МОНГОЛ УЛСЫН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ЭРЭЛХИЙЛЭЛ


Хятад, Оросын дунд гацсан улсад Америк юу санал болгож чадах вэ?  

ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Красновын 7-р сарын эхээр Бээжин хотод хийсэн айлчлал гэнэтийн мэдэгдэл хийгээгүй байсан бол олны анхааралд өртөхгүй байх байв. Краснов Хятадын талтай “дундын хөрш” болох Монгол Улсад барууны нөлөө улам бүр нэмэгдэж буйд анхаарах шаардлагатай талаар ярилцсанаа мэдэгдэв. Үүний талаар Краснов хэлэхдээ, Хятад, Орос хоёртой харилцаагаа бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх саналыг Монголын талд өмнө нь хүргүүлсэн гэв. Красновын хэлсэн үг Монголд түгшүүрийн дохио дэлсэв. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улс зарим талаараа хоёр хөршүүдийнхээ ялгааг ашиглаж, зарим талаараа барууны орнуудтай ойр харилцаа тогтоох замаар тэднээс зай барихыг хичээж ирэв. Харин одоо Хятад, Орос хоёр ойртох тусам Монголын маневр хийх орон зай хурдацтай хумигдаж байна.


Евроазийн зүрхэнд орших 3 сая гаруй хүн амтай, өргөн уудам нутагтай, байгалийн баялаг ихтэй энэ улс илүү нээлттэй алсын харааг зорьсоор байгаа билээ. Монгол Улс анд нөхдөө сонгох, худалдаа хийх, хууль дүрэмд суурилсан олон улсын хөгжил цэцэглэлтийн үр шимийг хүртэх эрх чөлөөтэй байлаа. Гэвч одоо эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, геополитикийн талцал ширүүсэж буй энэ эрин үед нэлээдгүй олон тодорхойгүй нөхцөл байдалтай тулгараад байна. Нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзаж ярилцахад, аливаа яаруу алхам нь Бээжин, Москвагийн  дарамт шахалтад хүргэж, тус улсын бие даан орших чадварыг улам хязгаарлаж болзошгүй гэсэн айдас түгшүүр мэдрэгдсэн. Харин Монгол Улс Хятад, Оросын дунд оршин хүлцэнгүй байх шаардлагагүй. Харин ч АНУ Хятадтай өрнүүлж буй гео-стратегийн өрсөлдөөнд АНУ-ын Төв Азид хандаж буй хандлагын үлгэр жишээ болж болох юм. Автократыг сулруулах зорилгоор стратегийн башир арга хэрэглэлгүй АНУ Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх, боловсрол, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан тус улсад урт хугацааны дэмжлэг үзүүлж, ардчиллыг дэмжихэд илүү ихийг хийх ёстой. Харин Монгол Улс өөрийн зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, ил тод, тогтвортой эдийн засгийн орчныг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, ийм асуудалтай тулгарсан Төв Азийн бусад орнуудад үлгэр жишээ үзүүлэх ёстой. Ингэж байж Монгол Улс болон бусад улс орнууд том гүрнүүдийн дунд хавчуулагдсан мэт сэтгэгдэлд тэгтлээ баригдах албагүй гэдгээ олж мэдэх болно.


