Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эдийн засаг болоод эрх зүйн байдлыг сайжруулах талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд сүүлийн 30-аад жилийн турш илүүтэй анхаарч ирсэн. Ийнхүү нэг хүйсийг хэт давамгайлж, асуудалд хандсанаар эрэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал болон эрхийг орхигдуулжээ. Саяхан хийсэн судалгааны дүнгээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байна. Гэтэл 10-20 жилийн өмнө эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс тийм ч хол зөрүүтэй байгаагүй 2-3 жилийн л зөрүүтэй байсан аж. Хэдийгээр орчин цагт эрүүл мэндийн дэвшилтэт үйлчилгээ, эмчилгээ хөгжиж байгаа боловч үүнийг түлхүү эмэгтэйчүүд хүртэж, эрүүл мэнддээ анхаарч, элдэв төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг нь судалгаанаас харагддаг. Харин эрэгтэйчүүд цаг тухай бүрт нь эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй. Үүнээсээ болоод өвчний үе шат нь хүндэрсэн, хожуу үедээ эрүүл мэндийн байгууллагад ханддаг нь маш том алдаа болж байгааг судалгаанд өгүүлсэн байна.
Мөн хамгийн харамсалтай нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын ялгаа маш өндөр гарчээ. Нийгмийн нэг төлөөлөл болгож, боловсролын асуудалд хамгийн ялгаатай ханддаг малчин өрхүүдийн дунд “Та эрэгтэй, эмэгтэй хүүхдийнхээ алийг нь их, дээд сургуульд сургаж, хэнийг малчин болгох талаар асууж,судалгаа явуулахад дийлэнх нь эмэгтэй хүүхдээ их, дээд сургуульд сургаж, эрэгтэй хүүхдээ өв залгамжлах гэдэг агуулгаар малчин болгоно” хэмээн олонхи нь хариулсан байдаг. Энэ бүхний үр дүнд хөдөө орон нутагт залуу малчдын халаа багасч байна. Мөн хот суурин газар боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд эргээд орон нутагтаа очиж суурьшихгүй байгаагаас хүйсийн тэнцвэрт байдал, хөдөө орон нутагт гэр бүл төлөвлөлт алдагдаж байна. Тиймээс төр засгийн зүгээс бодлогоо чиглүүлэх, хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучуудаа дэмжих чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 100 мянга гаруй өрх толгойлсон эцэг, эх бий. Үүний 70-75 мянга нь эмэгтэй, 20 мянга орчим эрэгтэй байна. Мөн 18 нас хүртэлх хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх 40 орчим мянга байна. Үүнээс зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч өрх толгойлон амьдардаг нь тодорхой харагдаж байгаа байх. Өрх толгойлсон гэр бүл үүсэхэд гол буруутан нь эрэгтэйчүүд байдаг гэх ойлголт нийгэмд давамгайлдаг. Гэтэл тухайн өрхийн салалтын учир шалтгаан юу байсан талаар нарийвчилж харах ёстой. Энэ бүхэн эргээд гэр бүл төлөвлөлт, гэр бүл зохиосон хүмүүсийн үүрэг хариуцлага юу байдаг талаар ойлголт төдийлөн суугаагүй, сэтгэл хөдлөлөөрөө гэр бүл үүсгэдэг зэрэгтэй холбоотой байна. Гэр бүл салалтын үр дүнд эцсийн эцэст хүүхэд л хохирогч болдог. Тиймээс аль аль тал нь хариуцлагатай байх, гэр бүл үүсгэсэн бол нийгмийн өмнө болоод үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагын талаар залуу гэр бүлүүдэд сайтар ойлгуулах шаардлагатай байна. Хамгийн эмзэглэм мэдээ нь жилд хорт хавдар болон өвчин, ослоор амиа алдаж буй нийт хүмүүсийн 75 хувь нь эрчүүд байдаг төдийгүй жилд 400 эрчүүд амиа хорлож нас бардаг аж. Энэ үзүүлэлтээрээ манай улс БНСУ-ын дараа ордог байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.