ДОРНОГОВИЙН ЗЭВСГИЙН НУУЦ АГУУЛАХ


БНМАУ-д ЗХУ-ын улаан армийн 300 мянган цэрэг дайчид офицерууд 1960-1989 он хүртэл байрлаж байсныг бид мэднэ. Гурван монгол хүнд 1 зөвлөлтийн цэрэг ноогдож байна гэхээр хатуухан үнэнийг хэлэхэд БНМАУ бол ЗХУ-ын цэргийн бааз нутаг байсан аж. Энд өгүүлэх зүйл бол улаан армийн гурван нууц ангийн нэгийг өгүүлэх болно. Уран, химийн зэвсгийн оросын анги нэгтгэл Дорнодын Мардайд байрлаж байлаа. Хоёр дахь нь бактерлогийн цэргийн анги нь Улаанбаатар хотоос 60 км зайд “Тахир Соёот”-д байрласан байна. Гаднаа зөвлөлтийн холбооны анги гэх авч үнэн хэрэг дээрээ “Тахир Соёот”-д байрлаж байсан цэргийн анги нэгтгэл бол хими, бактерологийн зэвсгийн салбар нэг байсныг Батлан хамгаалах яаманд ажиллаж явсан бэлтгэл хурандаа Г.Даваасүрэн бидэнд ярьж байлаа. Өнөөдөр “Тахир Соёот” ШШГЕГ-т шилжиж, Хорих-405 дугаар анги буюу “Гяндан” шорон байгаа. Гаднаас нь харахад 3 давхар жижигхэн саарал байшин боловч, доошоогоо 5 давхар нууц обьект байдгийг хорихын алба хаагчид, мөн гяндангийн аж ахуй дээр ажиллаж байсан жирийн дэглэмтэй ангийн хоригдлууд ярьдаг. Үүнийг ШШГЕГ болон Тагнуулынхан дахин судлахад “Тахир Соёот”-ын байрны дороос цөмийн зэвсэг, лаборитари ч гарч болох юм. Харин одоо гурав дахь нь Дорноговьд байдаг зэр зэвсгийн анги буюу агуулах гэнэ. Дорноговийн Сайншанд, Хатанбулаг, Зүүнбаянд Оросын гурван том дивиз байрлаж байсан. Тэдний нэг нь Сайншандын төвөөс холгүй орших зэвсгийн нууц агуулах байжээ. Говийн эзэнгүй талд маш нууцаар байгуулсан уг байгууламжийг ус гаргахаар худаг ухаж явсан хүмүүс анх илрүүлж, 1990 оны есдүгээр сарын 22-ны өдөр НАХЯ болон Батлан хамгаалах яаманд мэдэгдсэн байдаг. Тухайн үед Нийгмийг аюулаас хамгаалах яам татан буугдаад удаагүй байсан боловч уг яамны тусгай хэлтсийн ажилтнууд газар дээр нь очиж байдалтай танилцсан тухай генерал Ж.Баатарын ярилцлаганд цухас дурьдагддаг. Зэвсгийн нууц агуулах нь цөмийн зэвсгийн дайралтын үед ч ажрахааргүй битүү төмөр бетоноор үйлдсэн бөх бат тулгууртай Монголд огт баригдаж байгаагүй сүүлийн үеийн газар доорх нууц байгууламж байсан тул бүх хүний гайхашралыг баржээ. Соц нийгмийн үед Батлан хамгаалах яамны дээгүүр албаныхан, Тагнуулынхан мөн Сайншанд хотын Батлан хамгаалах хэлтсийн дарга хурандаа Ё.Цогт нар Ар Шандын тал дахь тэрхүү нууц агуулахыг мэдэхгүй байсан нь гайхалтай. Уг зэвсгийн агуулахын зоориноос 12 мянган АКМ буу, 8 мянган винтов, 200 пулемёт, 5000 хайрцаг сум, “БМП” загварын явган цэргийн байлдааны 11 машин, 12 тооны будаг нь ханхалсан “Т-75” танк тэр ч байтугай байлдааны “Миг-21” сөнөөгч онгоц гурав байсан гэх. Түүнээс гадна автомат төхөөрөмж бүхий пуужин удирдах төв станц, хамгийн сонирхолтой нь цөмийн пуужингийн хошуу цэнэг гарч ирсэн гэдэг. Иймээс зэвсгийн агуулахыг социализмын 1970 оны үед ЗХУ-ын цэргийнхэн нууцаар барьж байгуулаад 1990 онд Монголоос гарахдаа битүүмжилсэн хэвээр нь үлдээсэн байж болох юм гэсэн таамаг гаргажээ. Тухайн үед зэвсгийн агуулахыг тагнуулын газрын ажилтнууд, БХЯ-ны зэвсгийн шинжээчид хүлээж авсан гэдэг. Тэр үед манай хүчний байгууллагын удирдлагууд арай ч бүгдийг зоосны нүхээр хардаггүй байж. Яахав ийхэв гэж ярилцаад 1992 он хүртэл хамгаалалтанд авч нууц хэвээр хадгалжээ. УИХ-ын 1992 оны парламентын сонгуулиар П.Жасрай Ерөнхий сайд болсон бөгөөд тэрбээр “Ямар ч байсан эл зэвсгийг гадагш зарж борлуулж огт болохгүй. ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцинд мэдэгдье” гэсэн санал гаргаж, засгийн газрын гишүүд дэмжсэн гэдэг. Ийнхүү монголын засаг төр атгаж байсан сайд дарга нар жигтэйхэн шударга хүний дүрд тоглож ойролцоогоор 1.5-2 тэрбум америк долларт хүрэх зэр зэвсгийг ОХУ-ын талд хүлээлгэн өгчээ. Тэр үед ерөнхийлөгч Б.Ельцин, тухайн үеийн Батлан хамгаалахын сайд нар манай ерөнхий сайд П.Жасрайг “Сайн байна, шударга хандсанд талархая” гэж хүний урманд хэлээгүй гэдэг. Зүгээр л урдаас нь “Өө тийм үү!” гэж мэдэн будилсан дүр эсгээд өнгөрчээ. Батлан хамгаалах яам, Жанжин штабт томоохон алба хашиж явсан бэлтгэл хурандаа нарын яриагаар бол Дорноговь аймагт байрлаж байсан улаан армийн агуулах бол хоёр улсын гэрээний дагуу манай өмч хөрөнгө болох учиртай гэнэ. Гэтэл манай томчууд “Орос ах”-аас айв уу, эсвэл зэр зэвсэг нууцаар борлуулж, бохир мөнгө олохыг бодсонгүй юу гэдгийг таахад бэрх. Зах зээлийн хүнд үе, картын бараанд алалцаж байсан хэцүү бэрх цагт тэрхүү зэвсгийн агуулахыг Хятад болон Арабын улсад худалдсан бол V цахилгаан станц, 21 аймгаа холбосон хар зам, хэд хэдэн үйлдвэр барьж иргэдээ ажлын байраар хангах байжээ. Үгүй ядаж л бид тэрхүү зэвсгийн агуулахыг НҮБ-д тушаасан бол дор хаяж 1 тэрбум долларыг шагналд нь авах байсан гэнэ. Нэг үгээр П.Жасрай, БХ-ын сайд генерал Ш.Жадамбаа нар соц нийгмийн үеийн шударга, зарчимч зангаасаа болж 1 тэрбум доллараас татгалзсан түүх энэ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=