ХОЁР ГҮРНИЙ ДУНД

 Монгол Улс ЗХУ-тай ойр байсан тулдаа хүйтэн дайныг даван туулж чадсан. Өрнөд хол харин Хятад, аюултай дайсан, ойрхон байв. Монголын удирдагчид Хятад улс дахин нэгтгэх бодлогоо үргэлжлүүлнэ гэж эмээж байв. 1950-иад оны сүүлчээс хойш Хятад-Зөвлөлтийн харилцаа муудсан тэр үед Монголыг Хятадын түрэмгийллээс хамгаалж, эдийн засгийн хөгжлийг нь дэмжинэ гэж амласан Зөвлөлтүүдтэй нягт холбоотой байх нь хамгийн зөв сонголт байв. Хүйтэн дайны төгсгөл олон өөрчлөлтийг дагуулсан. 1990 онд Монголд ардчилсан хувьсгал гарсан. Коммунистуудыг түлхэн унагаж, улмаар тус улс хоёр намын тогтолцоог нэлээд тогтвортой хөгжүүлсэн. Мөн Хятад, Оростой харилцаагаа хөгжүүлэхээс гадна “гуравдагч хөрш” (Монголын эрх баригчид барууны болон дэлхийн өмнөдийн орнуудыг тодорхойлохдоо ашигладаг нэр томьёо)-тэй ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзсэн идэвхтэй гадаад бодлого баримталж ирсэн. Монгол Улс олон улсын тавцанд хүчтэй, зорилготой оролцоогоороо геополитикийн бодит байдлыг эсэргүүцэхийг эрмэлзэж байна. Тодруулбал, Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд АНУ-ын хүчин чармайлтыг дэмжин 2003-2008 онуудад Ирак руу 1200 цэрэг, 2003-2021 онд Афганистан руу 6000 орчим цэрэг, саяхан Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 000 гаруй цэрэг дайчилсан билээ. Харин Монголын эдийн засгийн тухайд Хятад, Орос хоёр хөрш орнууд бусад орнуудаас илүү нөлөө  үзүүлдэг. Монголын экспортын 90 гаруй хувь (голчлон ашигт малтмал) Хятад руу гардаг. ОХУ манай улсын шатахууны 95 хувийг нийлүүлдэг. Мөн Монгол Улс  Хятад, Орос хоорондын худалдааны гол суваг болдог. Монголын стратегийн төмөр замын тал хувийг Орос эзэмшдэг. (Нөгөө тал хувийг Монголын засгийн газар эзэмшдэг). Өнгөрсөн жил Кремль Европын зах зээлээс олох байсан орлогоо нөхөх зорилгоор Хятадаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортлох болсноор Монголын төмөр замаар Оросын ачаа тээврийн ачаалал эрс нэмэгдсэн билээ. 2023 оны эхний хагаст Хятад, Оросын хооронд 2.4 сая тонн бараа бүтээгдэхүүн Монголоор дамжин өнгөрсөн нь өмнөх оны мөн үеэс 58 хувиар өссөн байна.


ХЯТАДЫН СҮҮДЭРТ

Монгол-Хятадын харилцаанд гайхалтай өөрчлөлт гарсан. Хэдэн арван жилийн турш Хятадын эрхшээлд орохоос түгшиж байсан Монголын эрх баригчдын санаа зовнил нимгэрсэн бололтой. Сүүлийн жилүүдэд Хятадаас болгоомжлох нь бодлогын түвшинд шилжиж, Хятад улс Монголын байгалийн баялгийн их хувийг эзэмшихээс сэргийлэх, төмөр зам барихдаа Оросын стандарт төмөр замын өргөнийг баримтлах, Хятад цагаачдын хөдөлгөөнд хяналт тавих бодлого баримталж байна. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Ерөнхийлөгчөөр сонгогдвол Хятадын заналхийллийг арилгана гэж хэлж байсан бол үнэн хэрэгтээ тэрээр илүү прагматик чиглэлийг баримталсан. Энэхүү заналхийлэл нь ноцтой маргаантай үед цухас илэрдэг. 2016 оны сүүлээр Далай лам Монголд айлчилсны дараа Бээжин хөршийнхөө эсрэг эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ авч эхэлсэн. Монгол улс нэн даруй бууж өгч, Далай ламыг дахин айлчлахыг зөвшөөрөхгүй гэдгээ амласан. Хятад улс газарзүй болон эдийн засгаараа холбоотой хөршөө шахахын тулд геополитикийн бодлого баримтлаад байх шаардлагагүй. Монголын эрх баригчид (мөн Төв Ази даяараа) Хятадын сүүдэрт амьдарч сурсан байдаг.


