан хийхээр төсөл бичсэн нь тэргүүн байранд шалгарсан сайхан мэдээгээр сонор мялаасаар үдэж өгч билээ.

                                                          Улаанбаатар-Даланзадгад-Гурвантэс-Тост,Тосон бумбын нуруу
                                                                                             2023 оны 10 дугаар сар

                                                                                        Д.Буян, Т.Баярмаа /Тэмээ студи/
 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=