ХЯТАДУУД АЛМАС СУДЛАЛД АСАР ИХ ХӨРӨНГӨ ХАЯЖ БАЙНА



Хятадын Засгийн газар, Бээжингийн Шинжлэх ух­ааны хүрээлэнгээс амьд алмас, цасны хүнийг барьсан хүнд 50 мянган америк доллар өгөхөөр болжээ. Энэ үйлсэд зориулсан тусгай сангаас ийм их хэмжээний шагнал өгөх шийдвэр гарсан гэнэ. Харин алмасын арьс, араг яс, тусдаа ясууд, түүний өндөр чанартай гэрэл зургууд видео бичлэгүүд өгсөн хүнд 6000 доллар олгохоор болсон байна. Ядаж алмасын баасыг олж чадвал мөн 1000 доллараар шагнах аж. Алмас, буюу цасны хүнийг хятадад Нерен гэж нэрлэдэг. Хятадын аман зохиолд аль эртнээс нерен бол хүнтэй адил төстэй аварга том бие хаатай, үсэрхэг амьтдын тухай дурьдсан байдаг. Бараг 2000 жилийн өмнө Хятадын сайд, яруу найрагч Кью Юань өөрийн зохиолдоо “Ууланд асар том биетэй, хүн иддэг хүн дүрстэй амьтад байдаг” гэж бичжээ. Юаниас хэдэн зуун жилийн дараа түүхч Ли Яншу Хятадын Хэбэй мужийн ойд “Бүх биеэрээ үстэй, том биетэй цасны хүмүүс амьдардаг” гэж түүхэн баримт бичигт үлдээжээ. ХIХ зуунд яруу найрагч Юан Мей алмасын талаар бичихдээ “Шаньси мужид миний бие сармагчин шиг мөртлөө хүн шиг явдаг том биетэй амьтдыг харсан. Гэхдээ тэд нар сармагчин биш байсан” хэмээжээ. ХХ зуунд үүнээс ч сонирхолтой явдлыг оросын профессор Б.Поржиев өөрийн номондоо тэмдэглэн үлдээсэн байна. Оросын эрдэмтэн Н.Байков 1914 онд Хятадын өмнөд Манжуур нутгийн ойд Фү Цай гэгч анчны гэр очиход нэгэн үсэрхэг, цасны хүн мэт амьтныг харжээ. Фү Цай түүнийг Ла Жень гэдэг нэртэй гэсэн ч тэр амьтан ярьж чадахгүй, өөрийн эзэндээ амьтдыг шувуудыг урхинд оруулж агнахад нь тусалж байхыг нүдээрээ харжээ. Н.Байков түүний тухай “Тэр амьтан зууралдсан өтгөн бор үстэй, сагсайсан толгой дахь үс нь бараг малгай шиг харагдаж байлаа. Түүний хүрэн улаан нүүр нь араатных мэт харагдах нь дандаа ангайсан том аман дотор том соёотой шүднүүд гялалзаж байсантай шууд холбоотой” гэж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд Хятадад алмасыг харсан үзсэн хүмүүс цөөнгүй байсан нь энэхүү өндөр шагналыг амлахад түлхэц болсон аж. 1957 оны тавдугаар сарын 23-ны өдөр Хятадын Чжэнзян мужийн Жуакснян тосгоны хажууд маш чухал үйл явдал болсон байна. Энэ бол тэнд хүн ч биш хачин амьтныг нэг анчин буудан хөнөөсөн явдал байлаа. Тус тосгоны сургуулийн багш Шу Сонь үүнийг сонсоод тийшээ гүйж очоод алмасыг хараад их гайхаж энэ тухай эрдэмтдэд захиа бичжээ. Захиандаа “Манай тосгонд нерен олдлоо. Та бүхэн ирж түүнийг судалж өгөөч” гэсэн хүсэлт илгээжээ. Гэтэл Шу Сонийг феодалын үеийн сүсэг бишрэлтэй зүйл ярьж байна гээд соёлын хувьсгалын улаан хамгаалагчид золтой хэлмэгдүүлчихсэнгүй. Хар­ин тосгоны багш өнөөх алмасын гарын сарвуу, хөлийн тавхайг огтолж аваад хатаагаад хадгалжээ. Үүнээс гучин жилийн дараа буюу 1981 онд Шу Сонь багш Бээжинд очоод эрдэмтэн профессор нартай биечлэн уулзаж, олон жил хадгалж явсан дээрх сарвуу, тавхайнуудаа өгчээ. Эрдэмтэд тэрхүү амьтны сарвуу, тавхайг судлаад “Энэ бол шинжлэх ухаанд огт мэдэгдээгүй хачин амьтны эд эрхтэн байна” гэсэн дүгнэлт хийж, тогтоосон байдаг. Тиймээс аль 1957 онд Хятадын эрдэмтэд тосгоны багшийн саналыг хүлээн авч, газар дээр нь очиж алмасыг судалсан бол тавин жилийн өмнө дэлхийн шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй алмасыг хөдөлшгүй баримтаар тогтоох байсан нь ойлгомжтой.