ГУРАВДАГЧ ХӨРШ

АНУ өөр стратеги баримтлах хэрэгтэй: Монгол гэх мэт жижиг орнуудад сонголт өгөх жижиг алхмууд авах явдал юм. Монгол Хятад, Оросоос сална гэсэн ойлголт байхгүй гэдгийг АНУ ойлгож байгаа ба Вашингтон тус улстай идэвхтэй хамтран ажилласнаар (эдийн засгийн оролцоо төдийгүй боловсрол, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан) хоёр том хөрштэйгөө харьцах Монголын хөшүүргийг нэмэгдүүлэх юм. Үүний гол зорилго нь талцаж буй дэлхий дээр төвийг сахих байдлаа хадгалж чадах хүчирхэг ардчилалтай Монгол Улсыг оршин тогтноход нь туслах явдал юм. Худалдаа, хөрөнгө оруулалт нь энэ стратегийн чухал хэсэг байна. Монгол Улс АНУ-д санал болгох зүйл ч их бий. АНУ-ын удирдлагууд болон хувийн хэвшлийнхний сонирхлыг татсан зүйл бол Монголын ховор элемент, литийн баялаг ордууд болон нөөц бололцоо байгаа явдал ба АНУ Хятадаас нийлүүлэлтийн сүлжээгээ аль болох тусгаарлахыг оролдож байгаа энэ үед чухал ач холбогдолтой юм. Энэ чиглэлээр ахиц дэвшил удаашралтай байна. Өнгөрсөн 6 дугаар сард Монгол- Өмнөд Солонгос-АНУ гурван талт “ховор ашигт малтмалын асуудлаарх яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан. Энэ яриа хэлэлцээний үр дүнг хүлээх л үлдлээ. Л.Оюун-Эрдэнийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр мөн ховор газрын элементийн талаар ярилцсан; АНУ-ын удирдах албан тушаалтны хэлснээр Америкчууд Монголд туслах “бүтээлч арга” хайж байна. Энэ нь геологи хайгуулын ажилд техникийн туслалцаа үзүүлэх явдал юм гэж баталгаат эх сурвалжаас мэдээлсэн билээ. Гэвч Монголд ашигт малтмалын боловсруулалт хийхэд хүндрэлтэй байгаа, хамгийн чухал нь эдгээр стратегийн түүхий эдийг Хятад, Оросоор дамжуулахгүйгээр далайд гарцгүй орноос хэрхэн экспортлох талаар тодорхойгүй зэрэг АНУ-ын Монгол дахь хөрөнгө оруулалтад саад тотгор учруулсан бусад асуудлууд байсаар байна. 


Монгол Улсад даван туулах өөр нэг бэрхшээл байна. Тухайлбал, өөрийн нэр хүнд. Монгол Улс тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг урт хугацаанд татах боломж бүрдэнэ. Гэвч тус улс 2009 онд Канадын “Хан Ресурс” компанийн эзэмшиж байсан ураны ашиглалтын лицензийг цуцалсантай адил хөрөнгө оруулагчдыг хааяа “хөөдөг” гэдгээрээ алдартай. Монголын ураныг дагнан ашиглах сонирхолтой оросуудыг тайвшруулах зорилготой байсан гэх энэхүү шийдвэр нь Канадын компани болон Монголын төрийн хооронд олон жилийн турш олон улсын маргаан үүсгэсэн бөгөөд эцсийн дүндээ Монгол ялагдсан. Энэ оны эхээр Монгол Улсын шүүхээс Чехийн хөрөнгө оруулалтаар ураны хайгуул хийж байсан өөр нэг компанийн зөвшөөрлийг цуцалсан. Чехүүд хуулийн дагуу хариуцлага тооцуулна хэмээн мэдэгдээд байгаа. Энэ мэт хэргүүд нь Монголын баялгийг хулгайлах гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг зальтай харийнхан мэтээр дүрслэх нь ямар амархан байдгийг, мөн тэднийг буцаан урьж авчрах нь хичнээн хэцүү болдгийг харуулж байгаа юм. Монгол Улс гадаадын үндэстэн дамнасан компаниудыг татах, улмаар гуравдагч хөршийн бодлогын эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой бөгөөд хийх ч хэрэгтэй. Ялангуяа Монголын эрчим хүчний дэд бүтцэд тусламж нэн шаардлагатай байна. Энэтхэгийн компани Говийн Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Хэдийгээр энэ үйлдвэр Монгол Улс ОХУ-ын шатахууны импортын хараат байдлыг бүрэн арилгахгүй ч энэ чиглэлд томоохон хувь нэмэр болох юм. Монголын эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь тус улсад Оросын нөлөөг сулруулахад тустай. Салхи, нарны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх асар их нөөц бололцоо бий: ийм хөрөнгө оруулалт нь Оросуудын эрчим хүчний шантаажинд өртөмтгий байдлыг арилгах төдийгүй Монголыг Хятад руу цахилгаан эрчим хүч экспортлох чадавхыг нэмэгдүүлэхэд тусалж чадна. Энэ нь АНУ-ын удирдлагуудын хувьд сайн биш мэт санагдаж болох ч тэд Монголын геополитикийн байр суурийг ойлгохын тулд аль нэг талын ашиг хонжоо нөгөө талын  алдагдал болдог гэсэн сэтгэлгээнээсээ татгалзах ёстой. Мөн Хятадтай хамтын ажиллагаа хязгаарлах нь чухал гэдгийг АНУ ойлгож хүлээн зөвшөөрөн дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсад тусламж нэн шаардлагатай байгаа ба энэ салбар нь АНУ, Хятад хоёр хамтрах цөөхөн салбаруудын нэг хэвээр байгаа юм.

Эх сурвалж: https://www.foreignaffairs.com/mongolia/mongolias-search-third-way

Гантулга Түвшинзаяа,

Сергей Радченко




Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=