Алмастай таарсан дуулиант явдлууд

Хэбэй мужийн Чуньхуа тосгоны хажууд 1976 оны тавдугаар сард сартай шөнө тэндхийн намын хорооны дарга Рен Каньши өөр таван хүнтэй машинаар намын хурал тарсны дараа явж байхад гэнэт зам дээр зогсч байгаа хачин том биетэй хүн дүрст амьтныг олж харжээ. Цасны хүн л ийм байдаг байх гэмээр тэр амьтан бүх биеэрээ үстэй, толгойны үс нь улаан өнгөтэй, хөл гар нь хүнээс харьцангуй урт чацархаг харагджээ. Хүмүүс машинаасаа гараад түүн рүү ойртон очтол тэр амьтад хол хол харайн зугтжээ. Алмас мөн гэдгийг нь хүмүүс нэгэн дуугаар батлаж, цасны хүн сүргийн араас хөөгөөд гүйцээгүй гэнэ. Маргааш нь намын хорооны дарга Рен Каньши тэргүүтэй хүмүүс Хятадын Шинжлэх ухааны академид бичгээр цасны хүн харсан зүйлээ явуулж, жинхэнэ домогт “үсэрхэг цасны хүн, жинхэнэ алмас”-ыг харсан гэдгээ Хятадын Коммунист намын батлахаа харуулан батлажээ. 1977 оны аравдугаар сард 33 настай тариачин эр Панг Енсенг санаандгүй эрдэмтэдтэй уулзаад алмастай тааралдсан тухайгаа ярьжээ. Тэрбээр алмасын талаар хэлэхдээ “Энэ бол эрэгтэй амьтан байлаа. Хоёр метрээс илүү өргөн мөртэй, жижиг духтай, гялалзсан дугираг хөнхөр хар нүдтэй, сартгар гялгар хамар, хонхойсон хацар, чих нь хүнийхээс нэлээн том. Бас өргөн урт эрүүтэй, даравгар уруултай урд шүднүүд нь адууных шиг том. Толгойных нь үс хар хүрэн, тавиад см урт, мөрөн дээр нь унжсан хар үс байлаа. Ер нь хамар чихнээс өөр нүүр царай нь бусад бие нь богино үстэй, гар нь өвдөгнөөс дор хүрч байлаа. Гарын сарвуу нэлээд том өргөн, хуруу нь 14 см урт, сүүлгүй амьтан байсан. Хөл нь өвдөгнөөсөө доош ташаанаас богино, тавхай нь уртаашаа 33 см, өргөнөөрөө бараг 15 см орчим. Өлмийн урдуураа илүү зузаан харагдана, хөлийн хумс нь мөлчгөр, төвгөр бус байлаа” гэж тодорхойлсон байдаг. Хэбэй мужид 1993 оны намар усан цахилгаан станц барихаар автобусаар явж байсан инженерүүд уулын зам дээр гурван үсэрхэг хүн шиг асар том амьтныг гэнэт харжээ. Автобус зогсч, зарим хүмүүс бууж тэдгээр хачин амьтад руу ойртоход алмасууд ой руу орчихжээ. Тэр инженерүүд энэ тухай эрдэмтдэд тодорхой мэдэгдэж, алмас байдаг гэдэгт итгэдэг эрдэмтэн, судлаачдын тоо эрс нэмэгджээ.

Алмасыг харсан сүүлчийн тохиолдол

Энэ бол ХХI зуунд алмасыг харсан анхны явдал энэ байлаа. Сэтгүүлч Зян Женгмин цасны хүнийг олж харсан гэх Мио тосгоны оршин суугчидтай уулзахаар очжээ. Тэрбээр Мио хотод очоод алмас байдаг гэх өндөр ууланд гарсан байна. Гэвч цасны хүн харагдсангүй. Хоёр хоногийн дараа уулнаас бууж байхад сэтгүүлч Зян Женгмин таван хүний хамт мөнөөх алмасыг санамсаргүй олж харсан байна. “Энэ бол шөнө болсон явдал. Гэнэт зам дээр замын хажуу дахь ойгоос нэг хачин амьтан гараад ирэх нь тэр. Өндөр нь хоёр метр орчим, арьс нь бор улаан өнгөтэй, бүх биеийн үс нь урт сагсгар байлаа. Би түүнд ойртох гэж хурдаа нэмсэн боловч тэр ой руу гүйгээд орчихсон” хэмээжээ. Ер нь Хятадаас 1970-1990 онд алмасыг эрж олохоор хэд хэдэн эрдэм шинжилгээний анги байгуулжээ. Нэг удаа эрдэмтэд мод шүргэж байгаа хүн мэт үсэрхэг амьтныг холоос ажиглав. Гэвч цаадах нь зугтаж, арьсны хэсэг, хөлийн мөр нь л үлджээ. Энэ бол урьд өмнө нь Хятадад байсан амьтных биш гэдэг нь тогтоогдсон юм. Түүний мөрийг нь шинжлэхэд хүнээс хавьгүй том байсан бөгөөд хуруунууд нь ялимгүй урт байжээ.  Саяхан интернетэд “Хятадад алмас баригдлаа” нэртэй мэдээлэл гарах болсон. Домгоор хүн байж байгаад баавгай болсон гэх амьтныг Сычуань мужид өнгөрсөн 2014 онд барьжээ. “The Daily Telegraph” сонин хачин амьтныг олсон нэгэн анчны ярианаас энэ тухай бичсэн байлаа. Тэр нутгийн биологичид амьтныг Бээжинд үсэрхэг хүрэн амьтны цогцсыг илгээн судлуулахаар болсон гэнэ. Анчны яриагаар тэр амьтан нь баавгайг санагдуулахаар, гэхдээ үсгүй, харин “кенгуру” шиг сүүлтэй ажээ. Муур шиг дуу гаргадаг тухай тосгоны хүмүүс батлан ярьсан байна.Өдгөө Хятадад алмасыг олох ажлыг Хэбэй, Шаньси, Сычуань мужуудын ойд хайж байгаа бөгөөд ялангуяа Хэбэй дэх Шэньнунцзя үндэсний эрдэмтэд нэлээд найдвар тавьж байгаа юм байна. Учир нь энд сүүлийн хэдэн арван жилийн дотор хүмүүс 360 удаа алмастай тааралдсан. Түүгээр ч барахгүй алмасыг биеэр нь харснаас гадна мөрийг нь олж баталгаажуулсан тохиолдол бусад мужтай харьцуулахад Хэбэй мужид харьцангуй олон бүртгэгджээ.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=